Ахмад сагсан бөмбөгчдөд шагнал гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Ахмад сагсан бөмбөгчдөд шагнал гардуулав

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан өчигдөр Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж болон сагсан бөмбөгийн спортын ахмад мастеруудыг “Олимпик хаус”-т хүлээн авч, уулзлаа. МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж сүүлийн үед хийж буй ажлаа товч танилцуулсан юм. Энэ үеэр сагсан бөмбөгийн алтан үеийнхэн хэмээгддэг П.Бямбаа, Б.Туул, Д.Отгонцэцэг, Л.Дашзэвэг, Г.Бадамханд нарыг сагсан бөмбөгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монголын үндэсний олимпийн хорооны дурсгалын алтан медалиар тус тус шагналаа.

Монголын сагсан бөмбөгийн холбоо нь өнгөрсөн аравдугаар сард дэргэдээ ахмадын зөвлөл байгуулсан бөгөөд ахмаддаа чиглэсэн, ахмадаас туршлага судлах шат дараатай арга хэмжээг авч байгаа юм.

Монголын үндэсний олимпийн хороо Олон улсын олимпийн хороотой хамтран багийн спортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сагсан бөмбөгийн холбоог дэмжин ажиллаж байгаа бөгөөд 2010 оны Азийн наадамд сагсан бөмбөгийн шигшээ баг хоёр ялж, түүхэн амжилтаа тогтоосон билээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж