Хятад улс шинэ галт тэрэг туршлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Хятад улс шинэ галт тэрэг туршлаа

Хятад улс цагт 500 км хурдлах чадвартай галт тэргийг амжилттай туршсан тухай ""Синьзин бао"" сонинд бичжээ.

Шинэ галт тэргийг өнгөрсөн ням гарагт Циндао хотод туршсан байна.

Одоогийн байдлаар Хятадын хурдны галт тэрэгний замын сүлжээнд цагт 350-380 км хурдалдаг ""CRH 380″" загварын галт тэргийг ашигладаг ажээ.

Харин шинэ галт тэргийг үйлчилгээнд ашиглахдаа хурдыг нь цагт 350-380 км хүртэл хязгаарлах юм. Уг галт тэргийг бүтээхдээ зорчигчдын аюулгүй байдлыг дээд зэргээр харгалзан үзсэн болохыг үйлдвэрлэгч компанийн төлөөлөгчид мэдэгджээ.

Хурдны галт тэргүүдийн хурдыг цагт 40-50 км-ээр бууруулах шийдвэрийг Хятадын Төрийн зөвлөл өнгөрөгч наймдугаар сард гаргасан юм. Долдугаар сарын 27-нд Жэзян мужийн Вэньжоу хотод гарсан томоохон ослын дараа ийм захирамж гаргасан байна. Тухайн үед хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 40 хүн амиа алдаж, 190 хүн гэмтэж бэртжээ. Урьдчилсан мөрдөн шалгалтаар ослын шалтгаан нь нэг галт тэрэг нь аянганд цохиулсны улмаас зогссон байх үед дохиоллын системыг буруу ашигласан явдал байжээ. Энэ ослын дараа Хятадын эрх баригчид хурдны галт тэргүүдээ эргүүлэн татаж аюулгүй байдлын шалгалт хийсэн билээ.

Д.Жаргал

“Монцамэ” агентлаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж