Ч.Сайханбилэг: СЕХ ажиллаж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг: СЕХ ажиллаж чадахгүй байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж дууслаа. Тус хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

Бүлгийн даргын мэдээллээр тогтоолд зааснаар 26 тойрогт 48 мандат хуваарилахаар заагаад байна. Ингэхдээ Булган, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгууд тус бүр нэг мандаттай байх бол үлдсэн аймгууд тус бүр хоёр мандаттай. Улаанбаатар хотын хувьд Баянзүрх, Налайх дүүргийг нэг тойрог болгож гурван мандат, мөн Сонгинохайрхан дүүрэгт гурван мандат, бусад дүүрэгт тус бүр хоёр мандат хуваарилахаар тусгаад буй юм.

-УИХ-ын сонгуулийн тойргийн мандатыг хуваарилахдаа хүн амын тоог харгалав уу, аль эсвэл газар нутгийн хэмжээг үндэслэл болгосон уу?

-УИХ-ын сонгуулийн шинээр батлагдсан хуульд хүн амын тоо, газар нутгийн зарчмыг баримтлан сонгуулийн тойрог,  мандатаа хуваарилна гэсэн ерөнхий заалт туссан.  Сонгуулийн тойргуудад өөрчлөлт оруулахыг тухайн тойргийн хүн амын 20 хувиас илүү нь өөрчлөгдвөл гээд хэд хэдэн нөхцөл оруулсан. Сонгуулийн хууль  зөвшилцөл, ойлголцол дунд төрсөн учраас УИХ-ын сонгуулийн тойргийг хуваарилах асуудал үндсэндээ 2008 оны сонгуулиас нэг их өөрчлөгдөөгүй. Харин мандатын тоонд өөрчлөлт орсон. 48 мандатаас шалтгаалж бүх тойрогт мандатын тоо буурсан. Хуучин хоёр мандаттай байсан газрууд өөрчлөгдөөгүй. Дөрөв болон гурван мандаттай байсан газруудаас нэг мандат хассан. Энэ нь өөрөө мандатын нийт тоотойгоо холбоотой хасалт юм. Тиймээс сонгогчдын нийт тоо болон нутаг дэвсгэрийн гэсэн хоёр зарчмыг үндэслэн өөрчлөлт оруулсан гэж хэлж болно.

-Танай бүлгээс мандатын тоог хуваарилахдаа хүн амын тоотой уяж гаргах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Энэ асуудал тусгалаа олж чадсан уу?

-Хүн амын тооноос хамаарч мандатыг өөрчилнө гэсэн ч үүнийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадсангүй. Сонгуулийн хууль батлагдах үед ч хэлж байсан. Батлагдсаны дараа ч хэлж байсан. Улаанбаатар хотын мандатын тоо 14 байгаа. Орон нутагт 34 хуваарилагдсан. Бид нийслэлийн мандатыг бас нэмэх ёстой гэсэн байр суурьтай байсан.

-Сонгуулийн ерөнхий хорооны одоогийн бүрэлдэхүүн ирэх оны сонгуулийг зохион байгуулах чадамжтай гэж үзэж байна уу?

-Одоогийн ажлын явц, ажилдаа хандаж байгаа хандлага, цаг хугацаатай уралдаж ажиллаж байгаа зэрэг шаардлагуудыг харахад Сонгуулийн ерөнхий хороонд дутагдалтай зүйлүүд их байна. Ялангуяа сонгуулийн автомат санал тоолох машин оруулж ирэх асуудалд Сонгуулийн ерөнхий хорооны одоогийн удирдлага хангалтгүй ажиллалаа. Үүнийг гишүүд ч хэлж байгаа. Гишүүдийн зүгээс тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Он гарангуут Сонгуулийн ерөнхий хороо дараагийнхаа технологийн шийдлийг оруулж ирэх ёстой. Хуулиа хэрэгжүүлэх чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо хариуцлагатай хандах ёстой. Шинэ он дөнгөж гарангуут автомат санал тоолох төхөөрөмжийн дараагийн шийдлээ гаргах учиртай. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өгсөн хугацаатай энэхүү үүрэг даалгаврыг хэр биелүүлэх вэ гэдэг нь гол зангилаа болох болов уу.

-Халамжийн тухай хууль УИХ дахь Ардчилсан намын бүлгээс болоод хэлэлцэгдэхгүй байна гэх мэдээллүүд өнгөрсөн хоногуудад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Шалтгаан юунд байна вэ?

-Ний нуугүй хэлэхэд одоо орж ирсэн хуулийн төсөл шаардлага хангахгүй байна гэж Ардчилсан намын бүлэг үзсэн. Тийм учраас УИХ-ын гишүүн С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг энэхүү төсөл дээр ажиллаж байна. Засгийн газраас оруулж ирсэн энэхүү багц төсөл нь халамж хүрэх ёстой зорилтот бүлэг рүү чиглэхгүй байгаа. Илүү тодруулж хэлбэл, өрх рүү чиглэж байгаа. Харин Ардчилсан намын бүлгийн хувьд хувь хүн рүү чиглэх ёстой гэж үздэг. Ирэх оны зургадугаар сар дуусангуут Хүний хөгжлийн сангаас олгож байгаа 21 мянган төгрөг зогсоно. Тэгэхээр халамжийн ямар бодлого барих вэ, хүүхдийн мөнгө байх юм уу, эсвэл зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн хууль байх ёстой юу гэдэг дээр ажлын хэсэг нэлээд ажиллах шаардлагатай болж байна. Ажлын хэсгийн төвшинд энэ ажил ажил дуусаагүй байгаа тул төслийг УИХ-ын төвшинд үргэлжлүүлэн хэлэлцээд явах нөхцөл үүсэхгүй байгаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж