Сүхбаатарын талбайд болох арга хэмжээнд нийслэлийн зургаан дүүрэг, хэрэгжүүлэгч агентлагууд оролцоно. Энэ сарын 31-ний өдөр нийслэлийн зургаан дүүрэг тус бүр өөрсдийн бэлтгэсэн урлагийн үзүүлбэрээ тусгайлан зассан тайзан дээр үзүүлэхээс гадна 2011 онд хийсэн ажлаа тайлагнах гэнэ. Харин орой он солигдох мөчид Ерөнхий сайд С.Батболд Сүхбаатарын талбайгаас ард иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлэх аж. Түүнчлэн арга хэмжээнд урлагийн байгууллагууд, хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөнө.
Он солигдох мөчид иргэд стандартын шаардлага хангаагүй салют буудуулснаас гэмтэж, бэртэх тохиолдол гарч байсан. Харин энэ жил дээрх байдлаас сэргийлж, Сүхбаатарын талбайд иргэд хувиараа салют буудуулахыг хориглох аж. Үүнд цагдаа, онцгой байдлын алба хаагчид хяналт тавьж ажиллах юм байна. Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагчдын зүгээс энэ жил албан ёсоор салют буудуулах ёслолыг хийнэ. Тэдний хэлж буйгаар урьд өмнө байгаагүй урт хугацаанд салют буудуулах аж. Мөн иргэдэд халуун цай, кофе болон хөнгөн зуушаар үйлчлэх үйлчилгээний цэгийг Сүхбаатарын талбайд ажиллуулахаар болжээ.