Дөрвөн дүүрэг, дөрвөн аймагт газар хөдлөлт мэдрэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Дөрвөн дүүрэг, дөрвөн аймагт газар хөдлөлт мэдрэгджээ

Голомт нь ОХУ-ын Тувагийн нийслэл Кызиль хотоос зүүн тийш 95 км-т Улаанбаатар хотын цагаар өчигдөр шөнийн  23:21:55 цагт /Газарзүйн байрлал: Ө-51078/00//, У-96083/00/// 6.71 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон нь Увс аймгийн Улаангом, Наранбулаг, Цагаанхайрхан, Зүүнговь, Тэс сум, Завхан аймгийн Улиастай, Түдэвтэй, Сант-Маргад, Их-Уул, Сонгино, Эрдэнэхайрхан, Баян тэс, Завханмандал гэсэн  найман сум, Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан нуур, Бүрэнтогтох, Хатгал, Галт гэсэн таван сум, Дархан-Уул, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн таван шар, 10 дугаар хороолол, Төмөр замын Богд ар, Хан-Уул дүүргийн 120 мянгат, Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны орчмын шинээр ашиглалтад орсон байруудад чичирхийлэл мэдрэгдсэн байна.  

Газар хөдлөлтийн чичирхийлэлтийн талаар Завхан,  Хөвсгөл, Увс аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдэгдсэн байна. Орон нутгийн Онцгой байдлын хэлтсүүд  иргэдийг тайвшруулах, уурын зуухны халаалт, байшин барилгын ан цав, доголдол гарсан эсэхэд тандалт хийж байгаа аж. Нийслэлд чичирхийлэл таваас дээш давхар орон сууцанд илүү мэдрэгдсэн байна.

Газар хөдлөлтийн голомтоос чичирхийлэл дахин мэдэгдэх эсэхийг Одон орон, геофизикийн төвийн эрдэм шинжилгээний  ажилтан Л.Сэлэнгээс тодруулахад, “Хуримтлагдсан энерги нь дуустал чичирхийлэл мэдрэгддэг. Өчигдөр оройны газар хөдлөлт одоо ч үргэлжилсээр байна. Чичирхийлэл тарж байгаа чиглэл нь 119 градус байгаа. Энэ нь Улаанбаатарын чиглэлд тарах чиглэл гэсэн үг. Тиймээс газар хөдлөлтийн голомтоос Улаанбаатарын чиглэлд чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж байгаа юм. Газар хөдлөлтийн голомтын чичирхийлэл дахин манай улсад ирж магадгүй” гэх хариулт өглөө.

Газар хөдлөлтийн голомтод 6.7 магнитудын чичирхийлэл мэдрэгдсэн. Энэ нь  найман балл гэсэн үг юм байна. Манай улс газар хөдлөлт болсны дараа газар хөдлөлтийн тухай макро мэдээг цуглуулж, түүнийгээ нэгтгэн MSK-78 буюу XII баллын шаталбарт оруулж тухайн газар хөдлөлтийн баллын үнэлгээг өгдөг. VIII  баллын газар хөдлөлтөд барилгад хүчтэй эвдрэл үүсдэг аж.  Мөн модны мөчир хугарч, хүнд жинтэй тавилга хөмрөн унах, байрнаас шилжих зэргээр хөдөлгөөнд орох, дүүжлээстэй гэрлийн зарим хэсэг эвдрэх зэргээр хүчтэй мэдрэгддэг байна.
 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж