МАН-аас МАХН төрөв
Уг үйл явдлын шалтаг шалтгаан, эх үндэс нь өнгөрсөн онд ч тавигдсан юм биш, бүр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараанаас эхэлсэн гэж болно. 1996 оны УИХ-ын сонгуулиас хойшхи бүх сонгуульд ялалт байгуулж ирсэн МАХН-ын дарга асан Н.Энхбаяр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “Манай намын удирдлагууд нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан” хэмээн мэдэгдсэн билээ. Монголын төрийг 13 жил ээлжгүй эзэгнэсэн түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа нэр дэвшээд, дараа нь УИХ-ын нөхөн сонгуульд нийслэлийн Чингэлтэй дүүргээс нэр дэвшээд мөн ялагдсан нь түүнийг сэтгэл зүйн хувьд жинхэнэ “шок”-ын байдалд аваачсан байх.
Харин МАХН-ын дарга С.Баяр түүний энэ мэдэгдлийг үгүйсгээд зогсоогүй улс төрийн нэлээд хатуу дайралт, хариу хамгаалалтуудыг хэвлэлээр дамжуулан хийсэн юм. “Гарахдаа гэрлээ унтраа”, “Улс төрд ирж чадсан шигээ явж чаддаг бай” гэх мэтийн намынхаа хуучин даргын өмнөс зөвхөн тэр л хэлж чадах үгсийг удаа дараагийн ярилцлагуудаараа дайсан байдаг.
Удалгүй 2010 оны төгсгөлд эрх баригч МАХН-ын XV их хурал болж МАХН-ын нэрийг МАН-аар солих асуудлыг хэлэлцэхэд намын Удирдах зөвлөлийн энэ шийдвэрийг их хурлын гишүүдээс эсэргүүцэж үг хэлсэн ганц хүн нь Н.Энхбаяр байлаа. Түүнийг намын даргаа өгсний дараа ч нам дотроо цөөнх болж, “Элсний 13” хэмээгдэн Н.Энхбаярыг мөрлөж байсан нөхдөөс нэг нь ч үг дуугараагүй нь гайхалтай шүү.
Тэгээд удалгүй 2011 он гарч, Н.Энхбаярын хүлээсэн цаг мөч ирсэн бөгөөд тэр намын удирдлага, Сү.Батболд, У.Хүрэлсүхийн фракц, шинэ үеийн хөрөнгөтнүүдэд шахагдсан соц үеийн сэхээтнүүд, социализмыг шүтэн бишрэгчдийг цуглуулан хуралдуулж, МАХН-ыг сэргээн байгуулснаа зарласан юм. МАХН нэрийг эгнэгт халсан МАН-ын удирдлагууд тэр даруй Улсын дээд шүүхэд хандаж, өргөдөл гомдол гаргасан ч хачирхалтай нь Дээд шүүхийнхэн огт өөр шийдвэр гаргасан юм. Уг нь Н.Энхбаярыг намын дарга байх үед Улс төрийн намын тухай хуулинд “Нам нэрээ сольсон, татан буугдсан тохиолдолд хуучин нэр нь 25 жилийн турш тухайн намын өмч байна” хэмээн өөрчлөлт оруулсан байсан ч Улсын дээд шүүх энэ заалтыг “Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг боогдуулсан” гэж үзэж, МАХН-ын нэрийг сэргээсэн нь Дээд шүүхийн хувьд тун гайхалтай, түүхэндээ анх удаа гаргасан шийдвэр билээ.
Тиймээс МАХН-ын нэрийг Дээд шүүхээс сэргээж, улс төрийн ууган нам түүхэндээ анх удаа салан тусгаарлах үйл явцтай тулгарсныг 2011 оны улс төрийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.
Оросууд Афганистаныг эзлэхээр дайран орсон үед ууланд бүгсэн афганчууд цэргүүдээсээ хувцсаараа ялгарах удирдагчдыг нь зөвхөн намнаж, удирдлагагүй болсон цэргүүд учраа олохгүй хядуулж, эсвэл ухарч байжээ. Удаа дараагийн ийм үйлдлээс болоод оросууд цэргийн хувцсаа шинэчлэн, офицер, цэрэг хоёроо ижил хувцастай болгосон юм билээ. Үүнтэй адил удирдлагууд нь ямар нэгэн байдлаар байнга “суманд оногддог” байгууллага бол Авлигатай тэмцэх газар. 2010 оноос эхэлсэн энэ байгууллагыг удирдлагагүй болгох “төлөвлөгөө” өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг баривчилснаар хэрэгжив. Энэ төлөвлөгөө энэ оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл найман сар буюу 239 өдрийн хугацаанд хэрэгжсэн юм.
УИХ-ын гишүүдтэй, төрийн өндөр албан тушаалтантай, Засаг дарга нартай холбоотой хэргүүд замхрав. Гурван жилийн өмнө авлигын индексээрээ дэлхийн 183 орноос 102-т орж байсан Монгол Улс энэ жил 120-д ортлоо ухрав.
Ер нь энэ байгууллагыг жинхэнэ утгаар нь ажиллуулах сонирхол бий эсэх эргэлзээтэй болов. Энэ байгууллагыг анхны дарга Б.Дангаасүрэнг томилогдсон өдрөөр нь байгуулагдсан гэж тооцвол 2006 оны арванхоёрдугаар сарын 28-нд гэж хэлнэ. Гэсэн ч дарга нь томилогдсон ч цэрэг байхгүй он дамнасан. Ингээд албан ёсоор 2007 оны хоёрдугаар сараас ажиллаж эхэлсэн байна. Үүнээс хойш найман сарын дараа буюу 2007 оны аравдугаар сарын 25-ны өдөр Австралийн Сидней хотноо Б.Дангаасүрэн учир битүүлгээр өөд болов. Дэргэд нь гэрчүүд байсан энэ үхлийн нууц учир битүүлэг хэвээрээ л үлдсэн. Тайлагдаагүй оньсого. Үүнийг авлигын сүлжээг илрүүлэх гэсний эсрэг арга хэмжээ гэх хүмүүс ч бий.
Бас л хоёр сарын турш энэ байгууллага удирдлагагүй болов. 2007 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр энэ байгууллагын даргаар Чимэгээгийн Сангарагчааг томилсон юм. Хоёр жилийн дараа Ч.Сангарагчааг хэрэгт холбогдуулан баривчлагдаад, яллаад, өршөөсөн. Эцэст нь ажлаа өгсөн. Түүнийг яг ямар хэрэг үйлдсэн бэ гэдгийг “Төрийн нууцтай холбоотой учраас дэлгэрүүлэх боломжгүй” гэдгээр хаадаг.
Энэ хоёр даргыг ажиллах хугацаанд улстөрчидтэй холбоотой, төрийн томоохон албан тушаалтнуудтай холбоотой үй олон хэргийг хэвлэлийнхэн шуугиулж байсан ч нэг нь ч шүүхээр шийдэгдээгүй. Харин ч эсрэгээрээ удирдлагууд нь зайлуулагдсан гэж хардахаар.
Эцэст нь АТГ-ын даргаар Н.Ганболд, дэд даргаар Б.Хурц нарыг томиллоо. Тэд хэрхэн ажиллах, тэднийг цаашид хэрхэх эсэх нь дараа дараагийн түүхийн хуудаст тэмдэглэнэ.
Ямартай ч энэ жилийн авлигын эсрэг тулаанд найман сарын турш удирдагчгүй байсан арми ухралтанд оров.
Монголын уул уурхайн баялгийг хамтран ашиглах боломж олохоор гадны тэргүүнүүд ар араасаа ирцгээв.
Хамгийн шулуухан санаагаа илэрхийлсэн нь БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг. Тавантолгойн тендерт Өмнөд Солонгосын компани Японтой хамтран консорциум болон оролцсон ч тоймтой хувь хүртэж чадаагүй. Ингээд Тавантолгой болон шинээр барих төмөр замын төсөлд оролцох хүсэлтээ шууд илэрхийлэв. Ирснийхээ хэргийг бүтээж огт оргүйгээс оролцох эрх халааслаад буцав.
Мөн энэ сард АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден ирэв. Энэ удаагийн айлчлалыг нь “Зайл” гэх лоозонтой иргэний хөдөлгөөний жагсаалаар угтсан нь ховор тохиолдол болов. Ирж буй зочноо хөөсөн бухимдал нь “цөмийн хаягдлыг Монголд булшлах гэрээ хийх нь” гэх хардлага. Харин гол сэдэв Тавантолгойн хувьд хувь хэмжээний талаар албан ёсоор яриагүй ч АНУ-ын том компаниудын нэг “Пибоди Энержи”-г Монголд үйл ажиллагаагаа явуулахаар болгоод буцсан нь урагш алхаж байгааг нь харуулав.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель дараагийн зочин боллоо. Ирэхийнх нь өмнө тус улсад хоригдон саатуулагдаад байсан Үндэсний аюулгүй зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцийг суллаж явуулсан тул түүнийг “заналхийлж” угтсангүй. Эерэг нөхцөл бүрдүүлж байж ирсэн хатагтай “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” зэргийг хийгээд явав.
Энэ онд Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Пратиба Дэвинсингх Патил, БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн спикер эрхэмсэг хатагтай Мейра Кумар нарын хийсэн айлчлалыг ч орхиж болохгүй. Тус улсын хувьд манай уран болон коксжих нүүрсний салбарт хамтран ажиллах, ирэх жилээс энэ талаарх яриагаа албан ёсны болгох суурийг нь тавьчихаад буцсан юм. Дараагийн зочин БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн Жоу Юнканы айлчлалын үеэр тодорхой ашиг сонирхол албан ёсоор илэрхийлэгдээгүй ч ийнхүү ирсэн нь өөрөө нэг зүйлийг илэрхийлж буй гэх төсөөлөл байна. Түүнчлэн Оросоос хараат буй нефть олборлох, боловсруулах, нийлүүлэх ажилд урт хугацаанд Хятадтай хамтран ажиллах өмнө С.Батболдын Хятадад хийсэн айлчлалын үеэрх саналыг ч лавшруулсан бололтой.
Дахиад л зам хааж, иргэдээ бухимдуулж нэгэн зочноо угтсан Финландын ерөнхийлөгч Тарья Халонен. Зочны зорилго “Эрдэс баялаг ашиглах, дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулах чиглэлүүдээр яриа хэлэлцээ өрнүүлж, ажил болгох тухай” байсан. Манайх тус улсын технологиор зэсийг баяжуулах үйлдвэр барих тухай хамтран ажиллахаар болсон нь ирэх жилүүдэд биеллээ олох гэнэ.
Ингээд өнгөрсөн оныг харвал Монгол Улсын гадаад харилцаанд түүхэн жил болсон гэж хэн ч дүгнэхээр байгаа биз. Тэр тусмаа зургадугаар сар бол “стратегийн айлчлалын сар” байлаа. Ард иргэдийн хувьд тээртэй ч юм шиг ойрхон зайтай айлчлалууд болж зам хааж, хар машинууд давхилдаад нэг үе баахан бухимдсан. Тавантолгойн орд газрыг ашиглах гадаадын компани, консорциумууд, оролцогчдыг тодруулах зургадугаар сар ийнхүү иргэдийн бухимдал хийгээд уул уурхайн тойрсон сонирхол, яриа хэлэлцээр дээд цэгтээ хүрсэн үе байв.
Ирэх онд энэ бүх айлчлалын үр дүн буюу хэн нь даалгавраа сайн хийсэн нь харагдана. Бас олимп болно. Олимп гэснээс энэ онд Олон улсын Олимпийн холбооны ерөнхийлөгч Жак Рогге ч манайд айлчлаад амжсан. Бас л уул уурхай айлчлалын нэг утга болж орхив. Лондонд болох Олимпийн наадмын нийт 4700 алт, мөнгө, хүрэл медалиудыг үйлдвэрлэх металлын албан ёсны нийлүүлэгч нь “Рио Тинто” компани Монголын Оюутолгойн ордын баялаг болох алт, зэсээр хийх болсон учраас шүү дээ.
Монголчууд Тавантолгой хэмээх дэлхийд гайхуулж буй орд газрынхаа хувьцааг авахаар шинэ жилийн өвлийн өвгөнийг горьдон хүлээдэг хүүхдүүд шиг л хөөрцөглөсөн хэвээр энэ оныг үдэв. Хувьцааны сураг нь л сонсогдох төдий байгаа Тавантолгойн орд газрын ажил харин урагшилж байгаа мэдээ алга. Хоёр он дамжин, гурван гүрэн хэрэлдүүлсэн Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч тодруулах тендер ч, монголчууд өөрсдөө олборлолт явуулна гэж буй Зүүн Цанхийн ордод ажиллах ёстой операторуудын сураг ч бас алга. Хэдийгээр Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагчийн тодруулсан гэх боловч эхнээсээ Өмнөд Солонгос, Японы түншүүд гомдоллож, сүүлдээ тендерийн тухай мэдээлэл элсэнд шургасан мэт алга болов.
Сайн мэдээ гэвэл гадаадын операторыг шалгаруулахыг хүлээх зуураа монголчууд шанага, халбагаар ч болсон хүртэж л байя хэмээн олборлолтоо эхлүүлээд байгаа. Эхнээс нь 220 сая ам.долларын урьдчилгаа аваад иргэддээ 21, 21 мянгаар нь тараачихсаныхаа хувьд ойрын 4-5 жилдээ л нүүрсээ нийлүүлэх хөдөлшгүй гэрээ хийгээд “Чалько” руугаа ачуулчихсан байгаа. Чингээд өнгөрсөн 2008 оны сонгуулиар чих мялаасан яндашгүй баян ордынхоо эзэн нь болох хувьцааны амлалт эргэх сонгуулийнхаа босгон дээр биеллээ олох нь найдвар гэрэлтэв. Эрх баригчид ч сонгуулийн чимээтэй уралдан иргэн бүртээ 1,5 сая төгрөг олгоно гэж мэдэгдэв. Басхүү Тавантолгой 536 ширхэг хувьцааг хүн бүрт олгоно гэсэн рекламаа огтхон ч тасалдуулсангүй. Хувьцаатай ч, 1,5 саятай ч болно гэсэн ойлголтыг хүн бүрийн толгойд өөрийнх нь овог нэр шиг л бат суулгаж, жам бус гэдгийг нь мэдсээр байж, эрх баригч хоёр намаа нэг хөнжилд оруулсны хэрэг бүтэж, “Эрдэний хувь”-иа ч “Эх орны хишиг”-ээ ч авч давхар хожих нь гэж иргэд бат ойлгов. Харамсалтай нь, илбэчин шиг шидтэй эрх баригчид Эрдэнийн хувийг Эх орны хишигт, Эх орны хишгээ Эрдэнийн хувьд нь “хувь нийлүүлэн” шингээжээ. Мэдээж хэрэг тэд үүнийгээ юу гэж яаран илчлэхийг хүсэх вэ? Боролдой, Долдой хоёрын үлгэрт гардаг шиг л 1,5 саяа ч, Тавантолгойн хувьцаагаа ч өгнө гэж ойлгогдохоор тархи угаалтаа хийсээр байна.
Тийм ч учраас харамсалтай нь, олон хүн өнөөдөр ч 2,5 саяын молиго үмхсэнээ мэдэхгүй 1,5 саяа байрныхаа зээлэнд өгчихнө, Тавантолгойн хувьцаагаа тас дарж байгаад олон улсын биржид үнэ хүрэхийн цагт өсгөөд зарчихна гэж хөөрөлхөж яваа. Хөгшдөд хувьцааг хүлээх насгүй хэмээн бэлэн мөнгө олгож, залууст сургалтын төлбөрийг нь төлчихсөн учраас Тавантолгойн хувьцаа олгохгүй “дүйцүүлэн” хаасан гэдгийг бүгд мэдэхийн цагт харин яах бол?
Хямралын үед хасах 1,6 хувьтай гарч байсан Монголын эдийн засгийн өсөлт 2011 онд 20 хувьд хүрсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг зүй ёсоор татав. Санхүүгийн байгууллагууд Монгол Улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлийнхөө шинэ шатанд гарлаа хэмээн дүгнэж байна. Монголын эдийн засгийн хөгжил ийнхүү тэсэрч, өнгөрсөн 2010 онд зургаан хувьтай байснаа шууд 20 хувь руу цойлсон нь сайн муу хоёр талтай гэж зарим ажиглагч анхааруулж байгаа
Сайн нь гэвэл уул уурхайн салбараас төсөвт орж ирж буй мөнгөний хэмжээ жилээс жилд нэмэгдэж 2011 онд гэхэд л улсын нэгдсэн төсөв анх удаа 300 тэрбумын ашигтай гарсан. Түүнчлэн шинэ, шинэ ордууд ашиглалтад орж, энэ салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө жилээс жилд тэлж байна.
Нүүрсний экспорт 2008 онд 3,9 сая тонн, 2009 онд 7,5 сая тонн, 2010 онд 15 сая тоннд хүрсэн бол 2011 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 24 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа нь 2008 оны төвшнөөс зургаан дахин өссөн үзүүлэлт юм. Монгол Улсын нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3000 ам.долларт хүрсэн бөгөөд эдийн засгийн өсөлт энэ хэвээрээ тогтвортой байвал 2012 оны эцэст нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрнэ гэсэн тооцоо бий
Эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн муу тал нь инфляци. Инфляци өнөөдөр 12,3 хувьтай байгаа бөгөөд эрэлт нэмэгдэж, үнэ өсч, төгрөгийн худалдан авах чадвар буурах болсон гол шалтгааныг зарим олон улсын байгууллага эдийн засгийн хэт хурдацтай өсөлтийн үр дүн хэмээн тайлбарлаж байгаа юм.
Монгол Улс эдийн засгийн үсрэнгүй өсөлтөөрөө дэлхийг шагшруулж байна. Ирэх онд ч гэсэн эдийн засгийн өсөлт хэвээр хадгалагдана хэмээн эдийн засагчид үзэж буй.