Байнгын хорооны гишүүд аймгуудын хувьд Архангай 2, Баян-Өлгий 2, Баянхонгор 2, Булган 1, Говь-Алтай 1, Дорноговь, Говьсүмбэр хоёр нийлж 1мандат, Дорнод 2, Дундговь 1, Завхан 2, Өмнөговь 1, Өвөрхангай 2, Сэлэнгэ 2, Сүхбаатар 1, Төв 2, Ховд 2, Хэнтий 2, Хөвсгөл 2, Увс 2, Дархан-Уул 2, Орхон 2 мандаттай байхыг дэмжлээ. Улаанбаатар хотын хэмжээнд Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэг нэг тойрог болж 2 мандат, Баянзүрх дүүрэг Налайхтай нэг тойрог болж 3 мандат, Сүхбаатар дүүрэг 2 мандат, Чингэлтэй дүүрэг 2 мандат, Баянгол дүүрэг 2 мандат, Сонгинохайрхан дүүрэгт 3 мандаттайгаар сонгууль явуулахыг дэмжсэн юм. Үлдсэн 28 мандатыг пропорциональ зарчмаар, намын нэрсийн жагсаалтаар улсын хэмжээнд нэг тойрогт хуваарилан санал авах юм.
Үүний дараа Бор-Өндөр сум байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Өмнө нь Засгийн газрын хуралдаанаар Хэнтий аймгийн Дархан сумаас Бор-Өндөр багийг салгаж, шинээр Бор-Өндөр сум байгуулахыг зарчмын хувьд дэмжиж, УИХ ч уг асуудлыг дэмжсэн юм. Бор-Өндөр нь 16 мянган хүн амтай томоохон суурин газар боловч 1500 хүн амтай Дархан сумын баг юм. Мөн сумын ИТХ-ын 25 суудлын дөрөв нь Дархан сумаас, 21 нь Бор-Өндөрөөс сонгогджээ. Үүнээс болж сум, багийнхны хооронд маргаан үүсч ИТХ-ыг хоёр ч удаа бойкотлосон нь Монголын түүхэнд гарч байгаагүй үзэгдэл хэмээн Н.Ганбямба гишүүн хэлж байлаа.
Гишүүн Д.Очирбат сум, багийг салгахыг дэмжиж “Өрх өсгөж сум сунгана гэдэг үг бий. Бор-Өндөр сум байгуулах нь зүйтэй. Дэд бүтэй сайтай сум болгох нь зүйтэй” гэснийг Х.Тэмүүжин гишүүн дэмжсэнгүй. Түүнийг “Хажуудаа суугаа Н.Ганбямба гишүүний үгэнд орлоо. Танай Чингэлтэй дүүргийн иргэдэд очих мөнгөнөөс Дархан суманд очино шүү” хэмээн зэмлэв. Ч.Сайханбилэг гишүүн сум, баг салгах асуудлыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж “Нэг гараараа нэг сум байгуулаад нөгөө гараараа өөр нэг сумын багалзуурыг шахах хэрэггүй. Монголд яг хэдэн сум байдаг вэ” хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараас асуулаа. Ч.Хүрэлбаатар гишүүний хариулснаас үзвэл Монгол Улс 329 сумтай аж.
Асуудлыг ийнхүү ярилцаж байгаад Су.Батболд гишүүний саналаар холбогдох асуудлыг судалж үзсэний дараа хэлэлцэхээр болж хойшлуулав.
Хурлын төгсгөлд гишүүд Үндсэн хуулийн Цэцийн аравдугаар сарын 21-ний 03 тоот дүгнэлтийг дэмжих эсэх талаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн аравдугаар сарын 21-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан юм. Уг дүгнэлтэд “Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн гурав дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан байтал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан бол бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн заалтын агуулгыг хэт явцууруулан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулсан байна” гээд дээрх заалтыг 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр заасан юм.
Үүнийг хэлэлцэх явцад гишүүн Э.Бат-Үүл “УИХ-ын гишүүн гэдэг бол хувь хүн гэдгээс арай өөр ойлголт. Энэ бол сонгогчдын төлөөлөл. Аль ч улс оронд парламентын төлөөллийг өөрөөр авч үздэг. Э.Бат-Үүл бол хувь хүн. Э.Бат-үүл гишүүн бол Сэлэнгэ аймгийн сонгогчдыг төлөөлсөн төлөөлөл. Франц зэрэг оронд парламентын гишүүний мандатын хугацаанд түүнийг хэрэгт татдаггүй. Үйлдсэн хэргийг бүрэн эрх дууссан хойно нь авч үздэг. Гишүүний мандатын эрх гэж байдаг. Гишүүд бол улс төрийн зорилгоор халдлагад өртөхөд бэлэн хүмүүс. Зохион байгуулалттай халдлагад ч өртөж мэдэх хүмүүс” хэмээн Цэцийн дүгнэлтийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Гишүүн Ч.Сайханбилэг ”Өмнө нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүд ирж дүгнэлтээ хамгаалдаг байсан. Тэр байдал сүүлдээ өөрчлөгдсөн. Одоо бол Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ хүлээн авахгүй байсан ч их суудлаараа хуралдаад дунд суудлын дүгнэлтээ давтаад шийдчихдэг болсон. Цэц хууль хүчингүй болгодог, УИХ тэгэхээр нь хуулиа өөрчилж баталдаг болоод байгаа” гээд үүнийг зохицуулдаг болох хэрэгтэй гэж байв.
Гишүүн Х.Тэмүүжин “Цэц сонгогддоггүй, ард түмнээс мандат авдаггүй, танил тал, намаараа гарч ирсэн хэдэн хүн дүгнэлт гаргадаг. Цэц бол шүүх биш. Үеэ өнгөрөөсөн, сонирхлын зөрчилтэй хэдэн нөхөд Монгол Улсын хувь заяагаар тоглож байна. Дампуурч байна. Цэцийн гишүүн мөртлөө өмгөөлөгчийн холбооны гишүүн, уул уурхайн төлөөлөл, гадаадын компанийн төлөөлөл сууж байна. Цэцийн гишүүдийн хэн юу хэлсэн нь тодорхой бус ерөнхий шийдвэр гаргадаг. Ингэж ерөнхий шийдвэр гаргахаа больё. Парламентын гишүүний дархлаа, бүрэн эрхийг юу гэж үзээд дүгнэлт гаргасныг мэдэхгүй” гэлээ. Ж.Сүхбаатар гишүүний хэлснээр Францын сонгуулийн маргааны асуудалд шүүх оролцох эрхгүй байдаг аж. Гишүүд ингэж хэлэлцсэний эцэст 100 хувийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэнээр хуралдаан өндөрлөв.