2013 онд чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээнийг Монгол Улсад зохиох талаар МЧБХ-ноос гаргасан хүсэлтийн дагуу ФИЛА-гийн Товчооны гишүүн, Ази тивийн хорооны ерөнхийлөгч Ким Чан Кью манай оронд гурав хоногийн хугацаатай айлчлал хийж байна. Тэрбээр Буянт-Ухаа дахь шинэ спортын ордонтой танилцаж, “Би Монгол Улсад хэд хэдэн удаа ирж байсан, 2001 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Бөхийн өргөөнд болоход би ирж, шүүгчээр ажиллаж байлаа. Одоо Дэлхийн цомын тэмцээнийг зохиохоор санал болгож байгаа энэ шинэ ордон гадна, дотно тохижилт, зохион байгуулалт, зай талбай, техник хэрэгсэл гээд бүхий л зүйлээрээ их сайн байна. Энэ ордонд Дэлхийн цомоор зогсохгүй, ДАШТ-нийг зохион байгуулсан ч болох юм байна” гэж өндрөөр үнэллээ. Тэрчлэн МЧБХ-нд зочилж, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр, Б.Эрдэнэбаатар, Ж.Баярбаатар нартай уулзан халуун дотно яриа өрнүүлж, сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. “МЧБХ-ноос эх орондоо чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаад миний бие болон Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн удирдлага сэтгэл өндөр байдаг. Дэлхийн цомын тэмцээний бэлтгэл ажлыг МЧБХ сайн хангаж байна гэж үзэж байна” гэлээ.
Дараа нь ноён Ким Чан Кьюг Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар хүлээн авч, уулзлаа. Уулзалтад МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, БТСГ-ын Биеийн тамирын хэлтсийн дарга Н.Оюунбат нар байлцав. Ч.Наранбаатар хэлэхдээ “Монгол Улсыг дэлхийд таниулсан олимп, дэлхийн медальтнуудын анхдагч болсон манай спорт сонирхогчдын хайртай спортын төрөл нь чөлөөт бөх юм. Таныг манай оронд хүрэлцэн ирсэнд баяртай байна” гэж онцлон тэмдэглээд, Монгол Улс, БНСУ-ын чөлөөт бөхийн хамтын ажиллагааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Биеийн тамир, спортын 90 жил”-ийн ойн медалиар шагнав.
Ноён Ким Чан Кьюг МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, МАН-ын нарийн бичгийн дарга, Я.Содбаатар, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Улаанбаатар хотын орлогч дарга Б.Мөнхбаатар нар хүлээн авч, уулзлаа.