Тусгаарлагдсан тусгаар тогтнол

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Тусгаарлагдсан тусгаар тогтнол

Тэмдэглэлт ойгоор цол олгох нь монгол бөхийн сүр хүч, нэр хүндийг унагах юм гэнэ. Ихэд гутрав. Тэр ой нь Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой юм. Тусгаар тогтнол шүү. Үүний хажууд түүний хэлсэн тэр бөх хичнээн бяцхан бэ. Ичихгүй сэргээш хэрэглэж, түмний нүдэн дээр даваагаа наймаалцдаг бөхчүүдийн нэр хүнд гэж юу юм бэ. Туурга тусгаар байхын учир Модун хатнаа, хүлэг морио хөнөөлт дайсандаа өчиггүй өгч байсантай харьцуулбал тусгаар тогтнолын ойгоороо бөхчүүдэд цол олгох ч жижигдэнэ. Үе үеийн эх орончдын халуун амь, бүлээн цусаа өргөж тэмцсээр олсон, алдсан тусгаар тогтнолыг өнөөгийн улстөрч гэж өргөмжлөгдсөн  хэсэгхэн нөхдөөр үгүйсгүүлэхгүй.

Монголчууд XVII зууны сүүл­чээс XVIII зууны дунд үе хүртэлх богинохон хугацаанд тусгаар тогт­нолоо алдаж, бусдын эрхшээлд орс­ноос хойш эцэг өвгийн буй болгосон төрийн алтан хайрцагны бодлогоо аажим аажмаар гээсээр ирсний гай нь энэ. Цөөн тооны сурвалжит ноёд, хангууд л энэхүү бодлогын талаар ойлголттой байснаас нийт ард иргэдийн дийлэнхийнх нь ой санамжаас үзэл баримтлал үндсэн­дээ арчигдсан гэлтэй. XX зууны эхэн үеийн тэр эсэргэн жилүүдэд монголчууд Богд хаанаар удирдуулан эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж 200 гаруй жилийн гүн нойрноосоо сэрсэн. Гэвч тусгаар тогтнол бидэнд үе үеийн эх орончдын амьт нас, хөлст цусаар ирсэн юм.

Уламжлалт төрийн бодлогоо сэргээн баримтлах, хууль ёсоо тодорхойлох эрмэлзэл энэ он жилүүдэд хүчтэй сэргэсэн ч гадаад, дотоодын олон учир шалтгааны улмаас тэр бүрий амжилтад хүрч байсангүй. Их гүрнүүдийн дарамт шахалтан доорх Монголын тусгаар байдал өндөг адил туйлын эмзэг байсан нь түүхэн үнэн билээ. 

Гэсэн ч зуун жилийн өмнөх бид чадсан. Зарим нэг нь тусгаар тогтнолоо сэргээснийг Богд хаан тэргүүтний гавъяа гэхээсээ илүүтэй Манж улс задран бөхсөний зол гэдэг. Зуун жилийн тэртээх Чинь улсын уналт бидний тусгаар тогтнолд нааштай уур амьсгал болсноос хятадуудын гавъяа хэрхэвч биш.

Тэгээд ч монголчууд өөрсдийн хүчээр олон жилийн өмнөөс бэлтгэсэн тэмцлээрээ тусгаар тогтнолоо сэргээснийг нотлох олон арван баримт бий. Тэгээгүй атлаа Чин улсаас Их хүрээнд суусан хэрэг шийтгэх сайд Сандо-г Их хүрээнээс гарч явахыг шаардана гэж үү. “Их Хүрээнээс гарч явагтун” хэмээсэн бичгийг арванхоёрдугаар сарын 29-нөөс хэдэн сарын өмнө өгөх тэр мөчид Хятадын бослого гараагүй байсныг түүхчид нотолдог.

Тэрхүү бичгийг өгсөн гэдгийг нотлох бүрэн дүүрэн баримт байхгүйгээр далимдуулан үүнийг өнгөрсөн зууны хугацаанд үгүйсгэсээр ирсэн бид Оросын нөлөөнд байсаар ирсэнтэй холбоотой. Түүний баталгаа нь тэрхүү бичгийн эх буюу хуулбар нь өдгөө хаана байгаа, түүнийг хадгалж үлдсэн эсэхийг судлаагүй явдал. Үнэндээ оросууд өөрсдийнх нь тусламжтайгаар 1921 онд тусгаар тогтнолоо олсон гэж ухуулж, түүнд нь 70 жилийн турш тархиа угаалгасаар ирсэн. Одоо ч МАН өөрсдийгөө бусдаас илүү харагдуулахын тулд тархи угааж л байна. Гэсэн ч 1911 онд өөрсдийн тусгаар тогтнолоо сэргээж, 1924 онд хаант засаглалаас бүгд найрамдах засаглалд шилжсэн гэдгийг хэнбугайд ч хэлж чадахтайгаа болсон. Түүхэн баримтуудыг ч түүхчид дэлгэж байна. Судлаач З.Лонжидийн олж мэдсэнээр 1923 онд Чэнь Чунзү гэгч туурвиж Шанхайд хэвлүүлсэн зохиолд “Сандо 1911 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Хүрээний хэрэг шийтгэх сайдын яам гэнэт дөрвөн аймгийн ван гүн нарын нэр хамтран мэдүүлсэн өргөдөл нэгийг хүлээн авсан” гэдгийг тэмдэглэн үлдээсэн нь үүний нотолгоо гэсэн ч болно.

Нөгөөтэйгүүр 1911 оны хувьсгалын дараа монголчууд дэлхийн бусад гүрэнд өөрсдийн тусгаар тогтнолыг зарлаж, тэднийг хүлээн зөвшөөрүүлэх оролдлого хийж байв. Монголыг албан ёсоор хараахан зөвшөөрөөгүй нь тухайн улсууд хүчирхэг гүрний нөлөөлөлд байсантай ч холбож болно. Гэхдээ Богд хаант Монгол Улсыг хүлээн зөвшөөрч гадаадад хүлээн зөвшөөрч байсны нэгэн илрэл нь солонгос цагаачдын хүссэн тусламж. Энэ захидал өдгөө Үндэсний архивт хадгалагдаж буй. Японы колоничлолын үед Орос руу дүрвэсэн солонгосчууд ивээлдээ авахыг хүсч байжээ.

Түүгээр ч зогсохгүй Богд хаан гадаадын бусад оронтой дипломат харилцаатай байсан төдийгүй зарим улсын хийж буй үйлдэл, түүнээс гарсан үр дагаварт бие даасан шийдвэр гаргаж байв.

1911 оны хувьсгалаас хожим хятадууд Монголын автономит төрийг устгасны дараа Монголын зарим ноёд япончуудаас тусламж хүсэх санал гаргаж байж. Харин Богд үүнийг эсэргүүцэв. Өндөгний хальс шиг эмзэгхэн бэхжсэн тусгаар тогтнолоо хамгаалахын тулд япончуудаас тусламж хүсэх нь чонын амнаас барын аманд орохтой адилтгаж ийм шийдвэр гаргасан гэлтэй. Татгалзсан хариугаа “Японы цэрэг Солонгосыг эзлэн дарласан” гэдгээ тайлбарласан нь Дилав Хутагтын дурдатгалд үлджээ.

Тэр ч бүү хэл Богд хаант Монгол улс өнөөгийн парламентийн эхлэлийг тавьсан гэх бүрэн үндэс бий. Харамсалтай нь, 1911-1919 онд байсан Улсын дээд, доод хурал нь өрнийн соёлоос авсан төдийгүй оросуудын хүссэнээ гүйцүүлэхэд саад учруулж болзошгүй учраас төдийлөн таалагдаагүй бололтой.

Мэдээж өнөөгийн сонгодог парламентад тавигдах тэрхүү шаардлагыг тухайн үеийн хуралтай харьцуулах нь утгагүй. Гэхдээ бие даан шийдвэр гаргадаг. Засгийн газарт тухайн чиглэлээр зөвлөмж өгдөг байсан зэргийг нь харгалзвал хүлээн зөвшөөрч ч болох л юм.

Энэ мэтээр Богд хаант Монгол улсыг асуудлаа бие даан шийдвэрлэж, тусгаар тогтгнолоо сэргээсэн гэж үзэх олон зуун баримт бидний өмнө дэлгэгдэнэ.

Монголын төрийн бодлогын мөнхийн шинжтэй бат бэх оршихуйн үндэс нь улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах явдал гэдгийг зуун зууны туршид бидний өвөг дээдэс баримталж ирсэн гэлтэй. Гэхдээ бидний нэгээхэн хэсэг нь түүхэн үйл явдлыг өөрсөддөө ашигтайгаар тайлбарлаж ирсэн ташаарал бас бий.

Энэ нь мэдээж аливаа төр хувьсгалыг ямагт үгүйсгэж, харин төрийг хувьсгал үгүйсгэдэгтэй холбоотой ч байж мэдэх юм. Гэхдээ үндэстний эрх ашиг хэмээх нэгэн “бурхан” тусгаар тогтнолыг өөрийн эрхгүй хадгалан үлдэхэд хүргэж байдаг жамтай бөлгөө. Тусгаар тогтнол гээч улс орны амьдралын алтан хэлхээ үл тасалдахын үндэс төдийгүй шинэчлэл, уламжлал хоёрыг нэгтгэж, авах, гээхийн ёсоор хандахыг шаарддаг буй за. Тиймээс ч тусгаар тогтнолыг тусгаарлан аль нэг нам, эсвэл хүчинтэй холбон өмчилөх нь өөрөө утгагүй хэрэг.  Монголын тусгаар тогтнолыг МАН эсвэл Ардчилсан намаар хэзээ ч төсөөлөхгүй. Уучлаарай. Харин ч эсрэгээрээ. Эсвэл XIII зуунд дэлхийг чичрүүлсэн дайчин хөх цэргүүд, 1911 оны  VIII Богд Жавзундамба тэргүүтэй лам ноёдууд, нүүдэлчин, малчин л төсөөлөгддөг. Тэд өнөөгийн өөрсдийн ядмагхан эрх ашгийг дээгүүрт тавьдаг төрийн түшээдээс огт өөр бодолтой, тусгаар тогтнолынхоо төлөө юугаа ч зориулахад бэлэн байсан нь гарцаагүй. Тиймээс дэлхийгээс тусгаарлагдсан Монголын тусгаар тогтгол бүхнээс үнэтэй.

Улс орноо уруудан доройтуулж, сөнөж мөхөөхийг эс хүсч, өнө удаан оршин, туурга тусгаар улсын омогшил,  Монгол гэдэг бахархал цээжинд бадарна. Энэ дэлхийн хаана суугаагаас үл хамааран биднийг нэгтгэх их хүчин, Тусгаар тогтгнол мину.

Л.Нарантөгс

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж