Хятадын зэсийн импорт огцом өсөв

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Хятадын зэсийн импорт огцом өсөв

Хятадын арваннэгдүгээр сарын боловсруулсан зэсийн импорт 344 мянган тонн-д хүрчээ. Тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлж буйгаар, өнгөрсөн сард тус улс 295 мянган тонн боловсруулсан зэс импортолжээ.

Хятадын хувьд боловсруулсан зэсийн импорт энэ оны эхний зургаан сарын турш нэлээд буурч, тус улсын зэсийн агуулах дахь нөөц дундарсаар байсан юм. Өнгөрсөн зургадугаар сард тус улсын төрийн өмчийн судалгааны байгууллага “Beijing Antaike мэдээллийн хөгжил" компани 2011 онд тус улсын боловсруулсан зэсийн импорт 2.4 сая тонн байна гэсэн урьдчилсан тооцоогоо 2 сая тонн болгож бууруулснаа мэдээлж байсан юм. Гэвч оны сүүлийн саруудад зэсийн импорт дээшилсээр урьдчилсан тооцоо биеллээ олох нь тодорхой болжээ.

Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар Хятад улс нийтдээ 2.43 сая тонн боловсруулсан зэс импортолжээ. 2010 онд Хятадын боловсруулсан зэсийн импорт 2009 оныхтой харьцуулахад 8.4 хувиар буурч, 2.92 сая тонн-д хүрчээ.

Хятадын зэсийн импорт өссөн сургаар, Лондоны металын биржид зэсийн үнэ энэ сарын 21-нд 7275 ам.доллар байсан бол маргааш нь 7500 ам.доллар болж өссөн юм. Одоо уг металын үнэ 7590 ам.доллар-тай байна.
Хятадын зэсийн баяжмалын импорт ч өнгөрсөн арваннэгдүгээр сард нэмэгдэж 517-672.6 мянган тонн болжээ.

Мөн тус улс өнгөрсөн сард 433.5 мянган тонн хаягдал зэс импортолсон байна.

Хятад ийнхүү зэсийн импортоо ихэсгэж байгааг дан ганц бүтээн байгуулалтын бус, бас санхүүгийн зорилготой гэж Jinrui Futures компанийн шинжээч Фү Бин тайлбарлаж байна.

Тус улсын Аж
үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээлснээр Хятадын зэсийн хэрэглээ 2015
онд 8.5 сая тонн болох төлөвтэй байгаа ажээ. Харин энэ онд тус улсын зэсийн
нийт хэрэглээ өнгөрсөн оныхоос 700 мянган тонн-оор өсч, 6.8 сая тонн-д хүрчээ.

Олон улсын зах зээлийн зарим судалгааны байгууллага зэсийн үнийг ирэх жилийн сүүлээр 9000 ам.доллараас давна гэж үзэж байна.

Б.Төгс
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж