БСШУ-ны салбарын 2011 оны онцлох үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

БСШУ-ны салбарын 2011 оны онцлох үйл явдлууд

Бид та бүхэнд БСШУЯ-наас бидэнд ирүүлсэн 2011 оны онцлох үйл явдлуудыг хүргэж байна.


1. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ЕБС-ын стандарт хөтөлбөр Монгол Улсад нутагшиж эхэллээ

а/ “Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их Сургуулийн Кембрижийн Олон улсын шалгалтын төвийн хооронд бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. / 2011.04.13 /

“Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их Сургуулийн Кембрижийн Олон улсын шалгалтын  төв хооронд бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайд Ё.Отгонбаяр, Кембрижийн Их сургуулийн Олон улсын шалгалтын төвийн захирал Анн Пунтис нар тал гарын үсэг зурлаа.

Хоёр талын хооронд хамтран хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, үг хэллээ.

Хоёр талын хооронд хамтран ажиллах Засгийн газрын түвшний харилцааг албан ёсоор баталгаажуулж харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан явдал нь Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн их сургуулийн Олон улсын шалгалтын төвтэй хамтран бага, дунд боловсролын үйлчилгээний эрэлт, хэрэгцээнд хариу өгөх чадамжийг нэмэгдүүлж, олон улсын түвшинд баталгаажсан, өрсөлдөх чадвартай ерөнхий боловсролын үйлчилгээг бий болгох хоёр талын хамтын ажиллагааг яриа хэлэлцээний түвшнээс бодит ажил хэргийн түвшинд шилжүүлж, стандарт, бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийн шинэчлэлийг энэ оноос хэрэгжүүлж эхлэх үндсийг бий болголоо.

Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийн шинэчлэл нь зөвхөн стандарт, хөтөлбөрийг шинэчлэх асуудлаар хязгаарлагдахгүй бөгөөд шинэ стандарт, хөтөлбөрт нийцүүлэн сурагчдыг үнэлдэг, боловсролын чанараа хянадаг, багшаа бэлтгэдэг, багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлдэг, сурах бичгээ зохиодог тогтолцоог өөрчлөн шинэчилнэ.  

Санамж бичгийн хүрээнд бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх, шинэчилсэн хөтөлбөрүүдийг турших, сурах бичгийг зохиох, багш нарыг давтан бэлтгэх, багш бэлтгэх сургуулиудын сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсронгуй болгох ажлыг энэ оноос эхлэн хэрэгжүүлнэ.  

Бага, дунд боловсролын стандартын шинэчлэлийг хэрэгжүүлснээр манай бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөр, сургалтын чанар нь олон улсын түвшинд баталгаажиж, ерөнхий боловсролын сургуулийн сургалт нь сурагчдыг олон улсын түвшинд өрсөлдөх түвшний мэдлэг, боловсролтой, сурах эрмэлзэлтэй төдийгүй суралцах арга, чадвартай өөртөө итгэлтэй, үндэсний өв уламжлал, соёлоо хайрлан хамгаалж, хөгжүүлдэг, эх орноороо бахархдаг, бүтээлч сэтгэлгээтэй иргэн болгох байдлаар зохион байгуулагддаг болно.  

Стандарт, хөтөлбөрт суурилсан шинэчлэлийн бодлогын хэрэгжилт нь  манай улсын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад шууд элсэн орох боломжийг ч бий болгох болно.

2. Өндөр хөгжилтэй орнуудын нэр хүндтэй их сургуулиудад суралцах оюутны тоо нэмэгдэв

а/ АНУ-ын Аризонагийн их сургуультай хамтран хос диплом олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов

Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС), АНУ-ын Аризонагийн их сургуулийн хооронд Уул уурхайн мэргэжлээр 2+2 хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. АНУ-ын Аризонагийн их сургууль нь Уул уурхайн чиглэлээр дэлхийн түвшинд мэргэжилтэн бэлтгэдэг нэр хүндтэй их сургууль юм. Энэхүү гэрээг байгуулснаар ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг АНУ-ын нэр хүндтэй их сургуулийн сургалтын хөтөлбөртэй дүйцүүлж улмаар Монголын оюутан залуус АНУ-ын их сургуулийн боловсрол эзэмшиж, хоёр их сургуулийн диплом гардан авах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл монголдоо хоёр жил суралцаад цаад сургуулийнхаа шаардлагыг хангахуйц англи хэлний түвшинтэй бол Аризонагийн их сургуульд дахин хоёр жил суралцаж хоёр их сургуулийг зэрэг төгсөнө гэсэн үг юм. Энэ нь манай уул уурхайн салбарт дэлхийн түвшинд хүрсэн инженер техникийн мэргэжилтэн бэлтгэгдэн гарах бололцоог бүрдүүлж байна.

б/ Фулбрайтын тэтгэлгээр АНУ-д  суралцах оюутны тоо нэмэгдэнэ

2011-2012 оны хичээлийн жилд Фулбрайтын Гадаад Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөр 15 оюутан АНУ-ын их дээд сургуулиуудад магистрийн зэргээр сурах боллоо. Фулбрайт нь АНУ-ын засгийн газрын тэргүүлэх боловсролын  хөтөлбөр бөгөөд өөрийн шилдэг оролцогч нар, өндөр шалгуур болон шударга нээлттэй сонгон шалгаруулалтаараа хэдийнээ дэлхийд танигдсан  юм.  1994 оноос өнөөг хүртэл 100 орчим Монгол оюутан АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр суралцаад ирсэн.  
     
2010 оны 1-р сард БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон АНУ-ийн Төрийн Департамент дахь олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Жүдит Макхале нар Монгол оюутнуудад олгогдох тэтгэлэгт хөтөлбөрийг өргөжүүлэх талаарх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсны үр дүнд 2009 онд 4 оюутан явдаг байсан Фулбрайтын магистрын тэтгэлгээр 2011 онд 15 оюутан АНУ-д суралцахаар болоод байна. Уг 15 оюутан нь эрүүл мэнд, хот тохижилт, боловсрол, төрийн удирдлага, шинжлэх ухаан технологийн чиглэлүүдээр Нью-Йорк, Охайо, Небраска, Иллиной, Техас, Жоржия зэрэг АНУ-ын  нэр хүндтэй их дээд сургуулиуудад суралцана.      
      
2012-2013 оны Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр боловсрол, инженер, эрүүл мэнд, мэдээллийн технологи болон шинжлэх ухаан технологийн  мэрэгжлээр магистрийн зэргээр сурах хүсэлтэй оюутнуудад зарлагдсан.

в/ Дэлхийн тэргүүлэх 50 их сургуульд бакалаврын түвшинд суралцуулах эрх олгох боллоо.

Монгол Улсын Их Хурлаас 2011 онд анх удаа дэлхийн тэргүүлэх 50 их сургуулиудад инженер-технологийн чиглэлээр суралцах бакалавр оюутнуудын сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг Сургалтын төрийн сангаас санхүүжүүлэхээр улсын төсөвт 3.0 тэрбум төгрөг тусгасан.
     
2008, 2009, 2010 оны улсын олимдиадад 1, 2, 3 дугаар байр эзэлсэн болон олон улсын олимдиадад оролцсон Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1-3 дугаар дамжаанд суралцаж байгаа оюутнууд энэхүү хөтөлбөрт хамрагдах бөгөөд эдгээр оюутнуудыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
    
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцах эрх олгосон тухай албан захидлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр 2008-2010 оны математик, физик, хими, биологи, мэдээллийн технологийн улсын олимпиадад эхний 3 байранд орсон 44 оюутанд гардуулав.
    
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцах эрх авсан эдгээр оюутнууд дэлхийн тэргүүлэх 50 инженер-технологийн их сургуулиудад хандан суралцах хүсэлтээ тавихад Монгол Улсын Засгийн газраас санхүүжилтийн баталгаа өгч байгаа нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах авъяаслаг залуучуудыг дэлхийн тэргүүлэх их сургуулиудад манай улсад нэн тэргүүний шаардлагатай байгаа инженер-технологийн мэргэжлээр суралцах сайхан боломжийг олгож байна.

3. Монголын багш нар Монгол улсад орчин цагийн боловсрол үүсч хөгжсөний 90 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэв

Монгол Улсад ардын хувьсгал ялж, олноо өргөгдсөний арваннэгдүгээр он буюу 1921 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Ардын Засгийн газрын хурлаар “Бага сургууль байгуулах тухай” тогтоолыг баталж, Нийслэл хүрээнд буюу одоогийн Улаанбаатар хотод анхны бага сургуулийн шавыг тавьж, 59 хүүхэд, 2 багштайгаар хичээллэж эхэлснээр өнөөгийн шинэ цагийн боловсролын салбарын эхлэл тавигдсан түүхтэй.

Эдүгээг хүртэл 90 жилийн хугацаанд манай боловсролын салбар маань сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсрол гэсэн тогтолцоотойгоор дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол болтлоо хөгжөөд байна.

Өнөөдөр улсын хэмжээнд 864 цэцэрлэг, ерөнхий боловсролын 760 сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн 71 төв, 102 их, дээд сургуульд 900 гаруй хүүхэд багачууд, оюутан залуус эрдэм мэдлэгээр жигүүрлэж, эрдмийн саруул танхимд 40,0 мянган багш зааж байна.  

Монгол төрийн түшээдээс эхлээд эрдэмтэн судлаачид, эмч сувилагч, инженер технологич, сэтгүүлч зураглаач, цагдаа цэрэг, ажилчин тариаланч, сурагч багачууд гээд хэн бүхнийг эрдмийн дөрөөнд анх дөрөөлүүлж, ухаан билгийн оньсыг тайлсан ачтан бол яахын аргагүй БАГШ билээ. Багшийн гараас хөтлөөгүй, багшаар бичиг эрдэм заалгаагүй хүмүүн гэж байхгүй.

4. Манай улс олон соёлын өвөө ЮНЕСКО-д бүртгүүлэв

а/ Монголын ард түмний утга соёлын гайхамшигт өв хөөмэйг хүн төрөлхтөний соёлын биет бус өвөөр бүртгэн авсан ЮНЕСКО-гийн батламжийг хүлээн авлаа

ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах тухай Конвенцийн Засгийн газар хоорондын 5 дугаар хуралдаан Кени Улсын Найроби хотноо өнгөрсөн оны 11-р сард хуралдаж монголын ард түмний утга соёлын гайхамшигт өв- монгол хөөмэйн урлагийг хүн төрөлхтөний соёлын биет бус өвөөр бүртгэн авсан юм.
           
Ийнхүү бүртгэн авсныг гэрчлэх ЮНЕСКО-гийн “БАТЛАМЖ”-ийг хүлээн авах ёслолын ажиллагаа өнгөрөгч бямба гаригт / 2011.01.29 / Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад боллоо. ЮНЕСКО-гийн батламжийг хүлээн авах ёслолын ажиллагаанд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Соёл урлагийн хорооны дарга, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, Үндэсний түүхийн музейн захирал Саруулбуян зэрэг албаны хүмүүс оролцов. Батламжийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Үндэсний түүхийн музейд хадгалуулахаар тус музейн захирал Саруулбуянд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөхдөө “ ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах  Дэлхийн өвийн Хороо монгол хөөмэйн уламжлалт урлагийг 2010 оны 11-р сарын 16-ны өдөр “ Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад” бүртгэн авлаа. Дэлхийн өв санд монгол хөөмэйг бүртгэсэн нь түүний дэлхий дахины үнэ цэнийг түгээн алдаршуулж, соёлын олон төрөл зүйлийг хүндэтгэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь улам бүр өргөх болно.” гэж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова уг батламжид бичсэнийг уншин танилцууллаа. Тэрээр цааш нь хэлэхдээ манай ард түмний утга соёлын гайхамшигт  өв- хөөмэйг хүн төрөлхтөний соёлын биет бус өвөөр бүртгэн авсан явдал нь хөөмэйн урлагийг цааш хөгжүүлэн авч явах давхар хариуцлага бидэнд ногдож байгаа юм гэж онцлон анхаарууллаа.

б/ “Бүргэдийн ан буюу шувуучлахуй” уламжлалт зан үйлийг Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд бүртгэн тунхагласан ЮНЕСКО-гийн батламжийг хүлээн авлаа

2008 онд Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг Арабын Нэгдсэн Эмират, Бельги, Чех, Франц, БНСУ, Монгол, Морокко, Катар, Саудовын Араб, Испани, Сири зэрэг Ази, Африк, Европын 11 улс хамтарч Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд  бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн юм. Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг  ЮНЕСКО 2010 оны 11 сард “Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэл”-д албан ёсоор бүртгэн тунхагласан билээ. Энэ үйл явдалтай холбогдуулж, ЮНЕСКО-гоос Ерөнхий захирал Ирина Бокова-гийн гарын үсэгтэй Батламж бичгийг Монгол улсад ирүүлсэн байна.
     
Батламжийг хүлээн авах ёслол өчигдөр /2011.03.21/ Улсын филормонид боллоо. Батламжийн эх хувийг Үндэсний түүхийн музейд, хуулбарыг Баян-Өлгий аймгийн музейд болон Соёлын өвийн төвд хадгалуулахаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр гардуулан өглөө.
     
Манай өвөг дээдэс шонхороор ан хийж, цагаан шонхор шувууг туг сүлдэндээ дээдлэж ирсэн түүх буй. Шувуучлахуйн нэг гол  хэлбэр болсон Бүргэдээр ан хийх зан үйлийн амьд уламжлал манай улсын казах үндэстний дунд өнөөг хүртэл язгуур хэв шинжээрээ уламжлагдан ахуй зан үйл, ёс заншил, аман билгийнх нь салшгүй бүрэлдүүн хэсэг болж өвлөгдсөн нь хүн төрөлхтний соёлын өв санг өвөрмөц өнгө аясаар баяжуулсан бахархалтай, гавъяатай хэрэг юм.
    
Уг батламж бичгийг хүлээж авах ёслол Казах үндэстний үндэсний баяр- баяр-Наурызийн баяртай давхцаж байгаа нь бэлгэшээлтэй хэрэг болж байна.     

в/ Лу.“Алтан Товч”, “Монгол Шунхан Данжуур”-ыг дэлхийн баримтат өвийн жагсаалтад бүртгэн авлаа

ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны ээлжит 10 дугаар бага хурал 2011 оны 5 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Манчестер хотноо болж өнгөрлөө.

Энэхүү хуралдаанаар гишүүн орнуудаас 2010 онд нэр дэвшүүлсэн нийт 80 гаруй баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Бүртгэлийн хорооны тайлан, үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн 45 хосгүй үнэт дурсгалыг Олон Улсын Баримтат өвийн (Дэлхийн Баримтат өв)  жагсаалтад бүртгэн авлаа.

Монгол улсаас нэр дэвшүүлсэн Лу.“Алтан Товч”, “Монгол Шунхан Данжуур”-ыг Дэлхийн Баримтат өвд бүртгэсэн байна. Эдгээр өвүүд нь Монгол Улсаас Дэлхийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлэн бүртгэгдсэн анхны өвүүд болж байна.

Баримтат өвийн Олон улсын болон бүсийн бүртгэлийн жагсаалтад өнөөдрийн байдлаар дэлхийн нийт 238 баримтат өв бүртгэгдээд байна.

г/  “Монгол алтайн нурууны хадны зургийн цогцолбор” дэлхийн өвд бүртгэгдлээ

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 35 дугаар чуулган БНФУ-ын Парис хотноо хуралдаж Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Монгол Алтайн нурууны хадны зураг цогцолбор”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх шийдвэрийг гаргалаа. Хуралдааны бэлтгэл шатанд Дэлхийн Өвийн Хорооны Зөвлөх байгууллага Хөшөө дурсгал ба дурсгалт газрыг хамгаалах олон улсын зөвлөл /ICOMOS/-өөс Монгол Улсаас нэр дэвшүүлж буй дурсгалт газрыг дэлхий өвд тавигдах 3 шалгуурын 2-ыг хангахгүй гэх үндэслэлээр хойшлуулсан зөвлөмжийг гаргасан юм. Монгол Улсын зүгээс дээрхи зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж дахин хэлэлцэхийг хүссэн билээ.

Монгол Улсыг төлөөлж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн Газрын атташе Б.Хулан нар оролцов. Дэлхийн өвийн хорооны гишүүн Бразил, Австрали Улсыг дэмжлэгтэйгээр манай төлөөлөгчдийн идэвхтэй оролцооны үр дүнд өвийг дахин хэлэлцэж улмаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор нь Монголын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох сүг зургийн галлерей бөгөөд хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой. Энэ нь манай ард түмний эртний түүхийн нэгэн чухал сурвалж, тэр үеийн хүмүүсийн аж ахуй, нийгэм, оюун санааны хөгжлийн олон талыг тусгасан археологийн дурсгал билээ. Энэхүү цогцолборт газар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа, Бага-Ойгорын хадны зургийг хамардаг юм. Хадны зураглалын хувьд бусад улсуудтай харьцуулахад талбай, тоо хэмжээ, уран сайхны илэрхийллээрээ гайхамшигтай дурсгал хэмээн судлаачид үздэг.

д/ “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил- битүү амьсгаа” өвийг ЮНЕСКО бүртгэн авлаа

ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын 6 дугаар хуралдаан Индонези Улсын Балид оны 11 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд хуралдаанаараа Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил- битүү амьсгаа” өвийг хэлэлцэж “Яаралтай Хамгаалах Шаардлагатай Өвийн Жагсаалт”-ын  бүх шалгуурыг хангасан гэж үзэн Хүн Төрөлхтний Биет Бус Соёлын өвийн жагсаалтанд бүртгэж авлаа.

5. Манай улсад ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Ирина Бокова айлчлав

Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболдын урилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова Монгол Улсад 7 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд айлчилж байна. Тэрээр Ардын хувьсгалын 90 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадамд Монгол Улсын Ерөнхий сайдын хүндэт зочноор уригдсан юм.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын энэ удаагийн айлчлал нь Монгол Улс-ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны цаашдын хүрээг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэх жил айлчилж байгаагаар онцлог юм.  Монгол Улс ЮНЕСКО-д 1962 онд элссэн бөгөөд өнгөрсөн 49 жилийн хугацаанд ЮНЕСКО-гийн 4 Ерөнхий захирал манай улсад  айлчилсан. Ерөнхий захирал хатагтай И. Боковагийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичгийг байгууллаа. Мөн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова айлчлалынхаа үеэр Хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн жагсаалтад Монголын үндэсний их баяр “Наадам”-ыг, Дэлхийн баримтат өвд Лу.”Алтан товч”, “Монгол Шунхан данжуур”-ыг ЮНЕСКО-д бүртгэн авсан батламжийг Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболдод гардуулан өглөө.

6. НҮБ болон ЮНЕСКО-гийн Төв байранд Монголын уртын дуу цуурайтаж, морин хуур эгшиглэлээ

2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо байрлах ЮНЕСКО-гийн Төв байранд Монгол Улсын урлагийн  тоглолт боллоо.

Тоглолтыг нээж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова болон Монгол Улсын Засгийн газрын гишүүн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нар үг хэлэв.

Түүхэнд анх удаа ЮНЕСКО-гийн Төв байранд тоглосон Монголын урлагийн тоглолтыг ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 36 дугаар чуулганд оролцохоор уригдан ирсэн гадаадын зочид, өндөр, дээд албан тушаалтнууд, элч, төлөөлөгчид хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Манай уран бүтээлчдийн тоглолт бүр халуун алга ташилтыг дагуулж байсан бөгөөд ДБЭТ-ын  дуучин МУГЖ  Д. Амартүвшин, дуучин С.Наран, ҮДБЭЧ-ын нугараач Н.Цэгцэглэн, морин хуурч Жигжиддорж нарын тоглолт үзэгчдийн сэтгэлийг бүр их догдлууллаа.  
            
Энэхүү тоглолт нь  Монгол Улсаас ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн хөөмий, бий биелгээ, морин хуурыг өөрийн үндэстний соёлын өв болохыг олон орны төлөөлөгчдөд дахин нотлон харуулж чадлаа гэж Монгол Улсын Засгийн газрын гишүүн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр тоглолтыг дүгнэн хэллээ. Манай урлагийнхан мөн НҮБ-ын төв байранд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ойд зориулж тоглосон юм.

7. Дэлхийн дуурийн урлагийн сор бүтээл “Аида” дуурь Монголын тайзнаа  төдийгүй төв азид анх удаагаа тоглолоо

    
140  жилийн түүхтэй дэлхийн дуурийн урлагийн сор бүтээл гэгддэг Дж. Вердийн  “Аида” дуурийг манай дуурийн урлагийн уран бүтээлчид УДБЭТ-ын тайзнаа анх удаа тавьсан нь зөвхөн монголдоо төдийгүй төв Азид анх удаагаа тавьсан тэмдэглэлт явдал боллоо. “Аида” дуурийг дэлхийн олон театр урын сангийнхаа хойморт залдаг бөгөөд манай уран бүтээлчид энэхүү алдарт дуурийг өөрийн орны тайзнаа тавьсан нь монголын сонгодог урлаг дэлхийн түвшинд байгаа гэдгийг албан ёсоор баталсан хэрэг юм.

Дуурь бүжгийн эрдмийн театрынхны хувьд“Аида” дуурь нь олон жилийн мөрөөдөл байсан гэж хэлж болно. Энэхүү хүчирхэг дуурь нь театрын уран бүтээлчдээс мэргэжлийн өндөр түвшний мэдрэмж, чадал,чадвар, ёс зүй, тайзны хүчирхэг шийдэл, өндөр зохион байгуулалтыг шаарддагаараа бусдаас онцгойрдог.
     
Дуурийн урлагийн ноён нуруу, тайлагдашгүй оньсого мэт мөнхийн бүтээлийг туурвиснаар зөвхөн эх орныхоо соёл урлагийн амьдралд шинэ хуудас нээгээд зогсохгүй олон улсын хэмжээнд манай уран бүтээлчдийн авьяас билиг, хүч чадлыг харуулж сурталчлахад түлхэц болох юм.
     
“Аида” дуурийг тавихад БСШУЯ-ны зүгээс онцгой анхаарч хөрөнгө санхүүгийн хувьд дэмжиж, ОХУ-аас мэргэжлийн удирдаач найруулагчийг ирүүлж хамтран ажиллахад нь тусалсан байна.
    
Энэхүү хүчирхэг дуурь нь дөрвөн бүлэг, долоон үзэгдэлтэй бөгөөд хүчирхэг хөгжим, зуугаад найрал дуучдаар дамжуулан хайр дурлал, өс хонзон, үзэн ядалт, ялалт ялагдал, үхэл хагацал гээд хүний амьдралын бүхий л талыг харуулдаг.
 
Урьд нь “Аида” дуурийг Египэтийн пирамидын дэргэд болон Хятадын цагаан хэрмийн дэргэд  задгай талбайд тавьж байсан бөгөөд манай уран бүтээлчид ч цаашдаа энэхүү  дуурийг говьд задгай талбайд тавих төлөвлөгөөтэй байна.

8. Монголын эрдэмтэн судлаачид түүх архелиогийн олон чухал олдвор оллоо

а/ 1500 жилийн өмнөх язгууртны бунхныг олж нээлээ.

Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн “Шороон бумбагар” гэдэг газраас  МЭӨ 6-7 зууны үед хамаарах Түрэгийн үеийн бунхныг  Монгол-Казахын хамтарсан экспедиц илрүүлж, архелогийн малтлага хийсний үр дүнд түүх соёлын үнэт олдворууд  олоод байна. Мянганы засмал замыг дайрч өнгөрдөг Баяннуур сумаас арваадхан километрийн зайтай уудам цэлгэр хөндийд орших энэхүү бунхныг 1500-гаад жилийн өмнөх Уйгарын нэртэй том язгууртны булш гэж судлаачид үзэж байна. Хоёр улсын судлаачид бунханд хүрэх хонгилыг олон хоног ухсаны эцэст  бунхны хаалганд тулж хүрсэн байна. Арван гурван метрийн гүнд байгаа энэхүү бунханд хүрэх хонгил нь  2 метрийн өргөнтэй, 40 гаруй метр урт нүсэр том байгууламж юм. Бунхнаас 270 шахам олдвор олдсон байна.

б/ Монгол нутгаас Хүннүгийн хамгийн том бунхант булш оллоо.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутгаас МЭӨ 2-р зууны үед хамаарах Хүннүгийн язгууртны бунхант булш олсон нь Хүннүгийн үед хамаарах хамгийн том бунханд тооцогдож байна. Мөн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Салхитын ам гэдэг газраас хүннүгийн жирийн иргэдийн булш олдсон байна. Эдгээр түүхийн баримт нь эртний  хүчирхэг гүрэн хүннү нь монголчуудын дээд өвөг болохыг нотлох түүхийн чухал олдвор юм.

в/ Монголын түүхийн таван эх сурвалжийг цогцоор нь хэвлэн нийтлэв.

Монголын түүхэнд холбогдох тулгуур 5 эх сурвалж-“Лу.Алтан товч”, “ Хураангуй алтан товч”, “Саган сэцэний Эрдэнийн товч”, “Асрагч нэртийн түүх”,” Шар тууж”-ийг цогцоор нь хэвлэн нийтэлсэн тохиолдол өмнө нь байгаагүй юм. Энэхүү түүхийн 5 эх сурвалжийг ШУА-ийн Түүхийн хүрээлэн, МУИС, Улсын номын сан хамтран хэвлэжээ.

г/ Ганжуур Данжуур их хөлгөн судруудыг орчин цагийн Монгол бичгээр хэвлэв
Түүх соёлын хосгүй бүтээл “Ганжуур”,”Данжуур” их хөлгөн судруудыг орчин цагийн монгол бичигт буулгаж эхний 9 ботийг хэвлэн нийтлэв.

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны хэвлэлийн алба
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж