– Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны гол зорилгын нэг нь Монгол Улсад Шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэх асуудал. Энэхүү зорилгоо хэрэгжүүлж шүүхийн шинэчлэлд холбогдох багц хуулиудыг боловсруулж төслийг УИХ-д өргөн бариад байна. Шүүхийн шинэчлэл гэдэгт юуг олгож байна вэ? Шинэчлэлийг юунаас эхлэх ёстой вэ? Ямар өөрчлөлт ил тодоор харагдвал шинэчлэгдсэн гэж үзэх вэ?
-Шүүхийн шинэтгэл гэдэг нь цогц ойлголт юм.
Нэг талаас энэ нь шүүх эрх мэдлийн байгууллага, тэдгээрийн ажилтан ажиллагсад болон хэрэг шийдэх ажиллагаанд оролцогчдын зан үйл, ёс зүй, мэргэжлийн хариуцлага, үйл ажиллагааны зохион байгуулалт зэрэг өргөн хүрээтэй асуудлыг журамлан зохицуулж буй эрх зүйн актыг шинэчлэх, сайжруулахтай холбоотой асуудлыг өөртөө багтааж байгаа ойлголт.
Нөгөө талаас шүүх эрх мэдлийн байгууллагад ажиллаж буй болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд бодит үйл ажиллагаагаараа оролцож буй мэргэжилтнүүдийг мэдлэг боловсрол, мэргэшлийг орчин цагийн шаардлагыг хангахуйцаар сургах буюу давтан сургах, түүнчлэн сэтгэлгээний хандлага, үнэт зүйлсийн чиг баримжаа, үйл ажиллагааны арга барил зэргийг энэ нийгмийн хэмжүүрт нийцэхүйцээр төлөвшүүлэх зэрэг хүний хүчин зүйлстэй холбоотой асуудлыг багтааж байгаа. Өөрөөр хэлбэл хүнээ шинэчлэхгүйгээр шинэчлэлийг хийх тухай ярих боломжгүй.
Шүүхийн шинэчлэлд холбогдолттой багц хуулиудын төсөлтэй танилцсанаар дээр миний дурьдсан асуудлуудыг иж бүрнээр шийдвэрлэхийг төсөл санаачлагч нь эрмэлзэж, ихээхэн хүчин чармайлт гаргаж, олон шинэ санал санаачилга, зохицуулалтын хувилбаруудыг дэвшүүлсэн гэж ойлгосон.
Шүүхийн шинэчлэл гэдгийг дан ганц шүүхийн байгууллагын дарга цэргийг халж солих төдийгээр ойлгох бус харин шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч мэргэжлийн оролцогч-хуульчдын үйл ажиллагааг нь зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг үндсийг шинэчлэн бүрдүүлэх гэдэг утгаар нь ойлговол сая зөв болно.
-Та хуулийн төсөлд олон шинэлэг санал санаачилга байгаа талаар дурьдлаа. Үүнийгээ тодруулаач?
– Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны бие даасан байгууллага болох “Хуульчдын танхим” гэдэг бүтцийг бий болгох санаачилгыг хууль санаачлагч дэвшүүлсэн нь ихээхэн чухал гэж хувьдаа үзэж байна. Энэ байгууллага нь хуульч буюу өмгөөлөгч, шүүгч, прокуророор ажиллах эрх зүйчдээс сонгон шалгаруулах тогтолцоог боловсронгуй болгох, хуульчдын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, хариуцлагын илүү боловсронгуй тогтолцоог бүрдүүлэх тал дээр ихээхэн түлхэц өгөх байх гэж харж байгаа. Төсөлд байгаа үзэл баримтлалыг хэвээр хадгалж хуулийг батлах аваас энэ нь шүүхийн шинэтгэлд томоохон түлхэц үзүүлэх болно.
-Нэгэнт төгсчихсөн, одоо шүүх эрх мэдлийн салбарт ажиллаж буй хуульчдын мэдлэг боловсрол, ур чадвар, ёс зүйг нь дээшлүүлэхийн тулд яг юу хийх ёстой вэ?
– Өмнөх нийгмийн тогтолцооны үед боловсорсон, нас ахисан учраас хоцрогдсон, засал авахаасаа өнгөрсөн гэж үзэж болохгүй. Уламжлалгүй шинэчлэл гэж угаас үгүй. Цаг үеийн шалгуур, шаардлагад нийцэж ажиллая гэдэг чин сэтгэл байвал хэн ч мэдлэг боловсролоо дээшлүүлээд, суралцаад, хөгжөөд явж болдог зүйл. Ажиллах хүчний шинэчлэлийг зөвхөн “хуучныг шинээр халах” хэмээн туйлширч болохгүй.
Өнөөдөр ч гэсэн шүүх эрх мэдлийн салбарт ажиллагсдад зориулсан давтан сургалт, үргэлжилсэн сургалтын тогтолцоог хуульчилсан байгаа. Өмгөөлөгчид бид байнга л давтан сургалтанд хамрагдаж сурч, хөгжиж байдаг. Энэ асуудлын нэг шийдэл энэ давтан сургалтын тогтолцоог л илүү боловсронгуй болгох, үр өгөөжийг дээшлүүлэх явдал юм.
Нөгөөтэйгүүр, ирээдүйд энэ салбарт ажиллах мэргэжилтнүүдэд тавих шалгуур, шаардлагыг өндөрсгөх, шалгаруулалтын тогтолцоог боловсронгуй болгох нь уг асуудлын өөр нэгэн шийдэл гэж ойлгож байна. Энэ асуудлын хүрээнд эрх зүйн дээд боловсрол олгож буй өнөөгийн тогтолцоог төгөлдөржүүлэх асуудал мөн хөндөгдөж байна. Бодит байдалд их, дээд сургуулиудийн төгсгөж буй хуульчдын мэдлэг, мэргэжлийн төвшин харилцан адилгүй байна. Шүүхийн шинэчлэлийг бүрэн төгс хийе л гэж байгаа бол их, дээд сургуулиудын сургалтыг нэг төвшинд хүргэх шаардлагатай.
-Эрх зүйн дээд боловсрол олгож байгаа сургуулиудын сургалтын хөтөлбөр, сургалтын үр дүнгийн талаар?
– Энэ тал дээр судалгаа, нотолгоогүй зүйл хэлж огт болохгүй. Гэхдээ асуусан учир хариулахыг хичээе. Манай сургалт илүүтэй академик, догматик талдаа юм шиг бодогддог. Энэ утгаараа амьдрал дээр гараад сургуулийн танхимд сурсан зүйлээ хэрхэн яаж хэрэгжүүлэх талаарх төсөөлөл, баримжаа хангалттай бус байх шиг. Би өөрийнхөө туршлагыг д хэлж байгаа юм шүү.
Сургуулиуд ч энэ байдлыг өөрчлөхийг хүсч эрмэлздэг байх, МУИС-ийн ХЗС-ийн тухай клиник сургалтын төвийг 2001 онд байгуулж байсан. Сургалтыг 5 жилийн хөтөлбөртэй болгож, энэ хугацаанд оюутнуудын хийх дадлагын хугацааг үлэмж уртасгасан зэрэг нь сургалтыг практиктай илүү ойртуулахыг зорьсон алхам байсан гэж боддог.
Судлах хчиээлийн хөтөлбөр гэвэл уламжлалт судлагдахуунууд хэвээрээ байгаа болов уу. Гэхдээ энэ зах зээлийн эдийн засгийн харилцааг зохицуулж буй эрх зүй зохицуулалтын талаар, мөнгө санхүү, хөрөнгийн зах зээл зэрэг салбарын сургалтууд чамлалттай юм шиг санагддаг.
-Хуульчдын танхимыг Хууль зүйн яамнаас танхимыг байгуулах ёстой юм уу эсвэл яамнаас хараат бусаар олон нийтийн оролцоотойгоор байгуулах хэрэг үү?
-Хуулийн төслийн үзэл санаагаар бол хуульчийн сонгон шалгаруулах шалгалтад тэнцээд дурьдсан гурван мэргэжил буюу шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бүх хуульчид энэ байгууллагын гишүүн байна. Удирдлагыг гишүүдийн дундаас сонгоно. Уг байгууллага нь аль яам, агентлагийн харъяанд бус тусдаа бие даасан хууль болох “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-иар байгуулагдах юм.
Танхимын эрх хэмжээ хязгаарлагдмал бөгөөд хуульчдын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй, гагцхүү хуульчдыг сонгон шалгаруулж тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийг цуцлах, зөрчил гаргасан хуульчдад мэргэжлийн хариуцлага-шийтгэл хүлээлгэх гэх мэт мэргэжлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага байх юм.
-Хуулийн хэрэгжилт нь даргад нэг янз, ардад өөрөөр үйлчилдэг тогтолцоо бий болсон. Шүүхийн шинэчлэлээр энэ бүгдийг шинэчилж чадах болов уу?
-Хууль ялгавартай, алагчилж үйлчилж байгаа асуудал нь олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжилж байгаа зүйл. Шүүхийн шинэчлэл гэж ярих болсон гол шалтгаан нь угтаа энэ ялгавартай хандаж байгаа байдал юм. Ингэж хэлүүлэх шалтаг шалтгааныг байхгүй болгохын төлөө л шүүхийн шинэчлэлийн хуулийн төслийг боловсруулж, ажиллаж байна гэж ойлгодог. Шинэчлэлийг хийе, хэрэгжүүлье гэсэн чин сэтгэл, хүсэл зориг байхад үр дүн гарна гэж бодож байна.
-Шүүхийн шүүн таслах үйл ажиллагаа хараат бус явагдаж чадаж байгаа эсэх талаар та ямар бодолтой байна вэ?
-Шүүх хуралдаанд оролцоод явдаг хүний хувьд шүүх, шүүгчийг хараат бус байгаасай, асуудалд голч, шударгаар хандаасай, мэргэжлийн ёсзүйгээ барьж, хуулийг дээдэлж ажиллаасай гэж хүсдэг. Гэвч олон нийт шүүх, шүүгчдийг ингэж ажиллаж чадахгүй байна гэж шүүмжилдэг. Би ч мөн адил ийм л бодолтой байдаг.
– Шүүхийн шинэчлэлд холбгдох багц хуулийн төслийн талаар Хууль зүйн яам, бусад шийдвэр гаргах төвшний хүмүүс ямар байр суурьтай байгаа бол?
-Би танай сониноор дамжуулан шүүхийн шинэчлэлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлж байгаа нь асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа хэрэг гэж ойлгож байна. Хууль зүйн яам шүүх эрх мэдлийн байгууллага бус тусдаа чиг үүрэгтэй байгууллага. Гэхдээ шүүх эрх мэдлийн байгууллагын шинэчлэлийн талаарх багц хуулийн төслийг УИХ-р хэлэлцэн батлахад чухал оролцоотой байх болно. Шинэчлэлийг хийх санаачилгыг дэмжих байх гэж итгэж байгаа.
-Хуульч, өмгөөлөгчид шүүхийн шинэчлэлийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй өмгөөлөгч байна. Монгол Улсын хэмжээнд 400 гаруй шүүгч, мөн тооны прокурор ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл хоёр гурван мянган хуульчийн асуудал яригдаж байна гэсэн үг. Гэхдээ энэ шинэчлэл бол хоёр гурван мянган хүний асуудал биш юм. Учир нь шүүх эрх мэдлийн байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэрүүд нь нийгэмд тодорхой үр дагавар бий болгож, нөлөө үзүүлдэг. Энэ утгаараа олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж байх шиг байна. Миний ажигласнаар хуульчид харилцан адилгүй байр суурьтай байна. Шүүхийн албан хаагч, шүүгч асуудлыг өөрсдийнхөө байр сууринаас харж үнэлж дүгнэж байхад өмгөөлөгчид мөн өөрсдийн өнцгөөр харж байна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлочих вий гэж зовниж байгаа хүмүүс байхад, шинэчлэлийг хийчихсэн, одоо шинэчлэх шаардлагагүй гэж байгаа хэсэг ч байна.
Гэхдээ дэмжиж байгаа нь олонх байгаа гэдэгт итгэлтэй байна.
– Монголын шүүх төгөлдөр сайн тогтолцоотой болох тэр цаг хугацаа хэзээ тохиох вэ?
– Өнөөдөр байгаа тогтолцоо бол тийм яахаа алдчихсан муу тогтолцоо гэж би бодохгүй байна. Харин өнөөдөр байгаа энэ тогтолцоог муухай болгож харагдуулсан буруутай хүмүүс бол бий. Тодорхой хувь хүмүүсийн зохисгүй үйл ажиллагаанаас болж энэ тогтолцоо гажуудалд хүрсэн гэж боддог.
Ардчилсан Үндсэн хуульд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийг 1994 онд баталсан, улмаар Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр болон Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд 2003 онд Шүүхийн тухай хуулийг шинэчилж баталсан нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэхүү шинэчлэл, шинэтгэлийг Өрнөдийн тэргүүлэх орнууд болох АНУ, ХБНГУ, Япон болон Солонгосын туршлага, хууль тогтоомжийг судалж, тэдний мэргэжилтнүүдийн зөвлөгөө, дэмжлэгтэйгээр хийсэн. Үр дүнгээ өгч байсан үе бий. Одоо байгаа тогтолцоо тийм ч муу биш, шүүх хараат бусаар оршин тогтнох нөхцөл бололцоог боломжийн төвшинд хангаж чадсан сайн тогтолцоо гэж хувьдаа үздэг. Гэхдээ өөрийгөө хамгаалах чадвартай энэ тогтолцоог тодорхой хүмүүс өөрсддөө ашигтайгаар урвуулж ашигласнаас үүдэж өөрчлөлт, шинэчлэлийн асуудал эрхгүй гарсан.
-Ерөнхийлөгчийн боловсруулсан хуулийн төсөл батлагдсанаар таны ярьж байгаа шинэчлэлүүд хийгдэнэ гэж ойлгож болох уу?
-Сайн үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байна. Нэн чухлаар тавигдаж байгаа асуудал нь мэргэжлийн ёсзүй, хариуцлагын асуудлууд. Мөн түүнчлэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгуулагууд, тэдгээр ажиллагсад “шударга ёс-эрх зүйт ёс”-ыг чандлан сахиулах нэгдмэл зорилгын төлөө харилцан уялдаатай хамтран ажиллах эрх зүйн шинэ үндсийг энэхүү багц хуулийн төслүүд батлагдаж гэмээнэ бүрдүүлнэ гэдэгт итгэж байна.
"Ардын эрх" сонин