Шилдэг оюутан тамирчдыг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Шилдэг оюутан тамирчдыг шалгарууллаа

Монголын оюутны спортын холбоо /МОСХ/ жилийн эцэст “Оны шилдэг оюутан тамирчин” шалгаруулдаг уламжлалын дагуу 18 дахь удаагаа шилдгүүдээ нэрлэлээ. Спортын төв ордонд өнөөдөр болсон арга хэмжээний үеэр шилдэг оюутан тамирчид, дасгалжуулагч, сургууль, хамт олныг тодруулсан байна. Шагналыг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл нар гардуулан өгчээ.


             
Шилдэг оюутан эмэгтэй тамирчин: ШУТИС-ийн Математик менежментийн сургуулийн оюутан, их мастер Б.Мөнгөнтуул БНХАУ-ын Шенжень болсон Дэлхийн оюутны зуны спортын 26 дугаар Универсиад их наадмын хөтөлбөрт анх удаа орж зохиогдсон шатрын төрөлд амжилттай оролцон  мөнгөн медаль хүртсэн амжилтаар 2011 оны шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарлаа. Б.Мөнгөнтуул нь тус наадамд оролцсон 30 орны 63 эмэгтэй шатарчдаас 6,5 оноо авч ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэхдээ есөн өрөг тоглон зургаа хожиж, хоёр тэнцэн, нэг хожигдсон билээ.

Шилдэг эрэгтэй оюутан тамирчин: ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн геодезийн нэгдүгээр дамжааны оюутан, олон улсын хэмжээний мастер Н.Баяраа Универсиад наадмын буудлагын спортын урт бууны багийн төрөлд  1769 оноогоор мөнгөн медаль хүртэн 2011 оны шилдэг оюутан эрэгтэй тамирчнаар тодорлоо. Тэрбээр урт бууны 50 м-ийн хэвтээ байдлаас 60 сум буудах төрөлд  19 орны  57 тамирчидтай Д.Бишрэл, Д.Ганзориг нарын хамт өрсөлдөн өөрийн баг дотроо хамгийн өндөр амжилт үзүүлэн 594 оноо авч мөнгөн медальд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Оюутны шилдэг дасгалжуулагч: Буудлагын үндэсний шигшээ багийн  дасгалжуулагч С.Адилбиш нь Дэлхийн оюутны Универсиад-2011 их наадмын урт бууны төрөлд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулж, эмэгтэй ганцаарчилсан төрөлд Ч.Нарантуяа болон эрэгтэй багийн төрөлд Д.Бишрэл, Д.Ганзориг, Н.Баяраа нарын шавь нараа мөнгөн медальд хөтөлсөн бөгөөд Монголын урт бууны баг тамирчдыг дэлхийн төвшинд хүргэсэн амжилтыг үзүүлэн ажилласан юм.


Монгол улсын 2011 оны “Оюутны спортыг дэмжигч шилдэг сургууль”

Монгол улсын 100 гаруй их, дээд сургууль, коллежуудаас Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн хамт олон энэхүү номинацид тэргүүллээ. ШУТИС-ийн хамт олон 2011 онд үндэсний хэмжээнд зохиогдсон Монголын оюутны спортын 10 дугаар “Универсиад” их наадамд оюутан тамирчдаа амжилттай бэлтгэн бүх төрөлд оролцуулж, байгууллагын нэгдсэн дүнгээр хоёрдугаар байрт шалгаран, БНХАУ-ын Шенжень хотноо болсон дэлхийн оюутны спортын зуны 26 дугаар “Универсиад” наадмын буудлага, шатрын төрөлд хоёр мөнгөн медаль, аэробекийн төрөлд шагналт байрт шалгарсан амжилт үзүүлж, оюутан сургууль хамт олнын дунд биеийн тамир, спортын хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэн, оюутны спортыг сурталчилан хөгжүүлэхэд ихээхэн зүтгэл гарган ажилласан амжилтаараа ийнхүү шалгарсан байна. Шагналыг тус сургуулийн ректор, профессор Б.Дамдинсүрэн, БТС-ын тэнхимын эрхлэгч С.Энхтуяа нар гардан авлаа.
       

Ийнхүү МОСХ хуучин оноо үдэн, 2011 оны амжилт ололтоо дүгнэв. Тус холбоо 2011 онд  Монголын оюутны спортын “Универсиад” их наадмыг спортын 10 төрөлд БСШУЯ, БТСГ, МОХ-той хамтран зохиож, 50 гаруй ИДС-ийн 8000 оюутан залуучуудыг хамруулсан бол БНХАУ-ын Шенжень хотод болсон дэлхийн “Универсиад” наадамд 12 спортын төрөлд 160 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг оролцуулан дөрвөн мөнгөн медаль хүртэн 152 орноос нэгдсэн дүнгээр 33 дугаар байрт шалгарчээ. Мөн азийн оюутны таэквондо, элсний волейболын төрөлд баг тамирчдаа оруулж, баруун бүсийн оюутны спортын наадмыг Ховд хотноо явуулжээ. Тэд 2012 онд Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг 10 спортын төрлөөр, Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн волейболын хоёрдугаар тэмцээнийг 2012 оны дөрөвдүгээр сарын 9-15 өдрүүдэд Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулах бөгөөд чөлөөт бөх, шатар, таэеквондо, буудлагын төрлөөр Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд  баг тамирчдаа бэлтгэн оруулах зорилт тавьж буй ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж