Гэр бүлийн хөгжлийг хангаж, хоршооллыг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хөгжлийг хангаж, хоршооллыг дэмжинэ

Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 10 дугаар хуралдаан болж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, 2012 оны үндсэн чиглэлийн тухай илтгэлийг хэлэлцлээ. Хуралдаанд аймгийн Засаг дарга, доктор Дамбабазарын Чандмань үндсэн илтгэл тавьж аймгийн 2011 оны ололт амжилтыг нэгтгэн дүгнэж 2012 оны зорилтоо “ Гэр бүлийн хөгжлийг хангаж хоршооллыг дэмжинэ” гэж тодорхойллоо.

Д.Чандмань тавьсан илдтгэлдээ  аймгийн 2011 оны амжилтыг онцлон тэмдэглэхдээ “2010 онд аймгийн эдийн засгийн суурь, ард иргэдийн маань амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийн тоо  буурч 1 сая 111 мянга 509-т хүрч байсан үе бий 2011 оны өвөлжилт хаваржилт өнтэй сайхан байж төлөө сайн  хүлээн авж зун намартаа хур бороотой, ногоотой тарга хүч зузаарсаны дүнд өнөөдөр мал сүрэг таван төрөл дээр өсөж малын тоо 1.336.301 толгойд хүрч 20.2 хувиар нэмэгдсэн сайхан мэдээг юуны өмнө дуулгахад таатай байна. Өнгөрөн одож буй 2011 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн тооцоогоор  аймгийн хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүн буюу нэмэгдэл өртөг 62,3 тэрбум төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1 сая 384,4 мянган төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 231,1 мянгаар  өссөн  үзүүлэлттэй байна. Боловсрол, дундаж наслалт, дотоодын нийт бүтээгдэхүүний индексийн дунджаар тооцогддог хүний хөгжлийн индекс 0,715-д хүрч  улсын хэмжээнд аравдугаар байранд байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт  нийт 206 ажил арга хэмжээ төлөвлөснөөс энэ оны дүнгээр хөтөлбөрийн биелэлт хэрэгжсэнээс хойш -90,25 хувийн биелэлттэй байна” гэлээ.

Төр засгийн тухайн оны бодлого чиглэл, аймгийн хүрсэн түвшин, тулгамдаж байгаа асуудлуудаас үндэслэн  мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилгоор МСҮТ-ийн иж бүрэн цогцолбор байгуулах, Улаанбаатар-Мандалговийн чиглэлийн үлдсэн 104 км замын ажлыг эхлүүлэх, Олгойн говийн цэвэр усны шинэчлэл, Өндөршил сумын сургуулийн барилга, ТХДЖТ-ын барилга, Сайнцагаан сумын 960, Эрдэнэдалай сумын 320 хүүхдийн сургуулийн барилга зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, Дэлгэрцогт сумын болон Уламжлалт анагаах ухааны эмнэлэг, байгаль орчны мэдээллийн төвийн барилга, ХХҮХ-ийн барилгуудыг ашиглалтад оруулах, аялал жуулчлалын салбарын хөгжлийн стратеги төлөвлөгөөг эцэслэн баталж, хэрэгжүүлэх замаар гадаад, дотоодын жуулчдын тоо, аймаг орон нутгийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ дэлхийн нүүрсхүчлийн хийн зах зээлээс санхүүжилт олох зорилгоор ойжуулалтын төсөл боловсруулж, батламж авах арга хэмжээг зохион байгуулахыг 2012 оны гол зорилт гэж хуралдаан тодорхойллоо.  “Хоршооллыг дэмжих” жилийн хүрээнд сумдад Хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх , жижиг, дунд үйлдвэрүүд байгуулах, байгаль орчинд халгүй, ногоон эдийн засгийг дэмжсэн үйлдвэрлэл эрхэлж байгаа хувийн хэвшлийн байгууллага иргэдийг зээлийн бодлдогоор дэмжих, Байгаль орчныг сайжруулах, аялал жуучлалыг хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх, орон нутагт хямд төсөр материал, түүхий эдээр барилгын материалыг жижиг үйлдвэр байгуулах, сумдад гарч байгаа өндөр агууламж бүхий жоншны бичил уурхайн нөхөрлөлүүдийг  зохион байгуулалтанд оруулан үйл ажиллагааг өргөжүүлэх ,малын гаралтай хоёрдогч түүхий эд болох хаягдал өөх, тосыг ашиглан биодизель гэж нэрлэдэг автомашины дизель хөдөлгүүрт тохирох түлш үйлдвэрлэх хялбар технологийг нэвтрүүлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжид технологийн мэдээлэл, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж Малчдын хөдөлмөрийг хорших, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, барилгын матералын үйлдвэрлэлийг дэмжих хөдөө аж ахуйн бирж байгуулах зэрэг ажлын эхлэлийг тавих юм.
    
2012 оныг  “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”  болгон зарлаж энэ хүрээнд хүүхэд залуучуудыг архи, тамхи мэт хор зуршлаас сэргийлэх, айл өрх бүрт угийг бичиг хөтлөх, морин хуураа дээдлэн залж морин хуур, уртын дуугаа нийтээр сурах хөдөлгөөн өрнүүлэх,  “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө”  хөтөлж хэвшүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх юм. 

Хуралдаанд үг хэлсэн төлөөлөгчид аймгийнхөө хөгжлийн төлөө, ард түмний сайн сайхан аж амьдралын төлөө ямар ажлыг хийж амжуулах шаардлагатайг онцлон  ярилаа. Тухайлвал,  Сайнцагаан сумын Засаг дарга М.Баянсан аймагт нарийн мэргэжлийн эмч нар дутагдалтай байгааг яаралтай шийдвэрлэх, цалин, амьдралын нөхцлийг сайжруулснаар эмч нарын тогтовор суурьшилтай ажиллах боломжоор хангах, Говьсүмбэр аймгаас ч илүү олон хүн амтай, хэд дахин олон мал сүрэгтэй   Сайнцагаан суманд хөрөнгө оруулалт, төсөв дээр анхаарах, сумын ЗДТГ-ын барилгад их засвар шаардлагатайг онцолсон бол   Театрын дарга Д.Доржсүрэн аймагт орон сууцны сан байгуулж залуу мэргэжилтнийг орон сууцаар хангах, Эрдэнэдалай сумын Засаг даргын орлогч Г.Батжаргал суманд байгаа босоо удирдлагатай албан тушаалтнууд суманд захирагдахгүйгээс ажил унагаж байгааг, Адаацаг сумаас ирсэн төлөөлөгч С.Баяраа, холбоо, шуудан, эрчим хүч зэрэг иргэдэд үйлчлэх байгууллагын ажлын чанар муу, зөвхөн ашиг орлого хөөцөлддөгөөс иргэдийг хохироож байгааг шүүмжлэв.

Хуралдаан  аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн   хэлсэн үгэнд гарсан саналуудыг үндсэн чиглэлдээ тусгалаа.

С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж