“Иргэд орохыг хориглоно”

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

“Иргэд орохыг хориглоно”

Байгалийн түүхийн музейн урд, бүр тодруулбал Засгийн газрын ордны баруун талд том саарал барилга өдөр ирэх бүр өндөрсөн сүрлэг гэгч нь харагдах болов. Энэ бол Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг. Ирэх онд ашиглалтад орох уг барилга нь 9.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдаж байгаа.

Тус эмнэлэг жилдээ 7000-8000 хүнийг хэвтүүлэн эмчилж, 1000-1400 хүнд мэс заслын эмчилгээ хийх хүчин чадалтай. Амбулаторийн төрөлжсөн нарийн мэргэжлийн 10, оношлогоо болон шинжилгээний 16-18 туслах кабинеттай байх ба хоногтоо 300 орчим хүн үйлчлүүлэн дамжин өнгөрөх бололцоотой гэнэ. Сайхан л сонсогдож байна.

Гэвч, энэ эмнэлгийн нэрнээс нь харвал нэг л “тусгай” нөхдөд үйлчлэх гээд байгаа нь харагдана. Төрийн албан хаагчдын эмнэлэг, тэр дотроо бүр тусгай албан хаагчдын гэнэ шүү. Яах вэ “Энэ эмнэлэг өмнө нь байсан, тэртээ 1933 онд байгуулагдаж байсан юм, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг байгаагүй юм шиг битгий чалч” гэж хэн нэгэн загнаж магадгүй. Гэхдээ л 1933 он, 2012 он гэдэг чинь арай л өөр шүү дээ. /загнуулсан юм чинь “арай өөр” гэж тал засч байгаа нь энэ/

Төрийн албан хаагчид л тусдаг онцгой өвчин гэж байдаггүй л юм бол тэдэнд зориулсан тусгай эмнэлэг байх шаардлагагүй. Тэр үед дарга нартай барьцах эрхтэй гэдгээ ч мэддэггүй болоод энэ мэт тусгай үйлчилгээг хэн ч шүүмжилдэггүй байв.

Төрөх эмнэлэг барих газар олдохгүй хотын зах руу явуулж байхад “тусгай албан хаагчдад” гэх хаягтай эмнэлэг хотын төвд босохоор хэнд ч таатай санагдахгүй. Энгийн иргэд эмнэлэгтээ багтахгүй коридорт нь гудастай хэвтэж, нарийн оношлогооны төхөөрөмжөөр үзүүлэх гэж хэдэн долоо хоногоор дугаарлах үед бүр ч уурыг нь хүргэнэ. Ядаж байхад машингүй тусгай албан хаагч гэж байхгүй юм чинь. Харин ч хотын зах руугаа бариад орхиж болно биз дээ. 

Үгүй ээ, ер нь яаж ч бодсон утгагүй юм. Энгийн эмнэлэгт үйлчлүүлэхэд бэрхшээлтэй байдаг болоод өөрсөддөө эмнэлэг хийж байгаа ч юм шиг. Бодвол төрийн тусгайд багтдаг хүмүүс бас ямар нэг дүүрэгт харъяалагдан амьдардаг л байлгүй. Гадаадын улсуудад ч эмнэлэг нь хувь талдаа байдаг болохоос төр талд байна гэж баймааргүй юм.

“Нохой болоод Хятад хүн орохыг хориглоно” гэх зарлалыг япончууд эзлэн түрэмгийлэх үедээ цайны газрыг үүдэнд хаддаг байсан гэдэг. “Төрийн тусгай албан хаагчдад зориулсан эмнэлэг” гэдэг түүнээс дээрхээс нэг их ялгаагүй сонсогдож байна.

“Иргэдэд ч манай эмнэлэг үйлчилнэ, бид өөр” гэж хэлж болох ч эхлээд нэрнээсээ өөр болох ёстой юм биш үү?

 Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж