“Жаст” групп багачуудыг баярлуулав

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

“Жаст” групп багачуудыг баярлуулав

ЖАСТ ГРУППИЙН ХАМТ ОЛОН СУВИЛЛЫН ЦЭЦЭРЛЭГ ЯСЛИЙН 10-Р ЦОГЦОЛБОРЫН ХҮҮХЭД БАГАЧУУДАД СЭТГЭЛИЙН БЭЛГЭЭ ХҮРГҮҮЛЛЭЭ

Угтан ирж буй шинэ жилийн баярыг тохиолдуулан Жаст группийн хамт олон улсын хэмжээнд цорын ганц байдаг тархины саажилттай хүүхдийн “Сувиллын цэцэрлэг яслийн 10-р цогцолбор”-ын хүүхэд багачуудыг баярлуулсан өдөрлөгийг энэ сарын 26-нд зохион байгууллаа. Уг цогцолбор нь анх 1964 онд Хүүхэд асрах 42-р ясли нэртэйгээр байгуулагдсан бөгөөд өнөөдөр хүнд болон хүндэвтэр хэлбэрийн тархины саажилттай, дауны хам шинжтэй, давхар согогтой хүүхдүүдийг хүлээн авч, сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий эрдмийн анхан шатны мэдлэг олгохын зэрэгцээ сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна.

Өдөрлөгийн үеэр хүүхдүүдийн шаардлагатай хичээлийн хэрэгсэл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт тохирсон оюун ухаан хөгжүүлэх тоглоом зэргийг бэлэглэсэн юм. Хүүхдийн дууны “Good boys” хамтлагийн авъяаслаг хөвгүүд хүрэлцэн ирж, үе тэнгийнхэндээ ая дууны мэндчилгээ хүргэлээ. Мөн цогцолборын хүүхэд багачууд өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтоо ах эгч, найз нөхөд, аав ээждээ үзүүлж, баярласан талархсанаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Үндэсний шилдэг компаниудын нэг болох Жаст групп  нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлынхаа нэг чиглэлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин, тэдний сургалт, хөгжилд анхаарч туслах үйлс гэж үздэг билээ. Жаст группийн хамт олон 2011 онд тус цогцолбор болон тархины саажилттай хүүхдийн “Халуун болор” сувилал, "Миний гэр" хүүхдийн асрамжийн газарт сэтгэлийн бэлгээ хүргүүлж, спортын хүнд төрлүүдэд бахархам амжилт гаргасаар байгаа паралимпийн тамирчдадаа эх орныхоо нэрийг дэлхийд таниулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хамтдаа ялъя” хандивын аянг Монголын Паралимпийн хороотой хамтран хэрэгжүүлэх зэргээр нийгэмд хандсан цөөнгүй ажил зохион байгуулсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж