Дэлхийн хамгийн хүйтэн бөгөөд хамгийн их хорт утаатай, хэзээ ч ус цахилгаан тасарч, магадгүй хаанаас ч хамаагүй “галзуу хулгана” ирж мөргөөд алчих гэдэг, хэзээ ч хамаагүй амь үрэгдэх “боломж”-той учраас Монголд хэн ирж ажиллаж амьдрахыг магадгүй, амьдралаа алдахыг хүсэх вэ дээ. Тийм ч учраас Монголд ажиллаж байгаа гадаадын элчингүүд, ажилтнуудаа хүнд хортой нөхцлийн нэмэгдэл олгодог гэсэн. Хэчнээн нэмэгдэл цалин олголоо төв Азийн тэсгим өвлийн жавар, хүйтэн хуурай амьсгал, дээр нь гашуун утаасаа болоод уушиггүй болохыг хэн хүсэх билээ. Аргагүй эрхэнд л Монголд хэд хоног ч гэсэн тэсэхийг хичээдэг. Үр хүүхдүүдээ бол Монгол руу дагуулж ч ирдэггүй гэсэн. Ямар ч эцэг эх хүүхдээ ийм аймшигтай орчинд ганц өдөр ч гэсэн байлгахыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс элчингийнхэн утаат Улаанбаатараас хэсэн хугацаанд ч болтугай холдох гайхамшигт мөрөөдлийн өдрүүдийг Крисмасын баяраас илүүтэйгээр тэсгэл алдан хүлээдэг. Зарим нь дулаахан нарлаг, зарим нь хүйтэн сэрүүн боловч ямар ч л гэсэн Улаанбаатар шиг утаагүй нутагтаа очиж, магадгүй зарим нь дал модны сүүдэрт хэвтэнгээ, эсвэл зарим нь Альпийн нурууны нүд нэвтлэм цас оргилыг харж зогсохдоо амралтаа аваад ум хумгүй Буянт-Ухаагийн нисэх буудалд ирээд онгоц руугаа яаранхан, нусаа татан, даарсан чихээ үрэн дараалал хүлээн зогсч байснаа санах биз.
Магадгүй хөөрхий Жон ч юм уу Дэвид өнөөдөр тэсгим хүйтэн бөгөөд хорт утаатай Улаанбаатар руу буцаж очих халшрам аймшигтай өдрүүдийн талаарх аймшигт бодол тархинд нь зурсхийн орж ирмэгч, ар нуруу нь зарсхийж, давхийн цочиж байгаа байх даа.