Тиймээс бид сониныхоо шинэ дугаарын хөндөх сэдвээр гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал, шалтгааныг эрэн сурвалжилж, аймгийн Цагдаагийн газраас албан ёсны тоон баримтууд болон хариулт авсан юм.
Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар 369 холбогдогчтой 393 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноосоо 41 хэргээр буюу 11,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг ангиллаар нь авч үзвэл 157 буюу 39,9 хувийг хөнгөн, 198 буюу 50,3 хувийг хүндэвтэр, 22 буюу 5,5 хувийг хүнд, 16 буюу 4,0 хувийг онц хүнд хэрэг эзэлж байгаа ба хөнгөн хэргийн илрүүлэлт 32,1 хувьтай байгаа нь өнгөрсөн мөн үеэс 6,2 хувиар , хүндэвтэр гэмт хэргийн илрүүлэлт 48,7 хувьтай байгаа нь 7,5 хувиар тус тус өссөн, хүнд хэргийн илрүүлэлт 16,7 онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 100 хувьтай байна хэмээн Цагдаагийн газраас мэдээллээ.
Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн 393 хэргийн 10 нь буюу 2.5 хувь нь бусдыг санаатай алах, 118 буюу 30 хувь нь бусдын бие махбодид гэмтэл учруулах, 9 буюу 2.2 хувь нь хүчиндэх, 121 буюу 30.7 хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, үүний дотор 46 нь буюу 11.7 хувь нь малын хулгай, 1.2 хувь нь дээрэмдэх, 1,4 хувь нь залилан мэхлэх, 3.8 хувь нь танхайрах, 12.4 хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, 3.3 хувь нь байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа аж.
Амиа егүүтгэсэн гэх хэрэг 2010 онд 49 удаа бүртгэгдэж байсан бол 2011 оны одоогийн байдлаар 74 хэрэг болж, 25 хэргээр буюу 51,6 хувиар өсчээ.
2011 оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн осол гэмтлээр 49 хэрэг, 91 осол нийт 140 осол хэрэг бүртгэгдэж, үүнээс 12 хүн нас барж, 29 хүн гэмтжээ. Осол гарах гол шалтгаанууд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох, жолоочийн хариуцлага муу анхаарал болгоомж сул, замын нөхцөлд хурдыг тохируулдаггүй, халтиргаатай болон засвартай замд анхаарал болгоомжгүй зорчдог, зорчигч тээвэрлэх болон ачаа тээвэрлэх журам зөрчдөг, даац норм хэтрүүлдэг, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангадаггүй зэргээс гарч байгаа гэнэ.
Замын цагдаагийн тасгаас энэ оны 11 сар хүртэлх хугацаанд “Халтиргаа” “Сар шинэ” “Цэрэг татлага” “Согтуу-1,2” “Хамгаалах бүс” “Хамгаалах малгай” “Зорчигч тээвэр” “Явган зорчигч” “Хот хоорондын хяналт шалгалт” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион явуулж ажилласан бөгөөд 8455 тээврийн хэрэгсэл шалгаж, зөрчилтэй нь холбогдуулан 3686 тээврийн хэрэгслийг түр саатуулж ,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 380 жолоочийг илрүүлэн жолоодох эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаагаар хасах арга хэмжээ тооцон, зөрчил гаргасан 4622 хүнд 25990000 мянган төгрөгийн торгууль ноогдуулсан байна.
Мөн Өвөрхангай аймагт жолооч бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг жолооны есөн сургалтын газарт аттестатчилал явуулан, сургалтын чанар орчны үйл ажиллагаанд газрын даргын нэрэмжит шалгалт хийсэн ба долоон курсийг аттестатчилж, хоёр курсийг сургалтын чанар материаллаг бааз хангалтгүй гэж үзэн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлээд байгаа юм.
Аймгийн Цагдаагийн Газраас Мянганы сорилтын сангийн “Эрүүл мэндийн төсөл”-ийн хүрээнд “Хурд осол-Ухаалаг хөдөлгөөн “15000 мянган долларын төсөл хэрэгжүүлж байгаа аж.
Аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд ирсэн түргэн тусламжийн дуудлагаас үзэхэд энэ он гарсаар зам тээврийн ослын 77, гудамжны ослын 51, амиа хорлосон гэх гурван дуудлага иржээ. Үүнээс эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан 13 иргэн байна. 2010 онд тус эмнэлэгт бусдад хорлогдсон гэх 43, амиа хорлосон тав, зам тээврийн болон гудамжны осол гэмтлээр 85 дуудлага тус тус ирж байжээ. Тус төвийн Мэс засал, гэмтлийн тасгийн их эмчээс авсан мэдээллээр гэмтэж бэртээд ирсэн тохиолдлын 70 хувь нь авто ослоос, 30 хувь нь гадны нөлөөтэй байх бөгөөд ихэвчлэн архидан согтуурсаны улмаас тархины хүнд гэмтэл авч ирдэг гэлээ. Хамгийн сүүлийн байдлаар буюу арваннэгдүгээр сард өөрөө согтуу явсаны улмаас бусдад эд зүйлээ дээрэмдүүлэхийн зэрэгцээ биедээ мэсний хүнд гэмтэл авсан хүн хүргэгдэж ирээд эмчлүүлж байлаа.
2011 он гарсаар Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн хэрэг зөрчил, гэмтлийн баримт мэдээллийг сөхөхөд ийм байна. Гэвч энэ нь хууль хяналт, эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн тоон баримт болохоос нуун дарагдуулаад өнгөрсөн хэргүүд ч бас бий гэвэл нэг их буруудахгүй. Ялангуяа ЕБС-ийн орчинд “киноноос сэдэвлэн” нэгнээ дээрэмдэн тоносон, бүлэглэн зодсон гэх дарамт, шахалтууд асар их. Тэр болгоны араас хөөцөлдөөд яваад байх “хэл амтай” эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч байхгүй болохоор хохирогч хүүхдүүдийн хохь болоод л өнгөрдөг нь нууц биш. Байсхийгээд л хяналт шалгалт хийж хаалга үүдийг нь барьлаа гэгддэг ч хэзээний онгойчихсон л үйл ажиллагаагаа хэвийн явуулаад байж байдаг PC тоглоомын газруудад дээрхи зөрчил байнга шахам явагддаг.
Тэр ч байтугай гудамжинд явахдаа үеийнхээ хэн нэгнийг муухай харлаа гээд үсдэж зодох, нүүр амыг нь самардах, хувцас хунарыг нь урах “араншин” охидуудын дунд “мода” болон дэлгэрч байгааг нуух юун. Цагаан сүү шигээ сэтгэлтэй байх ёстой охид, бүсгүйчүүд эрчүүдээсээ ч дор санаанд оромгүй хэрцгий хэргүүд үйлдэж байгаа нь ёстой л Бурхан шашны номлолоор цөвүүн цаг ирсэн гэдэг нь үнэн бололтой. Хоолойн чадлаар орилолдох, нэгнээ “гөлөг, нохой”-оор дуудан доромжлох, үс гэзгээ сэгсэлзүүлэн согтуу найгах ирээдүйн “ээж”-үүдийг Та зөндөө л харж, сонсоо байлгүй.
Энэ ч бага хэрэг. Хаваржингаа аймгийн Засаг даргын нэрийг барьж шагнал урамшуулал олгох нэрээр төрийн албан хаагчдыг залилан цалингийх нь талыг аваад явчихдаг цуутай мэхлэгч бүсгүй байсан нь өнөө ч “ажлаа” үргэлжлүүлсээр ОУБ-ын нэрээр албан газар, бизнес эрхлэгчдийг “молиго үмхүүлж” өч төчнөөн мянган төгрөг авчихаад байгааг танд сэрэмжлүүлэн дуулгая.
Өглөөний нар хичнээн сайхнаар мандан хөөрлөө ч энэ орчлонгоос бид сайхныг, зөөлнийг, эерэгийг харах боломж улам хомс болсоор байх мэт. Өглөө инээгээд ажилдаа явсан хүн орой инээсээр орж ирнэ гэх баталгаа бидэнд байхгүй. Бурхан, чөтгөр хоёрын “хошин жүжиг” болсон хүмүүн бидний амьдрал юутай эмгэнэлтэй орчин нөхцөлд хөвөрнөм бэ?
Сүүлийн жилүүдэд гэмт явдал эрчимтэй хэрнээ хөгжингүй болж, нийгмийн хор аюул нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээртэй тэмцэх нэгэн хэвийн арга, хэрэгсэл үр дүнд хүрэхээ нэгэнт байж, шинжлэх ухааны болон нийгмийн бусад салбаруудын мэдлэг, хамтын ажиллагаа илүү ихээр шаардагдах болсныг эрүүгийн хэргүүдээс харж болно.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцлийг тогтоохдоо та бид ажилгүйдэл, ядуурал, архидалт, нийгмийн доройтол гэсэн өнөө л “уламжлалт” нөхцлүүдээ ямар ч судалгаа хийлгүйгээр хэлдэг. Гэтэл үүний цаана “даврах” гэсэн бас нэгэн хандлага ихээхэн нөлөөлж байгаа биш үү?
Хууль нь зөөлөн, хараа хяналт нь сул, хээл хахуульд автсан энэ цаг үед ямар ч ноцтой гэмт хэрэг өдүүлээд ял шийтгэлгүй мултарчихаж болох “хуулийн цоорхой” байгааг хэрэгтнүүд маниас ч илүү мэдэх биз ээ!
Гэмт хэргийн гаралт, шалтгааныг судлан сурвалжилж буй “Хөндөх сэдэв” буландаа нэгэн эмэгтэйтэй уулзаж ярилцсанаа нийтэлж байна. Аймаг, сумын удирдлага, хууль хяналтын байгууллагынхан “том том” ажил ярьж, тэрийгээ л хөөцөлдөж, гадаад дотоодыг хэсүүчлэн явах хооронд сургуулийн сурагчид “эцэггүй хүүхдийн толгой том” гэдэг шиг авирлаж, хүмүүжлийн хэт доголдолд орж байна. Түрүүчээсээ “чих халууцуулах” хэрэг төвөгт орооцолдож аймаг, орон нутгийн нэр нүүрийг “өндөрт мандуулах” шахаад байгааг эрхэм дарга нар мэдэж байгаа болов уу?
-Танд тохиолдсон золгүй явдалд гүн эмгэнэл илэрхийлье. Та болсон явдлын тухай ярихгүй юу?
-Өнгөрсөн 10 сарын 8-ны өдөр болсон хэрэг л дээ. Оройн 18 цагийн үед намайг ажил дээрээ байхад манайд суудаг охин утасдаад “Цэцээ эгчээ! Ах нэг л сонин болчихсон байна. Дуудсан чинь хөдлөхгүй юм” гэж хэлсэн. Тэгээд би сандарч бачимдан, такси бариад иртэл хүү маань тоононы чагтаганаасаа дүүжилчихсэн байсан. Түргэн тусламж таван минутын дотор ирээд үзсэн ч хэдийн өнгөрчихсөн байсан. Цагдаа дуудаж, үзлэг шинжилгээ хийгээд өөрийгөө хорлосон гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.
-Та хамгийн сүүлд хүүтэйгээ хэдэн цагт холбоо барьсан бэ?
-Би өглөө хүү рүүгээ 5000 нэгж шилжүүлсэн байсан юм. Тэгээд өдөр 3 цаг хүртэл хоорондоо холбоотой л байсан. Хагас сайн өдөр байсан болохоор “Ээж ээ! Би гэрээ цэвэрлэчихлээ. Хувцас хунараа угаачихлаа. Орой ямар хоол хийх вэ?” гээд хэд хэдэн удаа утсаар ярьсан. Хамгийн сүүлд 3 хагас болж байхад ярихдаа хоёр дүүгээ гараад явчихсан. Гэртээ ганцаараа байна гэж байсан юм. /Хоолой нь үе үе зангирч байсан ч уйлахгүйг хичээж байлаа./
-Өөр ямар нэгэн хүн танайд ирсэн, хүүтэй тань уулзсан тухай мэдээлэл байв уу?
-Хуучин ангийнх нь хоёр банди ирсэн гэж манай бага хүүхэд хэлж байсан. Хүү маань 4 дүгээр сургуульд сурч байгаад ангийнаа хоёр хүүхдийг байнга дарамталдаг, мөнгө нэхдэг тухай өдөр болгон л хэлж, “Ээж ээ, би энэ сургуульд сурмааргүй байна. Шилжмээр байна” гээд байсан учраас би ангиас нь гаргаж МСҮТ-ийн барилга инженерийн ангид оруулсан юм. Тэгсэн ч гэсэн хуучин ангийнх нь тэр хоёр хүү үе үе уулзаж дарамталсаар л байсан. Тэр өдөр бас холбоо барих гэж утасдаж, мессеж бичиж, гэрт хүртэл ирсэн байсан. Мөнгө л нэхэж дарамтлаад байсан юм билээ. “Чи мөнгө өгөхгүй бол хохь чинь шүү” гэх зэргээр дарамталсан мессеж ирсэн байсныг цагдаа нар бүртгэж авсан. Тэр хүүхдүүд өдөр ирээд уулзсаныг бага хүү маань гэрээс гарахынхаа өмнө харсан гэдгээ хэлсэн. Тэгсэн байхад нотлох баримтгүй, гэрчгүй гээд Цагдаа нар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг нь бол мөнгө нэхэж дарамталсан гурван мессеж байсан юм. Миний хүү бол өөрийгөө хорлох хүүхэд биш. Тийм шалтаг ч байгаагүй. Тийм шинж тэмдэг ч өмнө нь илрээгүй. Хичээл сурлагандаа сайн, томоотой, хүүхдүүдтэй эвсэг, надад их тус нэмэртэй их л сайн хүү байсан юм даа. МСҮТ-ийн ангийн багш, ангийн хүүхдүүд нь ирж уулзсан. Бүгд гайхаад “Хичээл сурлагандаа сайн. Инээд алдсан хүүхэд байсан. Амиа хорлох хүүхэд биш дээ. Ямар сонин юм. ” гэцгээж байсан.
-Тэр мессеж бичсэн хүүхдүүдийг Цагдаагийн газарт дуудаж уулзсан уу?
-/Хүүхдүүдийн нэрийг хэлэв/ … хоёр бол бүр 7-р ангиас нь л элдвээр дарамталдаг байсан. Би тэр хүүхдүүдтэй уулзаж загнаж, аргадаж, бүр зодож ч байсан. Эгчид нь ч хэлж “Дахиж миний хүүг дарамталвал цагдаад мэдүүлнэ шүү” гэж хэлж байсан. Тэглээ гээд дарамтлахаа ерөөсөө болиогүй. Харин ч ээждээ ховлолоо гэж арваад хүүхдүүдтэй нийлж зодсон байгаа юм. Их муухай зэрлэг хүмүүжилгүй хүүхдүүд.
Миний хүү “Ээжээ, би энэ хоёрт зодуулна гэж байхгүй л дээ. Хамгийн гол нь эд нар чинь танил тал сайтай. Найз нөхдүүд олон. Тэд нар нь аймаар зэрлэг хүүхдүүд байдаг юм. Тэгэхээр эдэнтэй зодолдоод дэмий. Та ч битгий загна” гэдэг байсан. Тэгээд л эвийн аргаар зохицуулах гэж нэхсэн мөнгө төгрөг, нэгжийг нь өгөөд байхаар бүр давраад өдөр бүр л мөнгө нэхэж дарамталдаг байсан юм байна лээ. Хүү маань надаас нуугаад хэлдэггүй байсан бололтой.
Тэр өдөр Б… нь “Хот явах гэж байна. Мөнгө олж өг” гэж утсаар ярьж, өөрөө ч ирж дарамталсан байсан. Цагдаад мэдүүлэхдээ “Мемори карт зараад мөнгийг нь нэхсэн” гэж хэлсэн байсан. Миний хүүд тэднээс мемори авах шаардлага байгаагүй. Өөрийнх нь утас, миний утас бүгд мемори карттай. Гэрт дахиад ч нэг мемори бий.
Тэдний мэдүүлэг нь ч гэсэн зөрөөд байгаа байхгүй юу. Ер нь бол тэр хоёр хүүхэд юу гэж хэлэхээ урьдчилаад тохирчихсон байсан нь мэдүүлгээс илт байсан ч зохиосон яриа заавал л нэг алдаа гаргана шүү дээ. “Э… нь утсаар ярьсан ирээгүй, Б… нь ирж уулзсан” гэдгийг манай бага хүү гэрчлээд байхад тэр хоёрын мэдүүлэгт Б… нь “Намайг уулзах гээд очиход Э…тэй цуг байсан” гэж хэлсэн байна лээ.
Мөрдөөд цагдаад үзэхэд хэргийн ул мөр гарах л байсан. Гэвч цагдаа нар шамдаагүй ээ. Миний хүүгийн хэрэгт маш хайнга, хөндий хандсан. “Тухайн үед боосон уяаг нь харсан бол гадны нөлөөтэй эсэхийг тодруулж болох байсан юм. Та өөрөө уяаг нь тайлчихаж” гэж хэлсэн. Би тайлалгүй яахав дээ. Яахаа ч мэдэхгүй сандарч “Амьд байгаасай” гэсэндээ бушуухан л уяанаас нь салгаж хэвтүүлсэн. Тэр нь буруудсан юм шиг байна лээ. Гэхдээ уяа нь тийм байсан гэж хэлэхэд “ гадны нөлөө байж магадгүй л юм байна” гээд байсан. Бас тэр хүүхдүүдийг ч удаа дараа хэрэг төвөг тарьсан, манайд бүртгэлтэй байдаг хүүхдүүд гэж байна лээ. Тэгсэн мөртлөө хэргийг шууд хаасан. Над шиг ядарсан эмэгтэй хуулийн газраар яваад барахгүй юм билээ. Цагдаагийн газарт бол би их гомдолтой байгаа.
Дөнгөж 15 хүрч байгаа хүүхэд ш дээ. Их л харамсалтай санагдаж байна. Тоононоос дүүжилчихсэн байхдаа хөл нь газар хүрээд өвдөг нь нугарчихсан байгаа юм. Тийм нөхцөлтэйгээр өөрийгөө боож чадах уу даа. Өөрөө их өндөр хүүхэд л дээ. 170 гаруй см өндөр хүүхэд байсан.
-Гомдлоо илэрхийлж өргөдөл өгөөгүй юу?
-Тухайн үед сэтгэл санаа үймэрч, яахаа ч мэдэхгүй байлаа. Бага хүүтэйгээ хоёулханаа үлдсэн болохоор надад явж хөөцөлдөх боломж байгаагүй.
-Тэр хүүхдүүд болон эцэг эхүүд нь таньтай ирж уулзсан уу?
-Эцэг эхүүд нь ирж уулзаагүй ээ. Э… нь ирж уулзсан. “Би алаагүй шүү, эгчээ. Би эзнийг нь олж өгнөө” гэчихээд гараад явсан.
-Гэр орондоо сэтгэл санааны байдал ямар байсан юм бол?
-Ямарч асуудал байгаагүй. Бид гуравтай цуг хамаатны нэг охин суудаг байсан. Дөрвүүлээ боломжийнхоо хэрээр л хангалуун, амар тайван амьдарч байсан. Миний өөдөөс маргалдах, сөргөлдөх муухай ааш хүүд минь байдаггүй байсан.
-Таны гэр бүлийн хүн жилийн өмнө хүний гарт амь үрэгдсэн гэж сонссон?
-Хөдөө явж байгаад хүний гарт амь үрэгдсэн. Тэр хүн нь 20 жилийн ял аваад явсан ч надад нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй. Би эдийн засаг, сэтгэл санаа, амьдрал ахуй бүх зүйлээрээ хохироод л үлдсэн. Энэ хүүгийнхээ хэрэг дээр ч мөн ижил хохироод л үлдэж байна. Одоо энд яаж амьдрах вэ дээ. Аав маань хотод байдаг. Аавыгаа бараадаад хотод амьдарч байгаа.
-Та ажил хийдэг үү? Амьдралын нөхцөл боломж хэр байна вэ?
-Нөхөр маань амь үрэгдсэнээс хойш хоёр хүүхдийнхээ төлөө л амьдрах гэж зүтгэж явлаа. Хөдөө хэдэн малтай, би өөрөө Батбаян-хангай-д худалдагч хийж байсан юм. Эцэст нь хадмуудаасаа ч буруутгасан үг сонсож, элдвээр хэлүүлсэн.
-Өөрт тохиолдсон асуудал дээр тулгуурлаад та хүмүүст сэрэмжлүүлэг хүргэхгүй юу?
-Үр хүүхдээ байнга анхаарч, харьцаж, ямар хүүхдүүдтэй үерхэж нөхөрлөж байгаад нь анхаарал тавьж байх хэрэгтэй юм гэдгийг хэлмээр байна. Бас өөрсдийнхөө хүүхдүүдийг ч таньж баймаар байна. Хүүхэд чинь ямар ёс суртахуун, хүмүүжилтэй өсөж байна вэ гэдгийг мэдэрч өөрсдийн гарараа хүүмүүжүүлэх нь чухал. Хүүхдээ хүн зодсоныг мэдэнгүүт өөрөө очоод зодчихдог, эргээд хүүхэд нь нөгөө хүүхдээ улам дарамталж зовоодог байдал улам нэмэгдэж байна шүү.
Эх сурвалж: “Таны элч” сонин Б.Батчимэг