Монгол Улс хүнээ арван жилд нэг удаа, харин малаа жил болгон тоолдог. Тэр уламжлалынхаа дагуу арванхоёрдугаар сарын 9-25-ны хооронд Монгол орон даяар мал тооллогыг явууллаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад малын тоо толгой дөрвөн саяар өсч, Монгол Улс 36 сая малтай боллоо гэдгийг Үндэсний статистикийн хорооныхон зарлав. Өөрөөр хэлбэл, жилийн эцсийн байдлаар манай улсын мал сүргийн тоо 36 сая 5.8 мянган толгойд хүрч, 2010 оныхоос гурван сая 276.3 мянга буюу 10 хувиар өссөн байна. Урьдчилсан дүнгээр адууны тоо толгой хоёр сая 93 мянга, үхэр хоёр сая 315 мянга, тэмээ 279.6 мянга, хонь 15 сая 509 мянга, ямаа 15 сая 809 мянгад хүрчээ. Адуу, үхэр, хонь, ямааны тоо өнгөрсөн оныхоос тус бүр 100 гаруй мянгаар өссөн бол тэмээний тоо толгой 10 мянгаар нэмэгдсэн аж.
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар бол хөдөө аж ахуй. Тэр ч утгаараа мал аж ахуйн салбарт төрөөс багагүй анхаарал хандуулдаг. Энэ жилээс мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхээр Ерөнхий сайд “Таван эрдэнэ” аяныг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон. “Таван эрдэнэ аян”-ын хүрээнд малын эмч нарын хангамжийг сайжруулахаа ч Засгийн газрын тэргүүн амалсан. Ямар сайндаа өнгөрсөн намар болсон малын эмч нарын чуулганы үеэр “Хүний эмч бол хүний л эмч, харин малын эмч бол хүн төрөлхтөний эмч” гэсэн яриа гарсан байх вэ дээ.
Энэ өвөл хөдөөд малын үнэ тэнгэрт хадаж байгаа юм байх. Хөдөөнөөс идшээ бэлтгэх гэсэн хүмүүс орон нутагт махны үнэ хотоос өндөр байгаа талаар ярьж байна лээ. Малчид ийнхүү өндөр үнэ хэлээд сууж байгаа шалтгаан нь цаг агаар тогтуун сайхан байгаагийнх байх. Цаг агаар эвгүйтэж магадгүй шинжтэй бол малчид малаа нядлаад мөнгө болгочихдог. Хамаг малаа нядлаад мөнгө болгосон малчин малаа зудад алдсан гээд төслийн хүрээн хөөрхөн малжаад авсан гэнэ лээ. Зудад малаа алдсан малчдад туслах аяныг төрс засгаас өрнүүлж, нийслэлчүүдийн нэг өдрийн цалинг хүчээр хурааж малчдад өгдөг нь ер нь тогтсон үзэгдэл. 2009 онд малчид хэцүүдлээ гээд л баахан хүний цалинг “хураасан”. Гэтэл нийслэлчүүд нэг килограмм махаа 5900-аар авна уу, 50 мянгаар авна уу үнэндээ малчдад огтхон ч хамаагүй. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймагт шүдлэн үхэр 400 мянган төгрөгөөр үнэлэгдэж байгаа бол соёолон үхэр 450 мянган төгрөг, хязаалан үхэр 500 мянган төгрөгт хүрч буй юм байна. Адуу ч мөн өндөр 400-800 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэнэ. Даага 200-250 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэнэ лээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан малын урьдчилсан дүнгээр малын нийт тоо 18 аймаг, Улаанбаатар хотод өссөн бол Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт 1.8-22.2 мянган толгойгоор буурсан дүнтэй байна.Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр аймагт малын тоо өмнөх оныхоос таван төрөл дээр өсчээ. Хамгийн өндөр өсөлттэй аймагт Өвөрхангай, Архангай Баянхонгор, Завхан Говь-Алтай аймаг багтаж байна.
Нийт мал сүргийн бүтцийн хувьд адуу 5.8, үхэр 6.4, тэмээ 0.8, хонь 43.1, ямаа 43.9 хувийг тус тус эзэлж байгаа аж. Өмнөх оныхтой харьцуулахад сүргийн бүтцэд ямааны эзлэх хувь 1.5 пунктээр өсч харин адуу, үхэр, хониных 0.1-1.1 пунктээр буурч, тэмээнийх өмнөх оны төвшиндөө байгаа аж.
Энэ жил цаг агаар тогтуун, зуншлага сайхан болсон болохоор малын тоо толгой дөрвөн саяар өсөхөд эерэгээр нөлөөлсөн байна. Малын тоо толгой жилдээ дөрвөн саяар өсч махын үнэ ч жилээс жилд нэмэгдсээр. Нийслэлчүүдийн өвөл хаврын хүнсний хэрэгцээнд зориулж энэ жил 12 мянган тонн махыг нөөцлөхөөр бэлтгээд байгаа юм байна.
Малын тоо толгой өссөн гэдэг үнэхээр сайхан мэдээ. Гэхдээ махны үнэ тэнгэрт хадаад байгаа нь тийм сайхан санагдахгүй л байна. Хүнээсээ хэд дахин илүү малтай, уламжлалт мал аж ахуй салбарыг хөгжүүлдэг Монгол Улсын иргэд махныхаа үнэд туйлдчихаад байгаа нь мал аж ахуйн салбарын хөгжил мөн юм болов уу.