Хувьцааны ханшийг “хакердаж” байна

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Хувьцааны ханшийг “хакердаж” байна

Манипуляци гэгч үнэт цаасны арилжааны нэгэн “хар үзэгдэл” Монголын хөрөнгийн биржид үүссэн байж болзошгүй гэж “АЭ” өмнө нь сануулсан даа. Бидний сануулга жинхэнэ утгаараа болсон нь тогтоогдлоо.

Өнгөрсөн хавраас эхлэн, Монголын хөрөнгийн биржид арилжаалагдаж буй үнэт цаасны ханш огцом өсч, бас буурах үзэгдэл энгийн үзэгдэл мэт “хавтгайраад” байсан юм. Үүнийг эхэндээ тухайн компаниудын хувьцааны эрэлт эрс ихэссэнтэй холбон тайлбарлах гэж оролдсон. Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Сөдөт” /одоогийн “Эй Пи Пи” ХК/, “Монгол мах экспо” ХК, “Хэрэглээ импекс” ХК, “Бэрх уул” ХК, “Гурил тэжээл Булган” ХК гэсэн таван шалгалт хийх болсноо зарлаж, үйл ажиллагааг нь зогсоосон. Эдгээр компаниудыг үнэт цаасны үнэ ханшид зохиомлоор нөлөөлсөн, дотоод мэдээллээ ашиглан арилжаанд оролцсон, нийтэд болон хөрөнгө оруулагчдад хүргэх мэдээллийг нуун дарагдуулсан байж болзошгүй гэж үзсэн юм. Гэхдээ арваннэгдүгээр сарын 28-нд “Дурдсан таван компанийг зохих журмын дагуу ажиллаж байжээ” гээд  үйл ажиллагааг нь сэргээсэн. 

Тэгвэл сарын дараа буюу арванхоёрдугаар сарын 26-нд Санхүүгийн зохицуулах хороо өмнөх шийдвэрээ үгүйсгэв. Шалгалтаар Монголын хөрөнгийн биржээр дамжуулан үнэт цаасны арилжаа эрхэлдэг компаниуд хууль зөрчиж, зохиомлоор  хувьцааны үнэ ханшийг өсгөж, бууруулж байсан нь тогтоогдлоо гэж зарлав.

Арилжаанд оролцохдоо бусад компанийн хувьцааны ханшийг “Бидисек” ХК, “Азиа Пасифик секюритис” ХК зохиомлоор унагасан аж. Харин хуурамчаар ханш өсгөсөн үйлдлийн буруутан нь “Дархан брокер” ХХК, “Превалент” ХХК-ийн дилер Ё.Санчир байжээ. Гэхдээ олон арван хувьцаа эзэмшигчдийг хохироосон тэдэнтэй тооцсон хариуцлага нь олсон мөнгөнийх нь хажууд инээдтэй. Учир нь 2003 оноос хойш мөрдөгдөж буй Монголын үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар дээр дурдсан хэрэгтэй иргэнийг 20-40 мянга, албан тушаалтныг 30-60 мянга, албан байгууллагыг 200-250 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалттай гэнэ. Энэ ч ёсоор “Бидисек” ХК нь “Бэрх уул” ХК-ийн хувьцааны ханшийг, “Азиа пасафик секюритис” ХХК “Эй Пи Пи” ХК /хуучнаар“Сөдөт” ХК/ -ийн хувьцааны үнэ ханшийг зохиомлоор унаган худалдаж авсныхаа төлөө 250 мянган төгрөгөөр торгуулжээ.

“Бэрх Уул” ХК  19,39 сая гаруй ширхэг хувьцаатай. Хамгийн багаар тооцоо хийгээд үзье л дээ. “Бидисек”ийнхэн “Бэрх Уул”-ын нэг ширхэг хувьцаанаас нэг төгрөг бууруулж авлаа гэхэд 20 орчим сая төгрөгийг олно гэсэн үг. Түүнийхээ хариуд 250 мянган төгрөгийг торгуульд төлнө.  

Харин брокер дилерийн “Дархан брокер” ХХК, “Превалент” ХХК-ийн дилер Ё.Санчир нар хамтран “Тээвэр Дархан” ХК-ийн хувьцааг өсгөсөн нь тогтоогдож, мөн л 250 мянган төгрөгөөр торгуулсан. Харин үнэт цаасны ханшид зохиомлоор нөлөөлсөн ажилтныг 40-60 мянган төгрөгөөр торгоно гэсэн “нүнжигтэй” хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгуулсан байна. 

Санхүүгийн зохицуулах хороо сая, саяар ашиг олсон этгээдүүдийг нийлүүлээд сая хүрэхгүй төгрөгөөр торгожээ. Тэдний хуулиар олгогдсон эрх нь энэ юм хойно, яая гэх вэ. Өөрсдөө л хянуур байх үлдэж. Аргаа барсан Санхүүгийг зохицуулах хорооныхон цөхрөнгөө бараад доорх зарлалыг цахим хуудсандаа тавьсан байна лээ. Уншчихад илүүдэхгүй буй за.

Брокер, дилерийн компаниудын анхааралд: Цаашид үнэт цаасны үнэ ханшид зохиомлоор нөлөөлсөн, дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцсон, нийтэд болон хөрөнгө оруулагчдад хүргэх мэдээллийг нуун дарагдуулах замаар зах зээлийг урвуулан ашигласан үйлдэл хийсэн мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн нарын тусгай зөвшөөрөл, эрхийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг хатуу АНХААРУУЛЖ байна гэсэн харагдана.

Б.ОЙНБИЛЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж