Өндөржүүлсэн байдал, цэнгүүнтэй, тэсгим хүйтэн шинэ жил

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Өндөржүүлсэн байдал, цэнгүүнтэй, тэсгим хүйтэн шинэ жил

Шинэ он гарахад хэдхэн хоног үлдлээ. Тиймээс баяр наадмын өдрүүдэд үйлчилгээний газруудын ажиллах хуваарь, болох үйл ажиллагаа болон баярын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар тоймлон хүргэж байна.

Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа хөл хөдөлгөөнтэй үеэр танхай, булаалт, дээрмийн хэрэг ч бас ихсээд байгаа юм байна. Иймээс энэ сарын 29-нөөс эхлэн цагдаагийн бие бүрэлдэхүүн бэлэн байдалд шилжиж ажиллахаар болжээ. Харин энэ сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдалд хүн хүчээ дайчлан ажиллахаар болсон тухай ЦЕГ-аас мэдээллээ. Ялангуяа Сүхбаатарын талбай, Их тойруу, III, IV хороолол, Сансар худалдааны төвийн орчимд цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. ЦЕГ-ын хамт олон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалж, он шилжих мөчийг өнгөрүүлэх нь ээ.

Сүхбаатарын талбайд шинэ жилийн цэнгүүн болно

Он солигдох мөчид буюу арванхоёрдугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд баярын нэгдсэн арга хэмжээ зохиохоор болжээ. Сүүлийн жилүүдэд ханиад томуу дэгдэж, шинэ жилээр олон нийтийг хамарсан арга хэмжээ Сүхбаатарын талбайд болоогүй. Харин энэ жил түүхэн ой тохиож байгаа учир нийслэлийн Засаг даргын шийдвэрээр томоохон арга хэмжээ зохион байгууулах гэж байна. Арга хэмжээний хүрээнд нийслэлийн ЗДТГ, харьяа байгууллага агентлагууд, Нийгмийн ардчилал залуучуудын холбоотой хамтран "Улаанбаатарын Мөнгөн үдэш" цэнгүүн хийх аж. Сүхбаатарын талбайд болох арга хэмжээнд нийслэлийн зургаан дүүрэг, хэрэгжүүлэгч агентлагууд  оролцоно. Энэ сарын 31-ний өдөр нийслэлийн зургаан дүүрэг  тус бүр өөрсдийн бэлтгэсэн урлагийн үзүүлбэрээ тусгайлан  зассан тайзан дээр үзүүлэхээс гадна 2011 онд хийсэн ажлаа тайлагнах  гэнэ. Харин орой он солигдох мөчид Ерөнхий сайд С.Батболд Сүхбаатарын талбайгаас ард иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлэх аж. Түүнчлэн арга хэмжээнд урлагийн байгууллагууд, хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөнө.

Иргэд талбайд салют буудуулахыг хориглоно

Он солигдох мөчид иргэд стандартын шаардлага хангаагүй салют буудуулснаас гэмтэж, бэртэх тохиолдол гарч байсан. Харин энэ жил дээрх байдлаас сэргийлж, Сүхбаатарын талбайд иргэд хувиараа салют буудуулахыг хориглох аж. Үүнд цагдаа, онцгой байдлын алба хаагчид хяналт тавьж ажиллах юм байна. Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагчдын зүгээс энэ жил албан ёсоор салют буудуулах ёслолыг хийнэ. Тэдний хэлж буйгаар урьд өмнө байгаагүй урт  хугацаанд салют буудуулах аж. Мөн иргэдэд халуун цай, кофе болон хөнгөн зуушаар үйлчлэх үйлчилгээний цэгийг Сүхбаатарын талбайд ажиллуулахаар болжээ.

Нийтийн тээвэр 31-нд 01.00 цаг хүртэл үйлчилнэ

Нийтийн тээврийн газраас энэ сарын 31-ний өдөр том оврын автобусыг шөнийн 01.00 цаг хүртэл  иргэдэд үйлчлүүлэхээр шийдвэр гаргажээ. Тухайлбал 3,4-р хороолол-Улаанхуаран, Толгойт-ХӨСҮТ, Яармаг -МУБИС-Ард, Нисэх-МУБИС-Ард, 3,4-р хороолол-4 зам-Шархад, Улиастай-Сүхбаатарын талбай, Зүрх уул-Чингэлтэй-МУБИС, Бэлх-ДарьЭх-Возкал, Зүүн салаа-ХӨСҮТ, Их наран-МУБИС, Улиастай-Сансар-Согоотын гудамж чиглэлийн автобус 31-ний шөнө 23.00-01.00  цагийн хооронд Сүхбаатарын талбай, МУБИС-ийн буудлаас чиглэлийн дагуу иргэдэл үйлчлэх аж. 

Баярын өдрүүдэд хүйтэн байна

Баярын өдрүүдэд цаг агаарын төлөв байдал ямар байх талаар Ус, цаг уур орчны шинжилгээний газрын Секторын дарга Ж.Цогтоос тодруулахад “Баярын өдрүүдэд харьцангуй тогтуун байна гэсэн урьдчилсан төлөв байдал гарсан. Гэхдээ Сибириэс манай орныг чиглэн ирж буй хүйтний эрч үргэлжилж байна. Тиймээс баярын өдрүүдэд цаг агаар тогтуун байна гэж тайвширч болохгүй. Нийслэлийн хэмжээнд шөнөдөө 28-30 хэм, Яармаг, Сонгины орчмоор 34-36 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна. Үүнээс ер нь доош буурахгүй байгаа. Тиймээс иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шөнө орой гарахгүй байх хэрэгтэй. Мөн цаг агаар өдөртөө ялимгүй дулаарч байгаагаас замын халтиргаа гулгаа их нэмэгдэж байгааг анхааруулах хэрэгтэй” гэв. Хүйтний улирлын төлвөөр ирэх онд цаг агаар хэвийн хэмжээний орчим байна гэсэн урьдчилсан мэдээ гараад байна.

Ш.Чимэг

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж