Монголд хөрөнгө оруулах талаар Лондонд чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Монголд хөрөнгө оруулах талаар Лондонд чууллаа

Олон улсын санхүүгийн төв болох Лондон хотноо Монголын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт зөвлөлгөөн хоёр дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө.

Тус зөвлөлгөөнд "Рио Тинто", "Харанга Ресорс" зэрэг уул уурхайн томоохон компаниуд, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкууд оролцсон байна. Тэд Монгол дахь бизнесийн асар их боломжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг олон улсын хөрөнгө оруулагчдад өглөө. Мөн Монголын хөрөнгийн болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл, уул уурхайг дагасан тээвэр, төмөр зам, ложистикийн бизнесийг сонирхсон олон арван бизнесийн байгууллагууд оролцов.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв азийн газрын захирал ноён Дикамп Монгол улсыг ирэх 10 жилд дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх орон болно гэж онцлон тэмдэглэсэн байна.

Зөвлөлгөөнд Монголын санхүүгийн системийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад төв банкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар Монголбанкны Лондон дахь төлөөлөгч Д.Энхжаргал илтгэл тавилаа. Илтгэлд бодлогын хүүг 2011 онд гурван удаа өсгөж 12.25, заавал байх нөөцийн хувь хэмжээг хоёр удаа нэмэгдүүлэн 11 хувьд хүргэх замаар мөнгөний нийлүүлэлтийн асар хурдацтай өсөлтийг хязгаарласнаар инфляцийг барьж чадсан талаар дэлгэрэнгүй танилцуулжээ.

Түүнчлэн гадаад валютын захын үйл ажиллагааг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй байлгах, гадаад валютын ханшын чөлөөтэй хөрвөх бодлогыг үргэлжлүүлэн, гадаад капитал хөрөнгийн урсгалд аливаа хориг хязгаарлалт тавихгүйгээр ажиллуулсны үр дүнд гадаад валютын урсгал тасралтгүй өсч, нөөц 2.7 тэрбум ам долларт хүрснийг онцолжээ.

Хятадын төв банктай нэг их наяд төгрөг буюу таван тэрбум юаньтай тэнцэх үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг харилцан солилцох гэрээ байгуулснаар хоёр орны хооронд хийгдэх гадаад худалдааг   хөхүүлэн дэмжих, хоёр орны банкны байгууллагуудад үүсч болзошгүй төлбөр түргэн гүйцэтгэх чадавхийн хомсдлоос урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй алхам болсныг мөн тэмдэглэжээ.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор арилжааны банкны дүрмийн сангийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж 16 тэрбум, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийг 18 хувиар тогтоон улмаар 25 хүртэл, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг 10 хувиас 14 болгон өсгөхөөр төлөвлөж байгаа нь дотоодын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдаас банкны салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой тул гадаадын хөрөнгө оруулагч нар нааштай хүлээн авлаа.

Л.Дэлгэр

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж