Баатартайгаа салах ёслол хийсэн эмгэнэлт түүх

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Баатартайгаа салах ёслол хийсэн эмгэнэлт түүх

1982 он 11-р сарын дунд үе Өвөрхангай аймгийн Арвайхээр хот. Өвлийн эхэн сар ургасан жихүүн өдөр олон хүн аймгийн музейн навтгар байшингийн гадаа оочирлон зогсож байв. Тэнд эсгий гутал, энгэрийн товчийг нь бүтэн товчилсон нударгагүй дээл өмсөн энгийн иргэдээс эхлээд савхин гутал буудаггүй булган малгайтай аймгийн томчууд бүгд ирсэн байх бөгөөд байгууллага, байгууллагаараа нэг дор бөөгнөрнө. Цаас барьж бүртгэл хөтлөх шавилхан залуу байгууллага тус бүрийн ажиллагсадын нэрсийн жагсаалтыг ирсэн хүмүүстэй нь тулгах ба ирээгүй хүмүүсийн нэрний ард тэмдэглэл хийж, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулна.

Хүлээж байсан хүмүүс нэг, нэгээрээ биш байгууллагаараа бөөнөөрөө орж 10 орчим минутын дараа бүгд малгайгаа барьсаар бөөнөөрөө гарч ирээд ямар ч үг дуугүй хаа нэг зүгт яарах мэт таран одоцгооно. Тэнд ямар нэг таагүй зүйлтэй учирч сэтгэл нь тавгүйтсэн юм болов уу гэмээр.

Аймгийн соёлын байгууллагынханаас ирсэн хүмүүсийн бүртгэл хийгдэж дуусаад орох ээлж ирсэн тул элэгдсэн босготой хуучин модон хаалгаар чимээгүйхэн орцгоов.  Аймгийн МАХН-ын хорооны ажилтан шар хүүхэн үүдэнд зогсон, орсон иргэдийг малгайгаа авахыг эелдэгхэн сануулна. Хаалгаар уван цуван орж байгаа хүмүүс хуучин хаалганы нугасны чахрах чимээ гаргахгүйн үүднээс хаалгыг хаахгүйгээр ар араасаа орж ирцгээв.

Үүдний танхимын цаад талд орон нутгийг судлах музейн хана дагасан шилэн хоргон дахь ядмагхан үзүүлэнг эс тооцвол өөр юмгүй тоос дарсан, хүйтэн хоосон өрөөнд бүдэг гэрэл асаажээ. Үзвэрийн өрөөний голд хуучин орос ширээ хоёрыг зэрэгцүүлэн тавиад дээр нь улаан даавуугаар бүрж, хар даавуун тууз тавьсан авсыг тагийг нь бүтэн таглаж тавьсан байв. Авсыг хаалганы эсрэг тал руу харуулан тавьж толгойн талын ханан дээр нь энгэртээ олон тэмдэг зүүсэн буурал үстэй орос хүний модон жаазтай өнгөт зураг өлгөжээ. Зургийн доод талд мөн л улаан хар хосолсон ташуу туузыг жаазны гадуур тогтоосон харагдана. Түүний доор цагаан ватум цаасан дээр улаан түүшээр намтар бололтой ард нь он сар бүхий бичиг үзэгдэх ба түүнийг хэн ч сонирхож уншихгүй. Цаасны дээд хэсэгт Леонид Ильич Брежнев 1906-1982 он гэж бичсэнийг л хальт харцгаана.

Малгайгаа гартаа барьсан хүмүүс чимээ аниргүй авсыг тойрч үүдний хэсэгт бөөгнөрөн хэсэг чимээгүй зогсов. Гэнэт гашуудан цурхирах чимээ тэдний дундаас гарсан нь энд байсан хүмүүсийн дотрыг хиртийлгэв. Үснийхээ гурван талыг бараг машиндаж аваад үсээ хойш нь самнасан, савхин гутал ажлын хүрэм өмссөн, санчиганд нь буурал сууж яваа дөч эргэм насны эрийн уйлах дуун нэг л таагүй. Тэр үнэн сэтгэлээсээ харуусан, шаналан хайлж байна уу гэмээр уйлан хайлж, “Ээ хайран коммунист минь” хэмээн дуун алдах нь өвгөд хөгшдөө нутаглуулахдаа тэргүүн гудайн дотороо энэлэн, сэтгэл нь эмтэрдэг Монгол хүний дотор зарсхийлгэм хачин үйлдэл байлаа.

Гэхдээ хэн ч дугарсангүй, хэн ч дагаж нулимс унагасангүй чимээгүй гарч одоцгоов. Гадаа гарахад өвлийн эхэн сар дөнгөж ургаж байсан жихүүн өдрийн жавар харин ч дулаан байх шиг санагдаж, энэ эвгүй газар эвгүй хүмүүсээс холдохын төлөө хурдан алхаж явсан, жирийн нэгэн албан хаагч бол миний аав.

Энэ бол зохиол биш, энэ бол Монголын нэгэн үеийн эмгэнэлт үнэн түүх. Энд дурдсан зарим хүмүүс өдгөө ч амьд сэрүүн байгаа бөгөөд тэдний нэрийг энд дурдахгүй байх зүйд нийцэх биз.

Энэ үйл явдал бол БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын хүндэт иргэн, Сүхбаатарын одонт дөрвөн удаагийн одонт, Зөвлөлт Холбоот Улсын их удирдагч Леонид Ильич Брежневтэй салах ёс гүйцэтгэх үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулсан үйл явдал байлаа.

Ардчилсан хувьсгал ялснаас хойш 20 жилийн дараа бидний үеийнхэн, залуучууд БНАСАУ-ын удирдагчтай салах ёс хийн үндэстэнээрээ цурхиртал уйлж байгаа бичлэг, хэдэн зуун мянгаараа оочерлон салах ёс гүйцэтгэж байгаа зургуудыг интернетийн хуудаснаас харан гайхаж, бас шоолж байна. Хүний ёсноос гадуур хэтийдсэн ийм явдал хэзээ нэгэн цагт Монгол нутагт болж байсныг бидний үеийн олон залуус мэдэхгүй.

Ардчилсан хувьсгал бол үе үеийнхэний Монголчуудын хүсэл мөрөөдөл, бидний үеийнхэний бахархал билээ. Харин бидэнд орон гэрийг төхөөрч өгөхөөс эхлээд, идэх хоол, өмсөн хувцасны үнэ өртгийг хямдруулж өгнө гээд байгаа буянлаг төрхийн цаана өөрийгөө авч явж чаддаг хүчирхэг иргэнийг булшлаад, оронд нь хаа хамаагүй танихгүй хүний хоосон авсанд мөргүүлж болдог хүн сүг бий болгох зам байдгийг мартаж болохгүй.

М.ЧИМЭДДОРЖ

2011.12.27

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж