2011 оны улс төрийн онцлох мэдэгдлүүд

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

2011 оны улс төрийн онцлох мэдэгдлүүд

Энэ онд улс төрийн амьдрал цочир сонин мэдэгдлүүдээр дүүрэн байлаа. Тиймээс оны онцлох мэдэгдэл хийсэн улстөрчдийн талаар уншигч танд хүргэж байна.

Н.ЭНХБАЯР & МАХН

Н.Энхбаяр Монголын улс төрд хөл тавьснаасаа хойш чухал хүн байсаар ирсэн. Тэрбээр МАХН /хуучнаар/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон тэр цагаас эхлэн улс төрийг өөрийнхөөрөө зохиож, зураглаж байсан юм. Тэр одоо ч энэ хэв шинжээ алдахгүйг хичээж явна. Тиймээс хуучин МАХН-аас шинэ МАХН-ыг бүтээхээр сэтгэл шулуудсан нь энэ оны онцлох үйл явдал боллоо. “Монгол Ардын нам мандан бадрах болтугай. Ура ура ура” хэмээн хашгирах У.Хүрэлсүхийн дуу нойрсож буй арсланг сэрээжээ. Өнөөх арслан сэрэнгүүтээ МАХН хэмээх хуучин нэрээ авах чин хүсэл өвөртөлсөн аж. Цаг хугацаа үл хайрлан зүтгэсний эцэст тэр санасандаа хүрч чадлаа. Чадах, чадахдаа МАХН-ын даргын суудлыг 14 жилийн дараа нэхэн авлаа. Тэрбээр МАХН-ын Онц их хурлын үеэр “МАХН коммунист нам байгаагүй. Наанаа ардчилал нэртэй ч цаана нь дарангуйлалтай байна. Энэ хоёр үгийг нийлүүлээд ардчилангуйлал хэмээн нэрлэж болох юм. Сүүлийн 20 жилийн шилжилтийн үе зүгээр л хэлбэрийн өөрчлөлт байв. Агуулгын болон чанарын өөрчлөлт бага гарсныг хүлээн зөвшөөрөх цаг нь нэгэнт болжээ. Тиймээс л Монголд шинэ хүн хэрэгтэй” гэсэн юм. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч байсан хүнд юу дутсан болоод улс төрөөс салахгүй зууралдаад байгааг таахад бэрх. Магадгүй түүнийг нэгэн үе хүндэлж, үгийг нь үг дуугүй дагасан нөхөд өнөөдөр “ноход” болсон учир Н.Энхбаяр шаралхсан байж ч болох. Тиймдээ ч Ц.Нямдоржтой нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцахаар оюун ухаанаа зарж буй биз. Н.Энхбаяр МАХН-ыг өөрийн болгосныхоо дараа хурц мэдэгдлийг олонтаа хийсэн. Энэ бүгд МАНАН буюу МАН, АН болон Хууль зүй, дотоод хэргийн сайд руу чиглэсэн юм. Тэрбээр “Ц.Нямдоржтой холбоотой асуудал дан ганц хүний хэрэг биш. Монгол Улсын шүүх, цагдаагийн байгууллагыг төлөөлж байгаа хүн өөрөө булхайтай зүйл хийж байгааг бид баримттайгаар дэлгэх болно. Гэхдээ Ц.Нямдоржийг хууль, хяналтын байгууллага шалгаж чадахгүй. Эсвэл зүгээр шалгаж байгаа дүр эсгэнэ. Тиймээс л би албан тушаалаа өгөөд цуг шалгуулъя гэж хэлсэн. Гэтэл ингэж чадахгүй байна” гэлээ. Нэхэл хатуутай Н.Энхбаярын улс төр хаа хүрээд зогсохыг та бид таашгүй.

“ТҮРЭЭСЛЭГЧ” Ц.НЯМДОРЖ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Би түрээсийн байранд амьдардаг гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ биччихсэн. Миний хүүхдүүд зээл авч байшин барьж байгаа. Надад хаус байхгүй” гэсэн нь оны онцлох мэдэгдэл яахын аргагүй мөн. Н.Энхбаяр “Ц.Нямдорж өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ нэр дээр хаус бариулсан. Төрийн сайд хүн авлига авахгүй л бол хэдэн сая ам.долларын үнэтэй хаус бариулах мөнгө хаанаас олдог билээ” гэх утгатай үг чулуудсан нь эцэстээ Ц.Нямдоржийг олны доог тохуу болгоход хүргэв. МАХН-ын дарга Ц.Нямдоржийн хуучны анд Н.Энхбаяр хэд, хэдэн мэдэгдэл хийсний дараа түүнийг баривчлах гэж оролдлоо гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа цацагдлаа. Үүнд мэдээж Ц.Нямдоржийг хардахад хүргэсэн нь хэн хүнд тодорхой. Харин эрхэм сайд энэ талаар “Хэвлэх үйлдвэрийн хувьчлал, “Өргөө” зочид буудалтай холбоотойгоор Н.Энхбаярыг шалгаж байгаа гэсэн. Тэгээд түүнийг дуудаж, мэдүүлэг авах гэхээр өгөөгүй. Тиймээс түүнийг албадан ирүүлэх шийдвэр гаргахад прокурор нь зөвшөөрсөн юм билээ. Энэ бүгдийг намайг зохион байгуулж байна гэж хардаад байх шиг байна. Надад хүнийг албадан ирүүлэх, материал бүрдүүлэх эрх байхгүй. Тиймээс улс төрийн зорилготой мэдэгдэл хийсэн болов уу. Өөрөөр хэлбэл, намайг зайлуулчихвал Н.Энхбаярыг шалгаж буй хэрэг хаагдана гэж бодож байх шиг байна” гэв. Ингэж хэлснийхээ дараа тэр дорвитой үг дуугарсангүй. Тодруулбал, нэг нь мэдэгдэл хийж, нөгөөх нь сонсох зарчмаар тэдний улс төр өрнөсөн юм. Харин цаашид хэрхэн үргэлжлэх бол…

Д.ЗОРИГТЫГ ОГЦРУУЛАХ ДАХИН НЭГ ТОХИОЛДОЛ

“Д.Зоригт гэдэг чинь яачихсан хүү вэ” гэж зурагт үзэн суугаа хүн бүр санаашрах нөхцөл байдлыг УИХ-ын гишүүн С.Эрдэнээр ахлуулсан фронтынхон бий болгосон. Өнгөрсөн оны сүүл мушгин Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах тухай хэлэлцсэн ч, намынхан нь сайдаа цээжээрээ хамгаалсан. Гэсэн хэдий ч С.Эрдэнэ нарын гишүүн уг асуудлыг энэ онд дахин хөндөв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар Д.Зоригт сайдыг огцруулах шаардлагыг УИХ-ын даргад дахин өргөн барьсан. Гэвч тусыг эс олов. “Ядаж байхад яр” гэгчээр Ардчилсан намынхан “Манай гурван гишүүн байр сууриа илэрхийлсэн. Харин намын удирдлагуудын зүгээс Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах бодолгүй байгаа” гээд дэмжлэг үзүүлсэнгүй. Харин энэ бүгдийг үл тоон С.Эрдэнэ “Би байнга ярилаа гээд зүгээр орхих гэж үү. Ингээд байвал улс орон хөгжихгүй шүү дээ. Харин улиг болтлоо ажил хийхгүй явж байгаа Засгийн газар ичмээр юм. Түүнээс биш би инээдтэй харагдахгүй. Д.Зоригтыг  огцруулах асуудлыг гурав байтугай 30 удаа тавина. Ажил хийхгүй байгаа нь үнэн биз дээ” хэмээж байсан юм.

“ДӨРВИЙН БҮЛГИЙНХЭН”-ИЙ ҮГ

Хуучнаар МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ нар намаа шүүмжилснээр “Дөрвийн бүлгийнхэн”, “Тэрслүү дөрөв” гэх нэр хоч зүүсэн юм. Тэд мэдэгдэл гаргаж, нам эв нэгдэлгүй байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж хэлэн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг дэмжих өнгө аясыг илэрхийлсэн нь удирдлагуудынх нь “алерги”-г хөдөлгөжээ. Ардын намын бүлгийн хуралдааны үеэр намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх ирж, үг сөрж буй гишүүдээ номхотгох гэсэн биш хэрүүл болсныг тод санаж байгаа байх. Хаалттай хаалганы цаана чухам юу болсон нь ууртай гэгч нь хаалга саван гарах Д.Тэрбишдагвыг харахад тодорхой байв. Хэнд, юу хэлэхээ тэр тусмаа удирдлагууддаа юу ярихаа бодоогүйнх нь алдаа ирэх сонгуулийн өмнө л гарч мэднэ.

Ц.ШИНЭБАЯРЫН ШИНЭ ДҮР ТӨРХ

Энэ хүний нэр МАХН МАН болсон тэр цагаас л сонсогдох болсон. Тухайн үед Ардын нам хэмээх шинэ нэртэй болохыг хуучин МАХН-ын гишүүд дэмжиж байна гэх сайхан мэдээнүүдийн төгсгөлийн цэгийг УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр тавилаа. Тэрбээр “Бид МАХН-ынхаа нэрийг өөрчилж болохгүй. Хэрэв нэгэнт өөрчлөхөөр шийдсэн бол би МАН бус МАХН нэрийн дор явах болно” хэмээсэн. Бас ч үгүй чуулганы нэгдсэн хуралдаанд суун хэрэлдэхийн оронд ордны гадуур ажиллахаа ч мэдэгдэж байлаа. Гэтэл тэр өнөөдөр чимээгүй болжээ. Өөрийнхөө нэрийг олон нийтэд МАХН-аар дамжуулж хангалттай таниулсан Ц.Шинэбаярын улс төр МАХН-аас хөндийрсөнтэй холбоотой юу. Хэлэхэд хэцүү ч цаг хугацааны хувьд тохирно гэдэг л энэ болоод байгаа юм. Тэрбээр өнөөдөр МАХН-тай хамт гэж байсан бол маргааш Хамуг Монголын хөдөлмөрийн намтай хамт гэж хэлээд л өөрийнхөө зам мөрийг хөөсөн нэгэн. Ер нь хувьсах чадвартай мэдэгдэл хийгч гэвэл яг онох биз ээ.

У.ХҮРЭЛСҮХИЙН МЭДЭГДЭЛ БУЮУ ХУВЬ ЗАЯАГ ТӨЛӨВЛӨСӨН НЬ

“Нам нэрээ сольсноор сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ” хэмээх сүржин мэдэгдэл хийсэн хүн бол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх. Ингэж хэлснээрээ тэрбээр хувь заяаг төлөвлөгч болчихов уу. Аль эсвэл зөн совиноо мэдрэв үү. Үүгээр зогсохгүй өөрийгөө бүхнийг чадагч гэх статусаар тодорхойлохыг хүсдэг бололтой. Нэгэнт нам нь сонгуулиар ялагдвал У.Хүрэлсүхийн хүлээх хариуцлага юу байх вэ. Хэн түүнд “Үйл лайгаа өөрөө үүр. Хариуцлага хүлээнэ гэсэн хүн нь чи” гэж хэлж зүрхлэх бол. Аягүй бол “Би бүх чадлаа дайчилж ажиллаа” гэж хэлээд л энхийн цагаан тагтаан дүрд хувирч ч мэдэх юм. Ардын намын үе, үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нараас тавьтаргүй, хөдөлгөөнтэй, “улаан хамгаалагч” нэрээрээ У.Хү­рэл­сүх ялгарах нь тодорхой. Тэрбээр “Намын гишүүд албан тушаал шантаажилж байна. Үүнийг болиулахгүй бол болохгүй” хэмээн хэлж байсан цаг саяхан. Чухам хэлсэн үгэндээ эзэн болж чадах эсэх нь түүний авъяас мэдэх хэрэг. Тийм ч учраас түүний хийх үйлдэл бүрээс Ардын намын хувь заяа шалтгаалах нь. У.Хүрэлсүхээс шалтгаалахгүй байх Ардын намын нөхцөл байдал, нүх сүв бүрийг түүний бараа бологчид далдалж яваа.

ЗОРИЛГОДОО ҮНЭНЧ ЕСӨН ГИШҮҮН

“УИХ-ын нэр бүхий есөн гишүүн” хэмээх нэр энэ онд хүчээ аван сонстох болсон билээ. УИХ-ын гишүүн Н.Батбаяр, З.Энхболд нараар ахлуулсан гишүүд Ерөнхий сайд, Ардын намын дарга С.Батболдыг огцруулахаар төлөвлөсөн. Уг нь тэд есүүлээ бус хоёулаа анх хийсэн мэдэгдэлдээ “Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй” гэж дуугаран хэвлэлийн хурал хийлгэж байлаа. Гэтэл энэ үйлдэл нь эцэс сүүлдээ Ардын намын даргыг “намнах” төлөвлөгөө болж хувирав. Ийнхүү нэгээс нөгөөд хувирч байх үед ч 20 гишүүн нэг, нэгээрээ нэрээ татсанаар ес л үлдсэн юм. Арга ч үгүй биз дээ. Анх нэгдсэн зорилго нь улстөржилтийн нөлөөнд хэтэрхий их орж хазайсан нь зарим нэгийг нь зангаа хувиргахад хүргэсэн байх. Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын 50 хувьтай тэнцдэг. Иймээс Ерөнхий сайд огцорвол Засгийн газар ч огцрох ёстой. Хэрэв гүйцэтгэх засаглалыг огцруулах бичиг өргөн барихаар болбол дор хаяж 19 гишүүний гарын үсэг байх учиртай. Гэтэл тэд есүүлээ. Арга буюу хуулийн өмнө хүчин мөхөсдсөн есөн гишүүний сүртэйхэн эхэлсэн мэдэгдэл нэлээд хугацаанд шуугиан тарьсан юм.

ХЭВЛЭЛД ЯРИЛЦЛАГА ӨГСНӨӨРӨӨ БУРУУТАГСАД

УИХ-ын гишүүн Ш.Сайхан­самбуу “Зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярив” гэдэг болсон. Түүний энэ онд хийсэн онцлох мэдэгдэл нь “Би энэ танхимд авлига өгсөн хүмүүстэйгээ тохой залгаад сууж байна” байлаа. Эрхэм гишүүн ингэж хэлсэнийхээ төлөө эрүүгийн хуулийн 269.1 дүгээр зүйлд заасан авлига өгсөн гэдэг үндэслэлээр гурван жилийн хугацаатай аавын хаалга татах дөхсөн. Ш.Сайхансамбуу зарим гишүүнийг бодвол нууж хаахгүйгээр үнэнийг хэлсэн нь түүнд гай дуудсан юм. Ямартай ч хэвлэлд өгсөн ярилцлагаас нь иш татан авлигатай тэмцэх үйл ажиллагаа явуулж буй Авлигатай тэмцэх газрын ямар түвшинд ажиллаж байгааг нь харуулсан хэрэг болсон. Буруу зүйл ярьсандаа гэмшсэн төрийн түшээгээс Эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай нь асуухад “Гурван жилийн ял оногдуулбал эдэлдэг л байхдаа” гэж хэлсэн нь хачирхалтай.  

Ц.Батбаяр гишүүний тухайд мөн л хэвлэлд өгсөн ярилцлагадаа “…Сүүлийн үед манай гишүүдийг худалдаж аваад аюултай байна. Гишүүдийн ах дүү, төрөл саданд нь тендер өгөөд дуугүй болгож байна. Өчигдөр орой л гэхэд Ерөнхий сайд зарим гишүүнийг дуудаж уулзаад тендер өгчээ” гэж ярьсан. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн тухайд хэлсэн үгнээсээ болж Авлигатай тэмцэх газрыг хөдөлгөж чад­сан бол Ц.Батбаяр гишүүн Зас­гийн газрынхныг хөдөлгөөнд оруу­лав. Ц.Батбаярын ярилцлага гарсны дараахан Монгол Улсын Ерөнхий сайдын нэр төр, алдар хүндийг гутаах зорилго бүхий илт худал гүжирдлэг, хууль бус үйлдэл” хэмээн мэдэгджээ. Харин үүнийг нь Ц.Батбаяр гишүүн эсэргүүцэж, “Би худал хэлээгүй. Намайг шалгахаар болбол шалгуулж болно шүү” гэсэн юм.

НАМАА ШҮҮМЖЛЭГЧ

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга хэр барагтаа намынхаа дотоод амьдралыг яриад байдаггүй. Харин тэрбээр энэ онд “Намын дарга өөрөө ажил хийсэн л гэж хэлдэг. “Ажил явахгүй байна аа” гэхээр “Явж л байгаа шүү дээ” гэдэг. Ямартай ч сүүлийн үед намын даргатай уулзах болгондоо ам муруйдаг болсон” гэж хэлсэн нь сонирхолтой байлаа. УИХ-ын 2012 оны сонгууль дөхөж байгаа энэ үед Ардчилсан намынхан намаа хангалттай шүүмжилж буй. Гишүүд нь хамтарсан Засгийн газраас гарах тухай санал болгож, бүр шаардаж ч байсан. Гэтэл стандарт бус Засгийн газрыг анхнаас нь өмөөрсөөр ирсэн намын дарга Н.Алтанхуяг шүүмжлэлийг хүлээж авах нь битгий хэл гишүүдтэйгээ маргаж суудаг нэгэн. Даргадаа дургүйчүүдийг ашиглан Х.Баттулга намын дарга болохоор санаархсан нь нууц биш. Энэ нь З.Энхболд, С.Эрдэнэ нарын Ардчилсан хүчний холбооныхонтой хүч хавсарч байгаагаас нь харагдана. Ийнхүү намаа шүүмжилсэн түүний мэдэгдлийг үндэслэн олон гаргалгаа гаргаж байгаа. “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь” багтдаг гэдэг шиг Х.Баттулгын дотор Ардчилсан намын даргын суудал, Ерөнхий сайдын суудалтай багтаж байгаа болов уу. Таамаглал үнэн болохыг хэн ч үгүйсгэхгүй. Түүнчлэн энэ таамгийг бодит байлгахын төлөө хэн нэгэн ажиллаж байгаа ч юм билүү. Ямартай ч намдаа нэр хүндтэй бол нэр хүндтэй, фракцитай бол фракцитай Х.Баттулга ирэх онд хэд, хэдэн онцлох мэдэгдэл хийж ч мэднэ шүү.      

НОЦТОЙ НОТЛОХ БАРИМТЫГ ДЭЛГЭГЧ

Энэ хүн бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин. Тэрбээр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга бөгөөд 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний үеэр хүний эрхийг хэрхэн зөрчсөн эсэхийг судлах ажлын хэсгийг ахалсан. Энэхүү ажлын хэсэг хүний эрх зөрчсөн тухай тогтоолын төсөл бэлтгэн төр ард түмнээсээ уучлалт гуйх хэрэгтэй гэдгийг тусгасан байв. Гэтэл чуулганы нэгдсэн хуралдаанаар үүнийг УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжээгүй нь Х.Тэмүүжиний эгдүүцлийг төрүүллээ. Ийм учраас тэр долоодугаар сарын 1-нд хэрэглэсэн цагдаагийн бууны сум, тэмдэглэл зэргийг олон нийтэд дэлгэж орхив. Түүний дэлгэсэн тэмдэглэл нь тухайн үед болсон үйл явдлыг тусгасан бөгөөд 2008 оны долоодугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд хэргийг мөрдөн шалгах явцад цагдаагийн байгууллагын дотор болсон үйл явдалд оролцсон цагдаагийн Хүний эрхийн дэд хороонд өгсөн тэмдэглэл юм. Уг тэмдэглэлд хэн гэдэг дарга ямар үүрэг даалгавар өгч ийм үйл явдал болсон тухай бичжээ. Х.Тэмүүжиний дэлгэсэн цагдаагийн өдрийн тэм­дэглэл үнэн бол үнэхээр онцлохын онцлох мэдэгдэл болох юм. Ямартай ч таван хүний алтан амийг авч одсон долоодугаар сарын 1-ний үймээн тав дахь жилийхээ босгон дээр илэрнэ гэдэгт монголчууд найдах л үлдлээ.   

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж