“Торгоны зам” одон гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

“Торгоны зам” одон гардуулав

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлж,  Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын “Торгоны зам” одонгоор шагнагдсан Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” ХХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.П.Горбатых, Хөдөө аж ахуйн “Сельхоз торговый дом” холдингийн дарга Е.В.Сигунов, “Tian De” компанийн захирал А.Г.Елкин нарт шагналыг нь гардуулах ёслол Монгол Улсаас ОХУ-д суугаа  Элчин сайдын яамны төв байранд 2011 оны 12 дугаар  сарын 19-ний өдөр болов. Ёслолын ажиллагааг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх С.Банзрагч нээж, шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн гардуулан, баяр хүргэж үг хэлэв.

Олон тэмдэглэлт ойн баяр тохиосон 2011 онд тус Элчин сайдын яам хоёр орны  төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, цэрэг, техникийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ОХУ-ын иргэдийг Монгол Улсын төрийн болон салбарын  шагналаар шагнуулахад анхаарч ажилласны дүнд олон арван хүн  ийнхүү хөдөлмөр, зүтгэлээ нэр төртэйгээр үнэлүүлээд байгаа билээ. Ёслолын арга хэмжээний үеэр шагнал хүртсэн ОХУ-ын иргэдийг төлөөлж С.П.Горбатых үг хэлж  хөдөлмөрийг нь үнэлж эрхэм хүндтэй шагнал олгосонд талархал илэрхийлээд цаашид хоёр орны сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд эрхэлж байгаа ажил, түүнчлэн хүмүүнлэгийн салбарт  идэвх зүтгэл гарган ажиллах болно  гэсэн байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж