Эрүүгийн ертөнцөд хүндхэн жил болж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Эрүүгийн ертөнцөд хүндхэн жил болж байна

Нийслэлийн Цагдаагийн газар улирах оныхоо үйл ажиллагааныхаа тайланг өчигдөр танилцууллаа. Энэхүү хуралд Цагдаагийн ерөнхий газрын дарга нар болон тус газрын нийт бие бүрэлдэхүүн, ажилтан албан хаагчид оролцсон юм. Энэ үеэр мөн оны шилдэгүүдээ шагналаа. Өнгөрөгч оны хувьд нийслэл хотын маань хэмжээнд гарсан хэрэг зөрчлийн тоо харьцангуй багассан байна. Энэ онд урьдчилсан байдлаар нийт дүүргүүдийн хэмжээнд 9000 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэнээс 40 орчим хувьд нь эрүү үүсгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд гарч буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг  дээрэм, танхай хулгай, хүчингийн хэрэг эзэлж байгаа аж. Дээрх гэмт хэргүүдийн гаралт өнгөрсөн оныхоос эрс өсчээ. Энэ үеэр НЦГ-ын ОНХХ-ийн дар­­га, цагдаагийн хурандаа Ч.Ган­болдоос цөөн асуултад хариулт авлаа.

-Нийслэлд хүний амь хөнөөсөн хэрэг өссөн шалтгаан нь юутай холбоотой вэ?

-Иргэд архийг хэтрүүлэн хэргэлснээс үүдэлтэйгээр бусдын амь насанд санаатайгаар халдах тохиолдол гардаг. Нийт хүн амины хэргийн дийлэнх нь архидан согтуурсанаас улбаалан үйлдэгддэг. Мөн сүүлийн үед гэмт хэргийн гол золиос нь бага насны хүүхдүүд болж байгаа нь харамсалтай байна. Бусдын амь насыг санаатай хөнөөх гэмт хэргийн гаралт төдийлөн буурахгүй байна. Нийслэлд энэ онд бусдын амь насыг санаатай хөнөөсөн  125 гэмт хэрэг бүртгэгдсэн. Сүүлийн үед олны анхаарал татаад байгаа бусдыг биеэ үнэлэхэд татан  оролцуулах гэмт хэргийг илрүүлэлт ахисан. Өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг шалгах аргачлал хангалтгүй байсан үе бий. Харин энэ жилээс энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, илрүүлэх ажиллагаа сайжирсан нь харагдаж байгаа юм.

А.ТӨМӨРСҮХ

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж