Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойд зориулан уул уурхайн салбарынхан оны шилдгүүдээ шалгаруулжээ. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, “Эрдэс Баялаг, уул уурхайн бирж” хамтран жил бүр уурхайчдын баярын арга хэмжээг зохион байгуулдаг байна. Ойн баярын үеэр улиран одож буй 2011 онд салбартаа ажил үйлсээрээ шалгаран өндөр амжилт гаргасан аж ахуйн нэгжүүдийг тодруулжээ. Уул уурхайгаараа дэлхийг шуугиулаад байгаа манай улсын олон уул уурхайн компаниуд өрсөлджээ.
Тухайлбал, тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжээр “Оюутолгой”, шилдэг тэсэлгээний компаниар “Бласт”, шилдэг ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжээр “Хера Экүйпмэнт”, шилдэг өрөмдлөгийн компаниар “Фалкон Дрийлинг Монголиа”, шилдэг үйлчилгээний компаниар “Майкро майн Монголиа” компани шалгарсан юм байна.
Ирэх жилд компаниудын бүтээн байгуулалт ид жигдрэх тул үндэсний компаниуд ирэх жилийн шалгаруулалтад энэ оныхоос ч илүү өрсөлдөх нь дамжиггүй хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Г.Дарь