Дэлхийн Экспо 2010 нөгөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн Экспо 2010 нөгөөдөр эхэлнэ

БНХАУ-ын ерөнхийлөгч Ху Жинь Тао Шанхайн Дэлхийн экспо 2010 үзэсгэлэн худалдааны Оросын павильонд хөл тавьсан анхны зочин боллоо. Өнөөдөр, пүрэв гаригт Хятадын удирдагч Оросын павильонд зочлон, хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ бичсэн байна. Тэрээр “Уг павильонд айлчилж байгаа хүмүүс Оросын ард түмний ухааныг харах болно. Павильоны ажилд амжилт хүсье”  гэж бичсэн байна.
 
Орос улс Экспо худалдаанд 30 дахь жилдээ оролцож байгаа ч өмнө нь павильон огт барилгүй, харин павильон түрээсэлж оролцдог байсан бөгөөд энэ жил анх удаа барьж оролцож байна. Оросын павильон нар шиг дүрстэй, 12 сарыг төлөөлүүлсэн 12 цагаан-алтан цамхагтай бөгөөд дотроо 6000 квадрат метр талбайтай юм. Энэ павильон нь Оросын сүүлийн үеийн шинжлэх ухаан, эдийн засгийн хөгжлийг харуулж байгаа бөгөөд соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ.

Дэлхийн экспо 2010 нь тавдугаар сарын нэгнээс 10 сарын 31 хүртэл ажиллах бөгөөд “Илүү сайхан хот-илүү сайхан амьдрал” уриан дор явагдах болно.  Дэлхийн бүх улс уг үзэсгэлэнд оролцохоор уригдсан бөгөөд уг экспог 70 орчим сая хүн үзэж сонирхох болно гэж тооцоолж байна. Манай News.MN агентлагын сурвалжлагч уг үзэсгэлэнг сурвалжлахаар Шанхай хотыг зориод байгаа бөгөөд удахгүй газар дээрээс нь мэдээ дамжуулах юм.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж