Унгар дахь монголчууд тэтгэврээ тогтоолгоно

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Унгар дахь монголчууд тэтгэврээ тогтоолгоно

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс Унгар улс хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар Унгар улсад ажилладаг монголчуудын хувьд тухайн улсад ажилласан жилээ, мөн Монгол Улсад хөдөлмөрлөсөн жилүүдээ нэгтгэн тооцуулаад тэтгэврээ тогтоолгох боломж бүрдэх юм байна. Тодруулбал, Монгол Улсад найман жил ажиллаад Унгар улсад 12 жил ажилласан байлаа гэхэд нийт 20 жилээр бодож тэтгэврийг нь тогтоох эрх зүйн харилцаа үүсэх аж. Үүнийгээ дагаад Унгар улсаас Монгол Улсад ажиллаж буй тус иргэдийн хувьд ч энэхүү хэлэлцээр үйлчилнэ.

Монгол Улсын хуулиар Ажил олгогч 10 хувь, мөн тухайн иргэн 10 хувийг нийлээр 20 хувийн шимтгэлийг сар бүр төлдөг. Үүнээс 14 хувь нь ирээдүйд авах тэтгэвэрт нь суутгагддаг бол үлдэж буй зургаан хувь нь эрүүл мэндийн шимтгэл зэрэгт хуваарилагддаг байна. Харин Унгар улсын хувьд 44 хувийг шимтгэлээр авдаг. Энэ бол  монголчуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт. Гэхдээ тус улсад ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгох монгол иргэдийн хувьд ашигтай тусна гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан мэдэгдлээ.

Ингээд Монгол Улс Унгар улс хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахаар болж тогтсоноор УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал өндөрлөсөн юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж