Газар хөдлөлт Тува, Буриадад хоёр төвтэй байсан байна. “Newsru.com”-ын
мэдээлснээр түлхэлт бие биеэсээ хэдэн зуун км-ийн алсад орших Тувагийн
нийслэл Кызыл, Абакан, Красноярск, Кемеровод мэдрэгдсэн нь газар хөдлөлт
хэр хүчтэй байсныг илтгэж байгаа аж. Газар хөдлөлт орон нутгийн цагаар
шөнийн 23.20-23.30 цагийн орчимд болжээ. Уг газар хөдлөлт Улаангом
хотоос 336 км, Улаанбаатар хотоос 900 гаруй км зайд болсон ч нийслэлд
нөлөөлж, 23.32 минутад төвийн дүүргүүдэд чичирхийлж мэдрэгджээ. Газар
хөдлөлт болсон Сибирь орчмын хотуудад чийдэн савлаж, гэр орны тавилга
хөдөлж, хүмүүс гэр орноо орхин гудамжинд гарцгаажээ.
АНУ-ын Геологийн албаны мэдээг иш татан “Интерфакс” мэдээлэхдээ газар
хөдлөлтийн нэг төв Сибирийн зүүн хэсэгт Тувагийн нийслэл Кызыл хотоос
зүүн тийш 94 км-т газрын гүнд 6,9 км-т байжээ. Газар хөдлөлтийн хүч 6,6
магнитуд хүрсэн байна. Томск хотын иргэд газрын хөрсний сулхан чичиргээг
мэдэрсэн байна.
ОХУ-ын Гео цаг уурын албаны мэдээгээр Сибирийн Монгол Улстай хиллэдэг
хэсэгт газар хөдлөлтийн өөр нэг голомт тэмдэглэгдсэн, хохирол учраагүй
гэжээ. Хил дээрх газар хөдлөлтийн хүч Рихтерийн шаталбараар 6,1 балл
хүрчээ. Хохирол, сүйрэл гараагүй гэж ОХУ-ын Онцгой байдлын яамаас
мэдээлсэн байна. Тус яамны мэдээлэлд “Газрын гүнд 10 км-т 6,7 баллын
хүчтэй газар хөдлөлт болсон” гэжээ. Уг газар хөдлөлт Красноярскийн
хязгаар, Эрхүү муж, Тува, Монголд мэдрэгдсэнийг дээр тэмдэглэсэн.
Газар хөдлөлт Тувад ойрын хугацаанд дахин давтагдаж болохыг үгүйсгээгүй
байна. Тиймээс Красноярскаас Тува руу 50 аврагч бүхий хоёр АН-74 онгоц
хөөргөхөөр болжээ. Мөн тийш нь 88 майхан, 116 халаагч пийшин, 1000
ширхэг дулаан хөнжил зэргийг бэлтгэл болгон илгээж байгаа аж. Ийнхүү
Тува бэлэн байдалд орж Абакан, Черногорск, Саяногорскт дөрвөн мянган хүн
багтаах түр хоргодох байр зэхээд байна.