Европын банкууд ”од” шүүрэв

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Европын банкууд ”од” шүүрэв

Дахин санхүү зээлийн хямрал үүсэхээс болгоомжилсон Европын төв банк гурван жилийн хугацаатай хямд зээлийг гаргаж эхэлмэгц Евро бүс дэх банкууд тэр доор нь шүүрч авахаар улайрч эхэлжээ. Европын төв банк нийтдээ 489 тэрбум еврогийн маш хөнгөлөлттэй, хямд зээлийг гаргахаар болсон бөгөөд энэ нь Евро бүсийн санхүүгийн голлох үйл ажиллагааг явуулж байгаа 500 орчим банкуудыг бужигнуулж орхижээ.
Европын төв банк анхандаа 450 тэрбум еврог л зээл болгож гаргана гэж төлөвлөсөн боловч тэдний төсөөлж байснаас хамаагүй илүү эрэлт байгааг мэдмэгцээ хэмжээгээ нэмэгдүүлсэн байна. Европын төв банкнаас гаргаж байгаа зээлийн сургаар еврогийн ханш огцом өссөн боловч хэсэг хугацааны дараа эргээд буусан байна.

Энэ талаар Францын ерөнхий­лөгч Николя Саркози мэдэгдэл хийх­дээ европын банкууд Европын төв банкны гаргаж байгаа зээлийг аваад Евробүсийн орнуудын өрийн хариуцлагаас хуваалцахад зориулсан хөрөнгө оруулалт хийх болно гэж хэлсэн байна. Харин шинжээчид энэ талаар өөр бодолтой байгаа бөгөөд Европын банкууд зээлийг өөр зүйлд зарцуулах биз гэсэн таамаглал хийж байна. Хэдийгээр Францын ерөнхийлөгчийн зүгээс Европын төв банкнаас гаргаж байгаа зээлийг Европын банкууд өрийн хямралтай орнуудын өрийн бичгийг худалдаж авахад зориулахыг уриалж байгаа ч түүний уриалгыг үл анзааран тэдгээр банкууд харин ч өөрсдийн санхүүгийн байдлаа сайжруулах чиглэлээр ашиглана гэдэгт олонхи шинжээч итгэлтэй байгаа аж.

Мөн зарим шинжээчид Европын төв банкнаас гаргаж байгаа ихээхэн хэмжээний хөнгөлөлттэй зээл нь тус тивийн зарим орнуудад нүүрлээд байгаа улсын өртэй холбоотой хямралыг гэтлэн давахад тус болж чадахгүй гэж үзсээр байгаа юм. Учир нь тэд энэ зээлийг авч байгаа Европын банкууд өрийн хямралд орчихоод байгаа улсуудын өрийг биш харин тус тивийн зах хязгаарын, эсвэл хямралаас зайдуу орнуудын засгийн газрын гаргаж байгаа өрийн бичгүүдийг л худалдаж авахад зарцуулж мэднэ гэж сэжиглэж байгаа ажээ.

Европын төв банк ийнхүү бараг 490 тэрбум еврогийн зээл гаргаж байгаа нь 2009 онд 450 тэрбум еврогийн зээл гаргаж байснаас давж гарсан рекорд үзүүлэлт болж байгаа гэнэ. Европын томоохон банкны нэг болох Societe Generale-ийн нэгэн мэргэжилтэн “Ийм хэмжээний зээл гаргаж байгаа нь Европын санхүүгийн орчны эерэг үзүүлэлт болж харагдаж байгаа ч ирэх жил санхүүжилт шаардлагатай байгаа бүх банкуудад хүрэлцэхгүй байгаа юм” гэж хэлжээ.

Тэр тусмаа Европын Төв банк зээлийнхээ нөхцөлийг хөнгөрүүлсэн нь Европын зөвхөн томоохон банкууд төдийгүй жижиг сулавтар банкууд ч дээрх зээлээс авах нөхцөл бүрдээд байгаа ажээ. Энэ бүхэн нь эцэстээ  Евробүсийн хямралд ороод байгаа орнуудыг хүнд байдлаас аварч, тэдний өрийг банкуудаас худалдаж авахад дэмжлэг болгох гэж гаргасан асар их хэмжээний зээл нь онилсон зорилтдоо хүрэлгүйгээр санхүүгийн заль мэхний тулгуур болчих вий гэх болгоомжлол байсаар байна. Одоогоор  Грек, Ирланд, Португаль зэрэг Европын жижиг орнуудын өрийн хямралаас болж Евробүсийн санхүүгийн нөхцөл байдал хүнд цохилт амсаад байгаа бөгөөд Итали, Испани зэрэг томоохон орнууд ч энэхүү хямралын эрсдэл дор зогсч байгаа гэхэд болно. 

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж