Байгаль орчны салбарын сэргэн мандалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Байгаль орчны салбарын сэргэн мандалт эхэллээ

Манай орны Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт олон улсын байгууллага, хандивлагч орнуудын тусламжаар хэрэгжүүлж буй 16 төсөл байдаг аж. Эдгээрийг ангилж үзвэл, бай­га­лийн нөөцийн тогтвортой менеж­ментийн чиглэлээр зургаа, ой, усны бодлого, менежмент, цөлжилтийг саа­руулах чиглэлээр тус бүр хоёр хоёр төсөл хэрэгжиж байгаа. Харин био аюулгүй байдлыг хангах, химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын чиглэлээр дөрвөн төсөл хэрэгжиж байгаа аж. “Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүл­жээг бэхжүүлэх нь”, “Байгаль орч­ны засаглалыг бэх­жүүлэх”, “Био аюул­гүй байдлын менеж­мент”, “Гид­рохлорфторт нүүрс­төрөгч бодисыг үе шаттайгаар буу­руу­лах менежмент” зэрэг дөрвөн төсөл 2010-2011 онд хэрэгжиж эхэлжээ. Эдгээр төслийн хэрэг­жил­тийн түвшин нь эхлэх ша­тандаа байгаа бөгөөд одоо дунджаар 10 хувьтай явж бай­гаа бол 2005-2009 онд эхэлсэн 12 төс­лийн хэрэгжилт дунджаар 73.3 хувьд хүрсэн аж.

Энэ онд олон улсын хөрөнгө оруулалттай нийт таван төсөл хэрэгжиж дуусчээ. Тухайлбал дөрвөн аймгийн 20 сумын 80 гаруй малчдын бүлэг, нөхөрлөлийг хамар­сан “Монгол Алтай Соёны эко бүс нутгийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотой хамгаалах төсөл” ихээхэн үр дүнтэй болсон та­лаар яамны мэргэжилтнүүд, тө­сөлд хамрагдсан иргэд ярьж байна. Анх 2005 онд эхэлсэн эдгээр төслийн хөрөнгийн зарцуулалт бо­лоод биелэлт нь одоогоор тус бүр 90 хувьтай байгаа гэнэ. Эртний түүх дурсгалын арвин олдвор, ховорд­сон амьтан, ургамал ихтэй Ал­тайн бүс нутагт энэхүү төслийг хэ­рэгжүүлснээр байгалийн цогцол­борт газрын талбайн хэмжээг хэвээр хадгалах, цаашлаад цогцолборт газрууд, дархан цаазат газрыг хамгаалах төсөл болон өргөжсөн аж. Тухайлбал, Тэнгэс, Шиш­гэдийн байгалийн цогцолборт газрын талбайг 830 мянган га газраар өргөтгөж, Улаан тайгын байгалийн цогцолборт газрын зэрэглэлийг дээшлүүлж дархан цаазат газар болгожээ. Уг дархан цаазат газрын талбай нь 326 мянга 250 га болжээ. Мөн Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын талбайг 230 мянган га газар нутгаар өр­гөт­гөсөн байна. Хад асга ихтэй өндөр уулсаар хүрээлүүлсэн газар хот сууринаас тэр бүр очиж хяналт, шалгалт хийх нь ховор. Харин дээрх төслийн нүдээ олсон тал нь тухайн нутаг дэвсгэрт байнгын ор­шин суугаа иргэдээр амьтан, ур­гам­лыг хамгаалуулах явдал бөгөөд энэ нь үр нөлөөгөө үзүүлж байгаа талаар тус яамнаас онцолж байсан. Одоогоос хэдэн жилийн өмнө ан амьтныг хамгаалах хууль тогтоомж маруухан байх үед гадныхан болоод манайх­ны гайгүй бэнчинтэйнүүд нь дур­тай үедээ улаан номд орсон амьтдыг олноор устгадаг байсан. Гэвч сүүлийн дөрвөн жил олон ул­сын хандивлагч байгууллагуудын тус­ламж дэмж­лэ­гээр Байгаль орчин, аялал, жуулч­лалын яамныхан уг асуудлыг анхаарч ажил­ласны үр дүнд тэдгээр амьтны амиар хөрөн­гөжигс­дийг зогсоож чаджээ. Ан амьтныг хамгаалах тухай хуулийн төслийг өнгөрсөн есдүгээр сарын 21-нд УИХ-аар батлуулаад авсан.

Тус яамнаас хэрэгжүүлсэн да­раагийн нэгэн онцлог төсөл нь 2008-2012 онд хэрэгжих “Нутгийн иргэдэд түшиг­лэсэн байгалийн нөөцийн менежмен­тээр ядуурлыг бууруулах” ажил аж. Энэ төс­лийн хүрээнд төсөл хэрэгжиж буй долоон сум,  Хэнтий аймгийн Онц­гой байдлын алба зэрэг есөн газарт нийт 96.4 сая төгрөгийн үнэ бү­хий ой, хээрийн түймэр унтраах 11 төрлийн 229 ширхэг тоног тө­хөө­рөмж нийлүүлжээ. Мөн  Онон Балжийн байгалийн цогцолборт газ­рын хилийн тэмдэгжүүлэлт хийж байна. Түүнчлэн Онон голын сав газрын сумдын төслийн зорилтот бүл­гүүддээ зээлийн баталгаа гаргах ажлын бэлтгэл дуусч, Байгаль ор­чин, аялал жуулчлалын яам ХААН банктай гэрээ байгуулсан нь иргэдэд банкны системээр түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн гэнэ. Улаанбаатарын хэмжээнд өнөөдөр хамгийн их тулгамдаад байгаа асуудал бол агаарын бохирдол. Энэ хүрээнд тус яамнаас нэлээд идэвх санаачлагыг гарган ажиллаж байгаа. Тухайлбал, энэ чиглэлээр “Монгол Улсад Монреалын протоколыг хэгэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэ онд дуусаж буй уг төсөл одоогоор 90 хувийн биелэлттэй явж буй аж. Төслийн гол хэрэгжилт нь Монреалын протоколын хавсралт А-ийн I бүлгийн хлорт фторт нүүрстөрөгчийн бодисын импортыг 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүрмөсөн зогсоож, хилийн Мэргэжлийн хяналтын газар, гаалийн байгууллагаар хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх хяналт хийжээ. Мөн тус яамнаас хэрэгжүүлж буй төслүүд дотор эдийн засагт өндөр бүтээмж үзүүлж байгаа шонхор шувууны экспортыг дэмжих юм. Мон­гол оронд нийт 6830 идлэг шонхор шувуу байгаа гэсэн тоо гарчээ. Энэ нь дэлхий дээрх идлэг шонхорын 45 хувь нь юм байна. 2000-2010 онд нийт 2751 толгой шонхор шувуу импортолсон нь улсын төсөвт 18.4 сая ам.долларыг төвлөрүүлсэн аж. Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас уг шувууг Кувейт, Катар, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг улс руу импортлохоор албан ёсны гэрээ байгуулан ажиллаж байгаа. Нэг идлэг шонхорыг 11 мянга 760 ам.доллараар худалдаалдаг. Энэ оны хувьд уг шувууг импортлох асуудлаар 10 гэрээ байгуулсан аж. Идлэг шонхорыг ийм олноор нь хил дамнуулан худалдаалж байгаад иргэд ихээхэн дургүй байдаг ч тус шувууг одоогоор тоо толгойн хувьд ховордож болзошгүй төрөлд хараахан ороогүй хэмээн амьтан судлаачид үздэг байна. Тийм ч учраас эдийн засагт өгч буй үр ашиг өндөртэй энэ төрлийн шувууг өсгөж үржүүлэх тал дээр Арабын орнуудаас нэлээд төсөл оруулж иржээ. Мөн  Монгол орны нутаг дэвсгэр дээр идлэг шонхор амьдаар нь барих, тээвэрлэх, арчлах, экспортод гаргах үйл ажиллагаанд мөрдөх журам боловсруулан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн А-205 тоот тушаалаар батлуулсан байна.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж