2011 оны дэлхийн онцлох үйл явдлууд | News.MN

2011 оны дэлхийн онцлох үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

2011 оны дэлхийн онцлох үйл явдлууд

2011 оны дэлхийн онцлох үйл явдлууд
Фүкүшима цөмийн эрчим хүчний хэрэглээнд эргэлзээ дагуулав

Өнгөрсөн гуравдугаар сарын 11-ны өдөр Японд 9,2 магнитудтай газар хөдөлж, хөнөөлт цунами дагуулав. Тус орны зүүн хойд хэсгийг дайрсан цунамийн өндөр нь 23 метр байсныг эрдэмтэд тогтоосон. Нийт 22 мянга орчим хүн амиа алдан сураггүй болсон байна. Энэ гамшгийн хамгийн хөнөөлт үр дагавар нь цунамид өртсөн цөмийн цахилгаан станцаас үүдэлтэй. Дэлхийн олонх орон цөмийн эрчим хүчний хэрэглээг дэмжих эсэхэд эргэлзсэн байр суурь сонсогдох болж, зарим орон цөмийн эрчим хүчний хэрэглээнээс татгалзахаа мэдэгдлээ.

“Фүкүшима-1” станцын нэгдүгээр блок гуравдугаар сарын 12-нд дэлбэрч агаар мандалд цацраг идэвхт цезий хаясан бол тус станцын гуравдугаар тогоонд гуравдугаар сарын 14-нд хоёр ч удаа устөрөгч дэлбэрэв. Цөмийн станцад гарсан энэ осол 1986 онд дэлбэрсэн Оросын Чернобылийн цөмийн станцын хор хөнөөлийг дэлхий нийтэд дахин сануулав. Гамшгийн хор хохирлын эцс­ийн дүн өнөөг хүртэл гараа­гүй байна. Дэлхийн банкны тоо­цоо­гоор энэхүү цунами, газар хөд­лөлтийн хохирол 235 тэрбум ам.доллар гэж үзсэн. Нэн түрүүнд сэргээгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтад энэ оны төсвөөс 12 тэрбум ам.долларыг зарцуулах ёс­той бөгөөд хувийн даатгалын байгууллагын хохирол нь 33 тэр­бумд хүрч магадгүй гэж тус банк­ны илтгэлд өгүүлсэн юм. Харин япончууд хохирлоо 150 тэрбум ам.доллар хүрнэ гэж байлаа.

Цунами, “Фүкүшима”-гийн осол Японы төдийгүй дэлхийн эдийн засагт доргилт үүсгэж, олон орны бизнесийн салбарт цохилт болов. Тайланд дахь япон машины угсралт зогсч, Японы зүүн хойд нутгийн үйлдвэрүүдэд эд ангийн хомсдол нүүрлэж, Өмнөд Солонгосын цахим барааны үйлдвэрлэлийн ой санамжийн картын үнэ нэмэгдэж, биржүүдийн индекс савлав. Японы байгалийн гамшиг даатгалынханд 35 тэрбум ам.долларын зарлага дагуулсан. Хэрэв цөмийн станцуудын бүх байгууламж нь даатгалтай байсан бол энэ хохирол улам нэмэгдэх байв.

Путин эргэн “ирлээ”

Агуу Орос орныг 2000-2008 онд захирч байсан Владимир Путин ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгийг өнөөгийн Ерөнхийлөгч Дмитрий Медведев Нэгдмэл Орос намын их хуралд зарласан нь оросуудын төдийгүй дэлхийн улс орнуудын хувьд цочир мэдээ байлаа. Хуулийн дагуу 2008 онд Ерөнхийлөгчийн суудлаа өгөхөөс өөр аргагүй байсан Путин өнөөгийн Ерөнхийлөгч Дмитрий Медведевийг гараас нь хөтлөн гаргаж ирсэн билээ. Цагтаа Путиныг Борис Ельцин гараас нь хөтлөн гаргаж ирж байсан билээ. Дүү Медведевээ хуучин сэнтийдээ залж, өөрөө Ерөнхий сайдын албыг авсан Путин далдаас Оросын улс төрийг удирдсаар байгаа гэдэг. Владимир Путин ирэх гуравдугаар сарын 6-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэг нь тэрбээр хуучин сэнтийдээ эргэн заларна гэсэн үг юм. Путины “Бид бүхнийг хэдэн жилийн өмнө ярилцан тохирсон байсан” гэсэн мэдэгдэл үүнийг нотолж байгаа юм.
Бараг л томилогдчихоод байгаа “шинэ ерөнхийлөгч” Засгийн газар ард түмнийхээ итгэлийг алдсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд гурав дахь удаагаа сонгогдонгуут “шууд ардчилал”-ыг хэрэгжүүлнэ гэж амлаж байна. Путинд шууд ардчиллыг өргөжүүлэх тодорхой санаа байгаа ч үүнийгээ зарлах нь арай эрт байгаа гэнэ.

Гэсэн ч Путины үгэнд оросууд итгэхгүй байгаа нь хоёр долоо хоногийн өмнө болсон Думын сонгууль, сонгуулийн үр дүнд дургүйцсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглаан харуулж байна. Ардчиллын үнэт зүйлсийн нэг болох чөлөөт хэвлэл мэдээллийг нухчин дардаг, хүний эрх, эрх чөлөөг боомилдог гэсэн эдгээр тодотголууд Путины нэрийн хамт бичигдсээр байгаа билээ. Эсэргүүцлээ илэрхийлж буй оросууд Путиныг дахин төрийн тэргүүнд гаргах дургүй байгаа юм. Путины Нэгдмэл Орос нам Думын сонгуульд энгийн олонхийн санал авч, нэр хүнд нь доошилсан. Эсэргүүцлийн уур амьсгал улам газар авч байна. Мөн олон улсын цөөнгүй байгууллага ОХУ-ын эдийн засгийн чансааг бууруулан, цаашид ч аюулын дохио улам ихэсч магадгүй гэсэн дүгнэлт гаргаад байгаа юм. Путин эрх мэдэлдээ эргэн очих нь тодорхой ч үүссэн нөхцөл байдлыг хэрхэн тохинуулах нь тодорхойгүй. Үүнийг ирэх 2012 он харуулах бизээ.

Хохирол ихтэй араб хувьсгал

Тунисаас эхэлсэн “Арабын хувьсгал” ойн түймэр мэт Ойрхи Дорнод болон Хойд Африк дахь Арабын орнуудад ээлж дараалан ноцсоор Йемен, Бахрейн, Египет болон Сирийг хамран үргэлжилсэн юм. “Арабын хувьсгал” нэг талаас тухайн орнуудад урт удаан хугацаагаар ноёрхож ирсэн авторитари дэглэмийг нурааж, өөрчлөлтийн салхийг өдөөсөн ч нөгөө талаараа хүмүүнлигийн болон эдийн засгийн багагүй хохирлыг авчирсан байна. Хувьсгалын цунами Ойрхи Дорнод ба Хойд Африкийн орнуудад нийтдээ 55 тэрбум ам.долларын санхүү­гийн хохирол авчирлаа гэж Geopolicity гэдэг олон улсын зөвлөх агентлагийн гаргасан тооцоонд дурджээ. Харин энэ үнэлгээнд хүний хохирол тооцогдоогүй байна. Хамгаас илүү их хохирлыг Сири болоод Ливи улс амссан гэсэн дүн гарч байгаа юм. Хувьсгалаас болж үйлдвэрлэлийн бүтээмж унаж Сири, Египет, Ливи, Тунис, Бахрейн, Йемений дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл нийлээд 20 тэрбум ам.доллараар буурсан байна. Эдгээр орны төсвийн нийт хохирол нь 35 тэрбум ам.доллар болж байгаа ажээ.

Сирийн Башар Ассадын дэглэмтэй тэмцэгсэд нэг биш удаа хийн болон нефтийн хоолойг дэлбэлэв. Сөргөлдөөний эхэн үеэс тус оронд жуулчид  очихоо больжээ. Египетийн жуулчны урсгал 2-5 сард хооронд 60 хувиар буурсан байна. Ливийн иргэний дайн дэд бүтцийг нь ихээхэн хохироов. Нефть боловсруулах таван үйлдвэр нь түүхий эдгүй болж наймдугаар сард бүрэн зогссон байна. Нефть савлах зургаан цогцолбор бөмбөгдөлтөөр бүгд багагүй сүйрсэн аж. Нефтийн экспортлогчид хожиж, импортлогч нар нь хожигдов. “Ливи, Египет, Сири улсууд хүмүүнлигийн болон эдийн засгийн хамгийн өндөр үнийг хувьсгалд төлж байна” хэмээн уг илтгэлд өгүүлжээ. Харин олон нийтийн эсэргүүцэл гараагүй хөрш орнууд нь энэ үеийг амжилтаар дүүрэн үджээ. Саудын Аравид улсын төсвийн зарлага 25 хувиар, Арабын нэгдсэн эмиратад 31,8 хувиар тус тус өссөн байна. Эдгээр орнуудын нефть олборлолт нэмэгдэж , нийгэм улс төрийн зарим өөрчлөлтүүдэд ихээхэн мөнгө гаргажээ. Үүний зэрэгцээ олон улсын зах зээл дэх нефтийн үнэ өндөр хэвээр байгаа юм. Энэ мэт ирэх онд дамжин уламжлагдах үр дүн, уршиг дагавраас гадна Араб хувьсгал өөрөө ч хоёр он дамжин үргэлжилсээр байх бололтой.

Евро “сэхээнээс” гарах уу

Одоогоос хоёр жилийн өмнө дэлхийн санхүүгийн чуулга уулзалтын индэр дээрээс Францын эдийн засагч Рубини “Евро хоёр жилийн л настай” гэж мэдэгдэж байж билээ. Тухайн үед гайхал төрүүлж байсан энэ таамаглал өнгөрч буй 2011 онд бараг л биелэх дөхсөн билээ. Оны төгсгөл рүү Европын санхүүгийн хоолойд тээглэсэн яс болж байсан Грек орны өрийн асуудлыг хэрхэх тухай Брюссель хотноо хэлэлцэж байх үед үнэхээр евро гэдэг мөнгөн тэмдэгт дампуурах вий гэсэн бодол олон ажиглагчдын толгойд орж ирж байсан гэдэг. Олонх эдийн засагчийн дүгнэснээр бол евро хэмээх нэгдсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ олон зүйлийг дутуу бодсон эсвэл зөнд нь хаяснаас ийнхүү Евро бүсийн орнууд санхүүгийн хямралд орсон гэж дүгнэдэг ажээ. Тухайлбал санхүүгийн нэгдсэн бодлого төдий л тодорхой бишийн дээр санхүүгийн сахилга хариуцлагыг тооцох механизмыг бий болгоогүйгээс ийнхүү Евро бүсийн зарим орнуудад төсвийн алдагдал хэрээс хэтэрч хямрал үүсэхэд нөлөөлсөн гэж үздэг байна.

Евро бүсийг анх бий болгож санхүүгийн нэгдсэн мөнгөний бодлогыг тогтоохдоо хамрагдаж байгаа орнууд төсвийн алдагдлаа ДНБ-ий таван хувиас хэтрүүлэхгүй байхаар амлалт авсан ч Грек, Португаль, Ирланд зэрэг орнууд төлөх чадвараасаа хэт их төсвийн зардал, халамжийн мөнгө тарааснаас болж ийнхүү хямрал үүсэн болох нь тогтоогдсон байдаг. Тухайлбал Грек улсын гадаад өрийн нийт хэмжээ 327 тэрбум еврод хүрсэн байсан нь нь ДНБ-ний 150  хувьтай тэнцэж байгаа юм. Энэ талаар Европын төв банкны тэргүүн “Грек улс хоёр дахь удаагаа санхүүгийн тусламж авч болох ч зээлийн маш хатуу нөхцөлийг хүлээн зөвшөөрөх болж байгаа юм” гэж байжээ.Үнэхээр ч Грекийн шинэ Засгийн газар маш хатуу амлалтыг зөвшөөрсний эцэст хоёр дахь санхүүгийн туслалцааг авахаар тохиролцоо хийж чадсан юм. Гэвч асуудал дуусаагүйгээр барахгүй Европын томоохон эдийн засагтай Итали, Испани болон хамгийн найдвартай гэж байсан орнуудад ч өрийн асуудал нүүрлэв. Өнгөрсөн сарын сүүлээр Францын 10 жилийн хугацаатай облигаци унан ашгийн төвшин нь Европын холбооны жишиг болдог Германы ижил төстэй үнэт цаасны суурь үнэлгээнээс (немцийн үнэт цаасны ашиг 1,77%)  189 пунктээр дээр болсон байв. Австрийн хувьд энэ ялгаа нь 192 суурь пунктээр илүү байлаа. Энэ бүгд нь евро бүс оршин тогтнож ирснээс хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Франц, Австри нь олон улсын зээлийн ААА хамгийн найдартай зээлдэгч гэсэн ангилалтай байсан. Гэтэл үнэт цаасны орлогын төвшин нэмэгдсэн нь эдгээр орнууд чансааны дээд зэрэглэлд таарч тохирохгүй гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.

Өнгөрсөн есдүгээр сард, евро бүсийн аж үйлдвэрлэлийн гаргалт 4,2 хувиар, урт хугацааны хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3,8 хувиар, богино хугацааны хэрэглээний барааны үйлдвэрлэл 1,3 хувиар, завсрын бараа бүтээгдэхүүний гаргалт 2,2 хувиар тус тус буурчээ. Мөн эрчим хүчний үйлдвэрлэл 1,4 хувиар буурсан байна. Мөн энэ бүсийн орнуудаас Эстонийн үйлдвэрлэл 10,9 хувиар буурсан нь толгой цохив. Дараалаад Португали 5,8 хувь, Итали 4,8 хувь, Ирланд 3,5 хувь, Испани 1,3 хувь гэх зэргээр үйлдвэрлэл нь унасан дүр зураг харагдаж байгааг үзүүлэлт харуулжээ. Евро бүсийн хоёр том эдийн засаг Герман, Францад есдүгээр сарын аж үйлдвэрлэлийн уналт нь тус тус 2,9 хувь ба 1,9 хувь байлаа.

Энэ бүхнийг харахад Евро бүсийн санхүүгийн хямрал хэзээ зогсох нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Эргэлтийн босгон дээрх Хойд Солонгос

Өнгөрч байгаа 2011 он “дээдсүүдэд” халгаатай жил болж өндөрлөж байгаа билээ. Хойд Солонгос буюу 1950-иад оноос Ким Ир Сенийн үүсгэн байгуулсан гэгддэг БНАСАУ-ын хоёр дахь үеийн удирдагч Ким Чен Ир гэнэт нас барсан нь харш ширүүн жилийн хамгийн айхтар доргионы нэгийг үүсгээд авсан юм. Хойд Солонгосын удирдагчийн гэнэтийн үхэл тус бүс нутгийн зарим орныг тэр чигт нь сандаргаж шууд л дайны байдалд оруулсан нь Хойд Солонгос тухайн орнуудын хувьд ямархуу “нэр хүндтэй” байдгийг харуулсан хэрэг болов.

Хойд Солонгосын албан эх сурвалж өөрийн удирдагчаа ажлын аялал хийж явах үедээ ачааллаа даалгүй өөд болсон гэж байгаа ч үнэндээ бол 69 настай Ким Чен Ирийн эрүүл мэндийн байдал ийм гэнэтийн явдалд хүргэсэн гэж эх сурвалжууд баталж байна. Удирдагчийн үхлийн дараа Өмнөд Солонгос армиа дайны цагийн байдалд оруулж, Японы хүчний байгууллага орон даяар онц байдалд ажиллах горимд шилжсэн зэрэг нь Хойд Солонгосын улстөрийн огцом эргэлт дайны байдал үүсгэнэ хэмээн сэрэмжилснийх байв. Гэвч Хойд Солонгосын гурав дахь үеийн удир­дагч гэж хэлж болох Ким Чен Ун-ийн анх­ны тушаал шийдвэр дээрхи айдас болгоомжлолыг бага ч гэсэн үргээсэн байж болох юм. Тэрээр өөрийн улсын ар­мийн бие бүрэлдэхүүнд аливаа цэр­гийн сургууль болон бусад маневрууд хийх­гүй байх тушаал өгсөн нь магадгүй олон ажиглагчдын таамаглаж чадаагүй гэнэтийн шийдвэр ч байсан байж болох юм. Үнэндээ бол саяар тоологдох цэргийн хүч бүхий армитай, цөмийн зэвсэгтэй Хойд Солонгосыг 27-хон настай идэр залуу удирдах болсон нь  хүүхдийн гарт гал­тай цучил атгуулсантай адил хэмээн тооцоолж байсан улс орон цөөнгүй байсан биз. Энэ гэнэтийн шийдвэр гаргахад Хойд Солонгосын шинэ залуу удирдагчид юу нөлөөлсөн байж болох талаар олон таамгууд гарч ирэв. Магадгүй тэрбээр баруунд буюу Швейцарьт суралцаж байсан нь, бас NBA-ийн тоглолтуудыг сонирхож сагсан бөмбөгийн агуу ододтой хамт зургаа авахуулах зэргээр нээлттэй нийгмийн төлөвшлийг шингээж байсан нь ийнхүү эерэг шийдвэрүүдийг гаргахад нөлөөлж байгаа мэт харагдаж байлаа. Түүний дээр хоёрхон өдрийн өмнө Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Ким Дэ Жүний эхнэр хатагтай Ли Хихо-г залуу удирдагч Ким Чэн Ун өөрийн биеэр хүлээн авч уулзан эмгэнэл илэрхийлэхийг зөвшөөрсөн нь  бас л нэг өвөрмөц шийдвэр байлаа.

Энэ нь Хойд Солонгосын залуу удирдагчийн хувьд Өмнөд Солонгосын төлөөлөлтэй хийсэн анхны уулзалт нь болж байгаа аж. Энэ уулзалт үндэс угсаа нэгтэй энэ хоёр орны харилцааны нааштай ирээдүйн шинж тэмдэг болох эсэхийг Ким Ун-ийн дараа дараагийн шийдвэрүүд харуулах биз. Хэрэв Хойд Солонгосын гуравдахь үеийн удирдагч дээр дурдагдсантай адил гэнэтийн атлаа нааштай шийдвэрүүдийг гаргаж өмнөх үеийн удирдагчдаас арай өөрөөр өнөөгийн нөхцөл байдалд, ялангуяа гадаад харилцааны асуудалд хандаж эхэлбэл зөвхөн тус улсын төдийгүй тухайн бүс нутгийн нөхцөл байдалд жинхэнэ эргэлт авчрахаар харагдаж байгаа юм.

Тэгэхдээ зарим эх сурвалж Хойд Солонгосын удирдлагыг шинэ залуу удирдагч Ким Ун ганцаараа гартаа авахгүй, харин улстөрийн хамтарсан багийн хэлбэрээр удирдана гэсэн мэдээлэл тарааж байгаа юм. Шинэ удирдагч Ким Чен Ун хүргэн ах Чан Сун Тек болон бусад цэргийн удирдлагуудын хамтаар улс орноо удирдана гэж үзэж байгаа нь үнэн бол Хойд Солонгост нааштай өөрчлөлт гарлаа ч огцом эргэлт гарахгүй байж болох юм. Магадгүй нэгэн цагт Хятад улс хэт туйлширсан коммунист шинж чанараас аажмаар чөлөөт эдийн засаг бүхий нээлттэй улс орны хэв шинжийг олсонтой адил Хойд Солонгос ч мөн аажмаар нээлттэй хөгжлийн замаар шилжэх байдал ч үүсч болох юм. Үүнийг шийдэх гол хүн нь цэл залуу удирдагч Ким Чен Ун байх болно гэдэг нь л одоогоор тодорхой байна.

М.НАСТ, Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hulan 2011-12-28 202.126.91.152

за энэ ч яахав сайхан шаалзмаар байна

Avatar

USA-s orj irseniphone 4s zarna 2011-12-28 182.160.11.182

USA-s dunguj say orj irsen apple iphone 4s factory unlocked har ungutei 64GB zarna utas-99631225

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж