Бизнес эрхлэгч, хоршоологчдын зөвлөгөөн болов

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгч, хоршоологчдын зөвлөгөөн болов

Ховд аймагт болсон уг зөвлөгөөнд тус аймгийн төв болон сумдад жижиг дунд, томоохон бизнес эрхэлдэг 300 гаруй хүн оролцжээ.

Зөвлөгөөнийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачлагаар ХХААХҮЯ, Ховд аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж яамны газрын дарга нар хариуцсан салбар бүрийнхээ талаар илтгэл тавьсан байна. Ховд аймагт даршилсан ногоо үйлдвэрлэх зориулалтаар баригдаж байгаа “Баялаг Буянт” ХХК-ийнхан мөн мэдээлэл өгчээ. Тэд үйлдвэрлэлээ эхэлснээр ховдчууд 1700 төгрөгөөр худалдан авдаг байсан ногоог 1300 төгрөгөөр борлуулах боломжтой болох аж. Ирэх жилээс Ховд аймагт цементийн үйлдвэр барих төсөл танилцуулсан байна.

Зөвлөгөөнд оролцсон бизнес эрхлэгчдийн ихэнх нь “Бид үйлчилгээний салбараас үйлдвэрлэлийн салбарт шилжих хэрэгтэй байгааг ойлгосон. Байгаа бололцоогоороо хийх боломжтой бүх бүтээгдэхүүнийг өөрсдөө хийдэг болмоор байна” гэсэн байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нийслэл хотноо ажиллаж амьдарч байгаа ховдчууд нутгийн зөвлөлийнхөө дэргэд “Хөгжлийн хороо” байгуулсан тухай мэдээллийг зөвлөгөөнд оролцогчдод өгч, зөвлөгөөний төлөөлөгчид тус хороог сайн ажиллуулж, үр шимийг нь хүртэх боломж байна хэмээн үзжээ. Зөвлөгөөний онцлог нь нэг удаа зөвлөлдөж уулзаад өнгөрөх биш, тодорхой үйлдвэрлэл бий болгох, бодит ажил хэрэг болгох, тэгэхдээ жирийн ард иргэдийн оролцоог томоохон үйлдвэрүүдэд нэмэгдүүлэх явдал гэдгийг хэлжээ.

Иргэд эх орны хувь хишгээ сар тутам хэрэглэж дуусгах биш, Ховд аймагт баригдах үйлдвэрт хөрөнгө оруулалт болгох боломж байгаа талаар ярьсан байна. Буянт сумын тариалан эхрлэгчдийг төлөөлөн Монгол Улсын гавьяат тариаланч А.Төлөгөн саналаа илэрхийлэхдээ тус сумын ногоочид сумандаа гурилын үйлдвэр барихад зориулан 200 сая төгрөг гаргах боломжтой тухай ярьжээ. Тус үйлдвэрт ховдчууд ажилладаг, үр шимийг нь ч хүртдэг байх тухай үнэтэй саналуудыг иргэд гаргажээ. 

Зөвлөгөөний төгсгөлд хэлэлцүүлгийн үеэр гарсан эдгээр саналуудаас тодорхой зөвлөмж гаргахаар болсон байна. ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай гурил, сүүний үйлдвэрийг барих хөрөнгө оруулалтыг дэмжих боломжтой гэдгээ илэрхийлжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж