”Усны жил”-д 140 гаруй тэрбумыг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

”Усны жил”-д 140 гаруй тэрбумыг зарцуулжээ

Байгаль орчин аялал жуулчлалын яам өнгөрсөн оныг “Усны жил” болгон зарласан билээ.  Энэ жилийн хүрээнд нийтдээ есөн зорилт тавин, 37 арга хэмжээг хэрэгжүүлэн ажилалсан тайлангаа тус яамнаас өчигдөр мэдээллээ.  Байгаль орчин аялал жуулчлалын яам өнгөрч буй онд “Орхон говь”, “Тайшир Алтай”, “туул Улаанбаатар” зэрэг төслүүдийг хэрэгжүүлж, усны тухай хуулинд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан байгаа юм. “Улстөржихгүйгээр ус төржих хэрэгтэй” гэсэн уриатайгаар ажилласан холбогдох яамдууд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулсан юм. Сүүлийн 20 жилд уул уурхай, нүүрс олборлолт, гар аргаар алт олборлогсдын гарт сүйдсэн ундны ус, түүний эх үүсвэрийг хамгаалах арга хэмжээг сүүлийн жилүүдэд зохион байгуулсаар ирсэн. Жилд дунджаар 150 гаруй ундны эх үүсвэрийг хамгаалдаг бол ирэх жилээс 300 болгон өсгөх боломж бүрдэж байгааг албаныхан онцоллоо. Хөдөө орон нутаг ялангуяа гар аргаар олборлолт их байгаа, мөн уул уурхайн компаниуд ихээр байгаа аймгууд усын хомсдолд орон нь их байдаг. Өнгөрсөн 2010 онд Говь-Алтай аймагт усны хомсдлоос болж 0-9 насны хүүхдүүд өвчлөх нь ихэсч байсан удаатай тиймээс усны хомсдол нүүрлэх аюултай аймгуудад дэд бүтэц, усан станц барих зэрэг ажлуудыг хийхээр төвөвлөж байсан юм. 

Усны жил болгон зарласантай холбогдуулан БОАЖЯ, ХХААХҮЯ, ЗТБХБ-ын яамдууд хамтран ажилласан бөгөөд усын жилтэй холбогдуулан өнгөрч буй онд 172 сургалт, 128 семинар, 95 удаа хэлэлцүүлэг зөвлөгөөн зохион байгуулж 40 мянга гаруй хүнийг хамруулжээ. Мөн сүүлийн жилүүдэд уул уурхай, олборлолтуудаас болж устаж буй ундны болон цэвэр усны нөөцийг тоолох, цаашид ширгэлтээс хамгаалах арга хэмжээ зохион байгуулсан байна.Дөрвөн жилд нэг удаа хийдэг усны тооллогыг энэ жил хийсэн. Энэ тооллогын дүнгээр 21 аймгийн хэмжээнд нуурын ус 3126, устайд тооцогдох 6095 гол, мөн 8471 булгийн ус тоологдсон байна.  Мөн тэрбээр хэлэхдээ “Энэ тооллого нь усны цаашид ширгэж устах аюултай гол, нуур бохирдож буй шалтгааныг тогтооход оршиж байгаа бөгөөд цаашид энэ талаар ямар арга хэмжээ авах, хамгаалахад үр дүнтэй тооллого болж байгаа юм” гэж байсан.

Усны тооллогын дүн танилцуулах үеэр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүхээс зарим зүйлийг тодруулсан юм.

-“Усын жил” болгон зарласан өнгөрч буй 2011 онд хийсэн ажлаа дүгнээд хэлбэл?

-Уул уурхай, олборлолт хөгжиж байгаа энэ үед хамгийн их хамгаалах ёстой зүйл нь ус юм. Тиймээс өнгөрсөн оныг усны жил болгон зарласан. Энэ жилийн хүрээнд бид ХХААХҮЯ, ЗТБХБЯ-тай хамтран ажилласан. Усны жил болгон зарлахын тулд бид хоёр жил судалгаа хийсэн. Усны нөөц хамгаалах, үр ашигтай ашиглах, эрүүл ахуй, хамгаалалт, усны эх үүсвэрийг хамгаалах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүллээ. Эдгээр төсөл хөтөлбөрийг дан ганц  яамдууд бус төрийн 14, олон улсын 14, хувийн хэвшлийн 668 аж ахуй нэгж хамтран ажилладаг. Бидний хамгийн том хийсэн ажил бол Усны бохирдлын төлбөрын тухай хуулийг өргөн барьсан байгаа. Мөн  Усны тухай хуулийг шинэчлэн найруулж, “Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийг шинэчлэн УИХ-аар батлуулсан байгаа. Тухайлбал усны бохирдлын хуулинд мөнгөн торгуулийг нь өндөр болгох зэрэг өөрчлөлтүүдийг оруулсан. Хийх ёстой ажлаа 92 хувьтай гүйцэтгэж, улсын төсвөөс 40 тэрбум, төрийн бус байгууллагууддын 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. 

-Усны тооллогыг дөрвөн жилд нэг удаа тоолдог. Энэ жил хур бороо их орсон учраас усны тооллогын дүн худлаа гарсан гэх хүмүүс бас байна?

-Сүүлийн хоёр жил хур бороо ихтэй байсан. Гэвч бид эдгээрийг харгалзан үзэж, мэргэжлийн судалгаа хийж гаргасан болохоор бодит дүнгээс хол зөрөхгүй. Монгол Улсын усны тухай хуулийн 8 дугаарт заасны дагуу бид чанарын төлөв байдал, ширгэсэн голын тоо зэргийг судалгаа шинжилгээгээр гаргадаг. Тооллогыг 60 хоногийн турш 56 ажлын хэсэг, 1564 хүн ажилласан байгаа.

-Ундны ус болон томоохон голуудыг бохирдуулсан хэдэн компани байгаа вэ. Эдгээрт ямар арга хэмжээ авах уу?

-Хуулийн дагуу бид шороон ордуудаас эхэлж байгаа. 254 шороон орд байгаа. Эдгээрээс эхнээс нь хаагаад, үйл ажиллагааг нь зогсоож эхэлсэн.  Шинээр өргөн барьсан хуульд 500 гаруй тэрбумын хохирол байгальд учруулсан гэсэн дүн гарсан. Бид төлбөрийг хоёр төрлөөр авахаар төлөвлөсөн. Байгаль орчин бохирдуулсан, нөхөн сэргээлт гэсэн үндэслэлээр, одоо авч байгаа төлбөрийг 5-8 дахин нэмсэн төлбөр авахаар хуулинд тусгасан.

-Нийслэлийн ундны эх үүсвэр Туул голыг хамгаалахад юу юу хийсэн бэ?

-Ирэх жилээс бид Туул голыг нөхөн сэргээх, хамгаалалтын бүсэд нэвтэрсэн барилгыг нураах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авах нөхцөлийг энэ жил судалж дуусан. Ирэх жилээс Туул, Сэлбэ голыг хамтад нөхөн сэргээх, энэ асуудлыг хамтад авч төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болсон.

-Ураны олборлолт дэлхий дахинд хорьж байхад манай улсад хоёр компани ураны олборлолт хийж байгаа гэсэн. Эдгээр компаниудад яамны зүгээс ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Манай улсад хоёр компани ураны олборлолт хийж байгаа гэсэн тэдгээр компаниуд туршилт хийж байгаа гэдгээ бидэнд мэдэгдсэн. Гэвч бид шалгаж байгаа. Хэрэв олборлолт явуулж байгаа нь тогтоогдвол бид арга хэмжээ авна. Одоогоор шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Шалгасны дараа нь мэдэгдэнэ.

-Ирэх онд ямар ямар ажлуудыг хийхээр төлөвлөв?

– Манай яам ирэх оныг “Агаарын бохирдол, орчны доройтолттой тэмцэх” жил болгон зарлаж байна. Энэ онд Цэвэр агаар санд 30 орчим тэрбумыг төвлөрүүлсэн бол ирэх жил 50 тэрбумыг зарцуулна. Ус, хөрсний бохирдол, химийн бохирдол гэсэн үндсэн гурван чиглэлээр ажиллана. Аюултай хог хаягдлын үйлвэр барих ажил ирэх онд эхлэнэ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж