“Бид өөрсдийгөө 1, 5, 8, 9, 25 гэж тооны нэрээр юм уу, эсвэл UBS, NTV, Eagle, SBN, BTV, TM, Боловсрол, Монгол, Шинэ дэлхий, Эх орон гэхчлэн монгол, англи үсгийн товчлолоор нэрлэж, энэ телевизийн, тийм нэвтрүүлгийн тэр явж байна гэх мэтээр ялгардаг. Бид ялгарахыг хүсдэг. Энэ ялгарлаараа өрсөлддөг. Эрүүлээр өрсөлдөж, эвээр өөдлөхөд томоохон түлхэц өгдөг наадам бол “Алтан шонхор” юм. “Алтан шонхор” наадамдаа телевизүүд бүтээлээ идэвхитэй ирүүллээ. Та бүхэндээ баярлалаа.
Мэдээж энэ бол мэргэжлийн нэр хүндтэй шагнал. Аль телевизийн хэн шилдэг болсныг арванхоёрдугаар сарын 30-нд цэнхэр дэлгэцээр үзэгч та хүлээн авч үзээрэй. Телевизэд бид шагналын төлөө орж ирсэн хүмүүс биш. Алдаа ч, амжилт ч нүдэн дээр нь ил байдаг үзэгчдэдээ зориулж телевиз байдаг. Өөрсөддөө бус үзэгчдэд зориулж ажилладаг мэргэжилтэй хүмүүс бол бид.
Биднийг хөндлөнгийн хүмүүс өөрсөд шиг маань тэгж тодорхой нарийн ялгадаггүй юм билээ. Нийтэд нь телевизийнхэн л гэдэг. Сониныхон, уул уурхайнхан гэдэг шиг тийм нийтлэг нэр л дээ. Биднийг ялгаруулдаг бус ижилсүүлдэг зүйлсийнхээ төлөө, өөрснийхөө амбициас илүүтэй үзэгчдийнхээ хүслийг удирдлага болгохын төлөө ажиллах жил бол 2012 он байх болтугай гэж би уриалж, ерөөж байна. 2012 он бидэнд шонхор шувууны салхин хурд, хурц хараа хоёрыг илүү хайрлаасай гэж хүсч байна.”Тулалдаанд зөвхөн шонхорууд нисдэг” гэж кино байдаг байх аа? Бид дараагийн тулалдаандаа хамтдаа нисэн мордож байна. Арабын шейхийн алтан торонд байдаг шиг биш Азийн цээжинд салхи сөрөн эрх дураар дүүлсэн алтан шонхрууд-Монголын телевизүүд мандтугай!