Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулж босгосон Эрдэнэ дайчин хошой Чин ван Чин Ван М.Ханддоржийн хөшөөний нээлт өнөөдөр болов. Хөшөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, ГХЯ-ны сайд Г.Занданшатар, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, ГХЯ-ны ТНБД Д.Цогтбаатар нар оролцов. Түүнчлэн үе үеийн гадаад харилцааны сайд нар, ахмад дипломатууд, Гадаад харилцааны яамны ажилтан нар, гадаадын дипломатууд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон бусад хүмүүс хөшөөний нээлтэд байлцав.
Чин Ван М.Ханддоржийн хөшөөг уран барималч Г.Энхтөр урлаж, “Чин ван констракшн” компани болон түүний захирал Ж.Чинбатын хүчин чармайлтаар босчээ. Энэхүү хөшөө нь 2,5 м өндөртэй бөгөөд байгалын цэвэр боршин чулуун суурийн хамт бараг таван метр болж байгаа юм. Хөшөөг “Монгол уран цутгуур” компани цутгасан бөгөөд энэ хэмжээний өндөр хүрэл хөшөөг Монголд өмнө нь цутгаж байгаагүй юм байна.
Хөшөөний нээлтийн арга хэмжээний үеэр Чин ван Ханддоржийн өргөөний дэргэд босгосон Төрийн дипломат ёслол хүндэтгэлийн гэр-өргөөний нээлт болов. Энэхүү гэр-өргөөнд дипломат ёслолын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхаар төлөвлөөд байна. Түүнчлэн Ханддорж вангийн өргөөний хоёрдугаар давхарт гадаад харилцааны холбогдолтой үзмэрүүд байрлуулсан бөгөөд Чин вангийн эдэлж хэрэглэж явсан эд зүйлсээс дэлгэн харуулжээ.