“Камертон” хамтлаг дахин мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

“Камертон” хамтлаг дахин мэндэллээ

Телевиз үзэгчдэд үргэлж сонирхолтой шинэлэг нэвтрүүлгээр бэлэг барьж байдаг “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “B production”-тай хамтран “Камертон 2” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн гол зорилго нь “Камертон” хамтлагийн дуулах ур чадвар, онцлогийг хадгалсан, ард түмнийг байлдан дагуулах, дэлхийн хөгжмийн ертөнцөд Монгол Улсыг төлөөлөх, урт удаан хугацаанд мэргэжлийн түвшинд оршин тогтнох хамтлаг байгуулахад орших аж. Мянган мянган залуус дуулж, бүжиглэж, “Камертон” хамтлаг шиг хамтлаг болохыг хүсдэг. Гэвч эв нэгдэл, мөнгө төгрөгний асуудал, хэзээ ямар дуу гаргах, урлагийн тайзан дээр яаж удаан хугацаанд хүчтэйгээр оршин тогтнохоо сайн мэдэхгүйгээс болж орон зайгаа эзэлж чадалгүй тардаг. Тэгвэл одоо 15-25 насны дуулж, бүжиглэх авъяастай, чадварлаг хөвгүүдийн өмнө нэгэн гайхалтай боломж нээгдлээ. “Камертон 2” шоу нэвтрүүлэг нь амьдаар дуулах, видео шалгаруулалт, фонограмтай дуулах, амьд хөгжимтэй дуулах, амьдрах гэсэн таван үе шаттайгаар явагдана. Тавдугаар үе шатанд шалгаран үлдсэн шилдэг 16 оролцогч нэг гэрт амьдарч, продюсерууд болон хөгжмийн мэргэжилтнүүдээс дуулах ур чадвар суралцахаас гадна шүүгчид шилдэг оролцогчдын биеэ авч явах соёл, харилцааны ёс суртахуун, суурь хүмүүжил, багаар ажиллах чадвар зэргийг нь харгалзан үзэж  дөрвөн шилдэг оролцогчийг шалгаруулах юм.

Шалгарсан шилдэг хамтлагтай ивээн тэтгэгчийн 50 сая төгрөгийн продюсингийн гэрээ байгуулах бөгөөд “B” production болон Боловсрол суваг телевиз таван жилийн хугацаанд ерөнхий продюсераар нь ажиллах юм байна. Ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөд хадгалагдан үлдэх тийм л эрхэм хүндтэй, амьд домог болохуйц хамтлаг бий болгохыг зорьж буй “Камертон 2” шоу нэвтрүүлгийн шүүгчээр “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд, хамтлагийн гишүүн Г.Мэнд-Амар, Д.Ган-эрдэнэ, Б.Эрдэнэбат нар ажиллана. Мөн “Камертон” хамтлагийнхан уран бүтээлийн ажилдаа эргэн орж, үзэгч фенүүддээ уран бүтээлүүдээрээ тун удахгүй бэлэг барихаа амлалаа.

“Камертон 2” шоу нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны “Скайтел” компани болон шинэ үеийн шилдэг сонголт “Пепси” ажиллаж байна. Хүн бүхний дэргэд гайхалтай сайхан боломж үргэлж байдаг. Харин тэрхүү боломжийг хэрхэн яаж ашиглахаас таны ирээдүйн амжилт хамаарна гэдгийг битгий мартаарай залуус аа. Амжилт хүсье.

Бүртгэл: Монголын Үндэсний Боловсрол суваг телевизийн байранд 2012 оны 1-р сарын 20-ныг дуустал явагдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас: 88001243, 99707170, 88113519 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж