Замын-Үүдэд казино байгуулахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Замын-Үүдэд казино байгуулахыг хүсэв

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Чөлөөт бүсийн тухай хуулийн хэрэгжилт болон чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Монгол Улс дөрвөн газарт чөлөөт бүс байгуулахаар болж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд эдийн засгийн чөлөөт бүс, Сэлэнгэ аймгийн Алтанбулагт худалдааны чөлөөт бүс байгуулах шийдвэрийг 10 шахам жилийн өмнө гаргажээ. Мөн Баян-Өлгий аймгийн Цагаан нуурт чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэсэн. Харин дөрөв дэх чөлөөт бүсийг Чойрт байгуулна гэж төлөвлөсөн ч эрх зүйн шийдвэрийг гаргаагүй юм байна.

Монголчуудын хувьд чөлөөт бүс байгуулж түүнээсээ сая, саяар нь доллар халааслах мөрөөдөл өнөө хэр нь биелэлээ олж чадахгүй байгаа нь дараах шалтгаантай холбоотой аж. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн тайлбарласнаар бол нэгдүгээрт, чөлөөт бүс гэж чухам юуг хэлдэг вэ гэдгийг мэдэхгүй ойлгоогүй байж, эрх зүйн зохицуулалтуудыг баталсан. Улмаар бүтцүүдийг байгуулсан. Гуравт, туршлага байгаагүй зэрэг нь нөлөөлжээ. Гэхдээ Замын-Үүд суманд эдийн засгийн чөлөөт бүс байгуулахын тулд нэг тэрбум төгрөгөөр байшин барьсан байна. Хятад улсаас авах 300 сая ам.долларын зээлээс 31 сая ам.долларыг мөн дээрх бүсэд зарцуулахаар төлөвлөжээ. Гол нь дэд бүтэц байгуулахад хөрөнгийг зарцуулах аж. Төрөөс дэд бүтцийг нь шийдээд өгөхөөр чөлөөт бүс байгуулах ажил аяндаа бүтнэ гэж үзэж буй юм байна. Ажил ирэх хавраас эхлэх чигтэй.

Алтанбулагийн худалдааны бүсийн тухайд Замын-Үүдийг бодвол нүсэр биш учраас нэг ажил эхэлчихвэл шуурхай ашиглалтад орох боломжтой. Гэхдээ ирэх оны төвшинд далайцтай ажил эхлүүлэхээр шаардлагатай хөрөнгийг Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт тусгасан байсан ч, УИХ-ын төвшинд танасан. Танах явцад нь Сангийн яамны зүгээс Тэргүүн шадар сайдаас юуг нь танаж, юуг нь хасах талаар санал аваагүйгээс нэн шаардлагатай хийх ажлуудын хөрөнгө оруулалт хасагджээ. Хэдийгээр энэ нь 2013 он руу шилжүүлсэн байгаа ч, ажил бас урагшлахгүй байхад хүргэх гэнэ. Нөгөөтэйгүүр тус бүсийн ажлыг эхлүүлэхээр болж өнгөрсөн хугацаанд 600 сая төгрөг төсөвлөж өгсөн ч, удирдлагууд нь түүгээр юу ч хийлгүй дашийншоог болгосон байна. Тиймээс ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж үзэж, хоёр ч хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Харин ажлаас чөлөөлөгдсөн хоёр шоронд ороогүйгээ их юм гэж бодохгүй халсан гэдэг үндэслэлээр эргэж Тэргүүн шадар сайдтай зарга хийн, хууль хяналтын байгууллагад ханджээ. Гэхдээ ажил ирэх жилүүдэд урагшилна гэж Тэргүүн шадар сайд мэдэгдлээ.

Харин энэхүү мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу Замын-Үүдэд казино байгуулахыг хүсэв. Монгол Улс Хятадтай урд хилээрээ хиллэдэг. Хятад улс бол үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч орны нэгд орох болсон. Ийм оронтой хөрш байж, эдийн засгийн чөлөөт бүс байгуулаад амжилт олохгүй. Түүний оронд казино байгуулж, урд, хойд хоёр хөршийн тэрбумтнуудыг татах нь ирээдүйд их ашиг авчирна. Үүний тулд Засгийн газар хуулийн төслийг яаралтай УИХ-д оруулж ирэх шаардлагатай. УИХ нь харин зоригтойгоор хууль эрх зүйн орчинг нь баталж өгөх. Ингэхдээ монголчууд тус казинод тоглох эрхгүйгээр хуульчилах ёстой гэсэн санал дэвшүүлсэн юм. Уг нь 2002 онд “Тоёота”-гийнхан Замын-Үүд дэх чөлөөт бүсийг сонирхон машины суудал үйлдвэрлэх үйлдвэрлэх байгуулахаар санаархсан ч, ус болоод цахилгааны асуудлаас болоод хүслээ гүйцээж чадалгүй буцаж байсан аж.  Эл үйлдвэр байгуулагдсан бол 15 мянган хүнийг ажлын байраар хангах байжээ.

Гэхдээ одоо санал болгосон казино байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргачихвал төрөөс их хөрөнгө гаргаж дэд бүтэц бий болгох гэж ядаад буйг казино байгуулах нөхдүүд өөрсдийнхөө хөрөнгөөр шийдчих бололцоо ч байж мэдэх. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байна” гэсэн юм. Харин үүнд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ямар нэг тайлбар хийсэнгүй.

Ямар ч байсан мэдээллийн төгсгөлд чөлөөт бүс байгуулах тухай хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох. Тухайн ажлыг гардан гүйцэтгэх дарга нар ажилдаа хариуцлагатай хандан улсаас төсөвлөсөн мөнгийг үр дүнтэй зарцуулдаг байх нь чухал болохыг энэ үеэр гишүүд онцоллоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж