Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар улс орон даяар өрнөж буй “Архигүй Монголын төлөө хамтдаа” аяныг эрчимжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Нийслэл дүүргийн бүх шатны байгууллагуудад үүрэг даалгавар өгөв. Энэ ажлын хүрээнд Нийслэл хотод 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулах аяныг зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд болон Нийслэл дүүргийн цагдаагийн байгууллагын шалгалтуудаар “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийг удаа дараа зөрчиж, цаг хэтрүүлэн ажилласан худалдаа, нийтийн хоолны газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ирүүлсэн байна. Иймээс цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн Сүхбаатар дүүрэгт ЭМ ЭМ БИ БИ ДИ ХХК-ийн ЭЛИТ КРИСТАЛ, ИН ХХК-ийн БРИКС, СТАНЖИН ХХК-ийн ХОЛЛИВУД бааруудыг ЦАСТ ИМПЕКС ХХК-ийн РИВЕР САУНДС зэрэг 8 баар караоке, Баянгол дүүрэгт МБР ХХК-ийн ЯМАЙКА, МОНДАВЛОМЕНТ ХХК-ийн СТРИНГС зэрэг 18 баар үйлчилгээний газар, Чингэлтэй дүүрэгт НОЁН ОЧИР ХХК-ийн ХАППИ, ХАНГАЙН ТАМИР ХХК-ийн АМРИТА, ДАСОН ХХК-ийн ЧИКАГО зэрэг 8 баар, караоке ЦАСТ БОГДЫН ОРГИЛ ХХК-ийн QUEEN, ТЭНГЭРИЙН БЭРХ ХХК-ийн МИРАКЛ, ЗУНО ХХК-ийн ГЕНЕРАЛ зэрэг 9 баар, Хан-Уул дүүрэгт НЬЮ БРИЛЯНТ ХХК-ийн БРИЛЯНТ баар, Сонгинохайрхан дүүрэгт ТЭНГЭРЛЭГ ИНТЕРНЭШНЛ-ийн WEST, СОЁМБО ХХК-ийн СОЁМБО зэрэг 8 баарыг Нийслэлийн цагдаагийн газраас ирүүлсэн тоотын дагуу Хотын Ерөнхий менежерийн 2011 оны А/189 дугаар тушаалаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор боллоо. Нэр бүхий 50 баар, караоке 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс дээрхи мэдэгдлийн хэрэгжилтийг хангаж согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйлчилгээг бүрмөсөн зогсоосон байх ёстой юм. Түүнчлэн онцгой албан татварын тэмдэгтийн зөрчилтэй, хямд үнэтэй архи худалдахын зэрэгцээ 24 цагаас хойш архи борлуулж байсан 64 хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn