Газар хөдлөлтийн чичирхийлэлтийн талаар Завхан, Хөвсгөл, Увс аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдэгдсэн байна. Орон нутгийн Онцгой байдлын хэлтсүүд иргэдийг тайвшруулах, уурын зуухны халаалт, байшин барилгын ан цав, доголдол гарсан эсэхэд тандалт хийж байгаа аж. Нийслэлд чичирхийлэл таваас дээш давхар орон сууцанд илүү мэдрэгдсэн байна.
Газар хөдлөлтийн голомтоос чичирхийлэл дахин мэдэгдэх эсэхийг Одон орон, геофизикийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Сэлэнгээс тодруулахад, “Хуримтлагдсан энерги нь дуустал чичирхийлэл мэдрэгддэг. Өчигдөр оройны газар хөдлөлт одоо ч үргэлжилсээр байна. Чичирхийлэл тарж байгаа чиглэл нь 119 градус байгаа. Энэ нь Улаанбаатарын чиглэлд тарах чиглэл гэсэн үг. Тиймээс газар хөдлөлтийн голомтоос Улаанбаатарын чиглэлд чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж байгаа юм. Газар хөдлөлтийн голомтын чичирхийлэл дахин манай улсад ирж магадгүй” гэх хариулт өглөө.
Газар хөдлөлтийн голомтод 6.7 магнитудын чичирхийлэл мэдрэгдсэн. Энэ нь найман балл гэсэн үг юм байна. Манай улс газар хөдлөлт болсны дараа газар хөдлөлтийн тухай макро мэдээг цуглуулж, түүнийгээ нэгтгэн MSK-78 буюу XII баллын шаталбарт оруулж тухайн газар хөдлөлтийн баллын үнэлгээг өгдөг. VIII баллын газар хөдлөлтөд барилгад хүчтэй эвдрэл үүсдэг аж. Мөн модны мөчир хугарч, хүнд жинтэй тавилга хөмрөн унах, байрнаас шилжих зэргээр хөдөлгөөнд орох, дүүжлээстэй гэрлийн зарим хэсэг эвдрэх зэргээр хүчтэй мэдрэгддэг байна.