
Он гараад эх орондоо ирж, УДБЭТ-ын тайзнаа дахин бүжихээр болсон Д.Алтанхуягийн гоцлох “Жизель” балетын тов гарчээ. АНУ-ын “Бостон балет”-ийн бүжигчин, дэлхийн шилдэг найман балетчны нэг, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өөрийн байгуулсан “Монголын балетын хөгжил сан”-гийн хүрээнд Английн Хатан хааны Рояал балетын гоцлол бүжигчин Тамара Рохотой хамт ирэх нэгдүгээр сарын 5-нд Монголд ирэх юм. Энэ удаад балетчин Д.Алтанхуяг, Тамара Рохотой хамтран А.Аданы “Жизель” балетад бүжих бөгөөд тэрхүү гайхалтай сонгодог үдшийг та нэгдүгээр сарын 14, 15-нд мэдрэх боломжтой юм. Тэр өдөр симфони найрал хөгжмийг АНУ-ын Нью-Ингланд хөгжмийн сургуулийн ахлах зөвлөх, Эль-Система байгууллагын захирал, удирдаач Марк Черчиль удирдах гэнэ.
М.Дөл