
Төрийн байгууллагууд юу хийдэг вэ. Энэ асуултын хариултыг олох гэж хэрэндээ л хичээв. Монгол Улсад Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/ гэдэг нэртэй эмнэлэг байна. Энэ эмнэлгийн үндсэн чиг үүрэг нь халдварт өвчтэй хүмүүсийг эмчлэх, цаашлаад урьдчилан сэргийлэх арга замыг хайх, олон нийтийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. 1992 онд Монгол Улсад анх ДОХ-ын халдвар тээгч илэрч, бүртгэгдсэнээс хойш ХӨСҮТ энэ өвчинтэй тэмцэх талаар дорвитой арга хэмжээ авсан болов уу. Тэд “ДОХ-ын 98 дахь тохиолдол илэрсэн нь үнэн. 45 настай эрэгтэй хүн байсан”, “99 дэх тохиолдол бүртгэгдсэн. Хувиараа бизнес эрхлэгч 40-45 насны эрэгтэй хүн байсан” гэж ирээд л олон нийтэд мэдээлээд байдаг. Гэтэл энэ өвчний тархац буурсангүй. Энэ байгууллага ДОХ-той тэмцээд байна уу, бүртгээд байна уу. Нийслэлийн Агаарын чанарын алба гэж байгууллага байдаг гэх. Тэдний хийх ёстой ажил бол агаарын чанарыг сайжруулах. Утаа ихтэй Улаанбаатар хотын хувьд тус алба бараг л уртасгасан цагаар ажиллах ёстой. Гэтэл тэд агаарын чанарыг сайжруулж, утааг бууруулах тал дээр ажил хийхгүй байх шиг. Тэд зөвхөн утаа хэр их байгааг бүртгээд сууж байдаг юм болов уу. Өртөг өндөртэй багаж захиалж авчирчихаад утааг хэмжээд сууж байна гээд бод доо. Агаарын чанарын албаныхан утааг хэмжсэнээр хэмжээг нь бууруулдаг гэж ойлгодог бололтой. Үнэхээр хэмжээд л утаагүй болчихдог бол Улаанбаатар хот дэлхийн хамгийн цэвэр агаартай хот болчихсон байгаа даа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гээд шалгадаг, торгодог, хаадаг байгууллага байна. Тэд шалгадаг, торгодог харин хаадаггүй. Тэд бас л дээрх хоёр байгууллагатай адил тоолоод сууж байдаг юм биш үү. Үүнтэй адил гол мөрөн хэрхэн ширгэж байгааг тоолдог БОАЖЯ, уул уурхайн хэдэн лиценз гадны хүмүүст байгааг, Монголд хэдэн айл тог цахилгаангүй зутруу амьдардгийг тоолж гаргадаг ЭБЭХЯ, улсын хэмжээнд өдөрт, сард, жилд хэдэн хүн гэмт хэрэгт орооцолдож байдгийг тоолж суудаг ЦЕГ зэрэг байгууллага байдаг аж. Ер нь төрийн байгууллагууд тоолж л суудаг юм байна.
Б.Энхмөнх"Улс төрийн тойм" сонин
