Мөн Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэллээ.
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг нийтлэв. Дээрх хуулиар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг тодорхой хугацаанд НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлжээ.
Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтлэв. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан хаагч нь онцгой байдлын дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч, офицер нь онцгой байдлын дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа, хурандаа гэсэн цолтой байхаар уг хуульд заасан байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэллээ. Сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байх бөгөөд нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг сонгуулийн 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг улстөрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгох юм.
Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Уг хуулиар сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг авах хуйвалдаан зохион байгуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага ногдуулах тухай заалтыг дээрх хуульд оруулсан байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолтой эмхтгэлээс танилцах боломжтой.