АНУ татварын бодлогоо зөөлрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

АНУ татварын бодлогоо зөөлрүүлжээ

АНУ-ын конгресс татварыг багасгах болон ажилгүйчүүдийн даатгалын мөнгийг танах тухай хуулийн сахиж мөрдөх хугацааг дахин хоёр сараар сунгалаа. Энэ асуудлаар конгресст санал хураалгах үеэр бүх гишүүд оролцоогүй ч ерөнхийлөгч Обамагийн шахалтаар энэ асуудлыг дэмжиж эрхзүйн хувьд баталгаажуулсан гэж эх сурвалж хэлж байна. Мөн он гармагц АНУ-ын конгрессээс тусгай ажлын хэсэг гарч дээрхи хуулийн төсөл дээр ажиллахаар болж байгаа аж.

Ерөнхийлөгч Барак Обама гэр бүлийн хамтаар Зул сарын баярыг өнгөрөөхөөр Гавай руу явахын өмнө энэ хуулийн төслийг батлуулж амжжээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ ирэх онд конгрессийг энэ асуудалд анхаарал тавин ажиллахыг уриалсан байна. Тэрээр “Бидэнд дахиад хийх зүйл их үлдсэн. Энэ цаг үе бол манай орны дунд ангийнхны хувьд шийдвэрлэх цаг үе юм” гэж хэлсэн байна.

Барак Обамагийн хүчин чармайлтаар мөрдөгдөх хугацаа нь уртсаж байгаа хуулиар бол АНУ-ын дундаж орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлснээр тэд жилдээ ойролцоогоор 1000 ам.долларын орлогыг өөрсдөдөө үлдээх боломж гарч байгаа ажээ. Мөн одоогийн байдлаар тус улсад хоёр сая орчим хэмээн тоологдож байгаа ажилгүйчүүд долоо хоног бүр 300 ам.долларын тэтгэлэг авч байхаар болж байгаа юм.

Тэгэхдээ энэ эрхзүйн шийдвэр АНУ-ын хууль тогтоох байгууллага дахь сөрөг хүчин болох Бүгд найрамдахчуудын дотор багагүй эсэргүүцлийн давалгаа үүсгэж хямрал дэгдээжээ. Ялангуяа либерал-консерватив үзэл бодолтой хэсэг бүгд найрамдахчууд энэ шийдвэрийг эсэргүүцсэн хэвээр байгаа юм.

Ажилгүйчүүдийн тэтгэмжийг хэвээр байлгаж татварыг бууруулах дээрх шийдвэрийг Обамагийн намын ардчилсан консерватив үзэлтнүүд ч анхандаа эсэргүүцэж байжээ. Гэхдээ энэ шийдвэр нь америкийн эдийн засгийг сэргээн босгоно гэж эдийн засагчид найдаж байгаагийн дээр ерөнхийлөгчийнх нь зүгээс шахсаны хүчинд батлагдаж байгаа нь энэ аж.

Харин сөрөг хүчин болох бүгд найрамдахчууд дээрх эрхзүйн зохицуулалтын арга хэмжээ нь 120 тэрбум ам.долларын нэмэлт ачаалал АНУ-ын төсөвт авчрах бөгөөд энэ нь төсвийн өнөөгийн бололцоонд ахадсан зүйл хэмээн шүүмжилж байгаа ажээ. Нөгөө талаас Ардчилсан намын консерватив үзэлтэй гишүүд ч мөн энэ хуулийг шүүмжилж байгаа учир нь эрхзүйн энэ зохицуулалт зөвхөн Америкийн хамгийн баян иргэдийн татварыг бууруулсан зүйл болж байна хэмээн эсэргүүцэж байгаа юм.

Гэвч эцсийн дүндээ АНУ-ын ерөнхийлөгчийн санал дийлсэн бөгөөд цаад учир нь ирэх онд болох сонгуулийн үеэр одоогийн сөрөг хүчин Бүгд найрамдах нам олон нийтийн саналыг алдах вий хэмээн болгоомжилсонтой холбоотой гэж АНУ-ын хэвлэлийнхэн дүгнэж байна. Дээрх шийдвэрийг дэмжилгүй унагаасан тохиолдолд америкийн иргэдийн татвар нэмэгдэж таарах тул татварын энэ өсөлтөөс болж Бүгд найрамдах нам сонгогчдоо алдах эрсдэлтэй тулгарах байсан тул бүгд найрамдахчуудын олонхи нь Обамагийн саналыг дэмжихийг илүүд үзсэн бололтой.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж