Шүүгчийн бүрэлдэхүүн “Хүмүүс”, “Газар орон”, “Байгаль” гэсэн 3 төрлөөр шилдгүүдийг шалгаруулсны зэрэгцээ Гран-При хүртсэн хүнийг тодруулсан байна. Бүтээлийг шалгаруулахдаа уран сайхан, техникийн үзүүлэлтийг аль алиныг нь харгалзжээ.
Шилдгийн шилдгийг болон шүүгчдийн онцолсон бүтээлүүдийг дорогш жагсаав. Зургийг томоор харахын талд дарна уу.
Гран-При болон “Байгаль” төрлийн шагналыг “Шунгасан нь” (Splashing) нэртэй энэ бүтээл хүртлээ. Индонезийн Риау арал дээр оршин суудаг Шихей Гох сум мэт “шунгинах” бороон шүршүүрийг сөрөх тэмээлзгэнийг буулгажээ. Гэрэл зурагчин яг адилхан “усан дайрлагад” өртсөн ч түүний гарт фото аппарат байж таарсан байна. Шүүгч Тим Ламан бичил гэрэл зургийн чанар, чимхлүүр ажлыг нь төдийгүй, тун чадмаг сонгосон гэрэлтүүлэг, сэдвийн өвөрмөц шинжийг гойд үнэлжээ. Өөр нэгэн шүүгч Питер Эссек бээр тэмээлзгэний зан төрхийг хүртэл “олж харж”, түүнтэй “сэтгэлээ хуваалцжээ”
Кент Сираиси, “Цэнхэр цөөрөм, анхны цас” (Blue Pond & First Snow). Халуун рашаанаараа алдартай японы нэгэн сувиллын газар дүрслэгджээ. Ийм хэмжээтэй хувилбарт сайн харагдахгүй байгаа ч эх зурган дээр моддын ёроолоор усан бөмбөлөг бий гэлцэх юм.
Анхель Финтор, “Далайн залхаг наран ургахад” (The Sunrising Jellyfish). Испаний Мурсия мужийн далайн эрэгт авсан зураг. Далайн этгээд амьтан усны толионд “хорхой хөдлөм” ойрхон хөвж явжээ…
Стефано Песариелли, “Ан” (The Hunt). Энэ зургийн “дагасан хөдөлгөөн” (панорам), гөрөөс ирвэс хоёрын тэмцлийн хослол шүүгч нарын сэтгэлийг татжээ. Кени улсын “Масаи Мара” үндэсний дархан цаазат газарт зурагчин маань аппаратныхаа товчийг “мулталжээ”.
“Газар орон” төрөлд тэргүүлсэн “Ногоон бүс рүү” (Into the Green Zone) зураг дээр филиппиний Онук арлын тэнгэрт Солонго авхай дөлгөөн долгилох далай дээр тухалжээ. Ноён Ламаны бодлоор, бүтээлд сүүдэрлэгдсэн хоёр хүн зургийн эзэн Жорж Тапаны зохиомж тавих гойд чадварыг илтгэж байгаа юм байна. Харин ноён Эссакыг тухайн үеийн оргил агшин болж “бууж” чадсан бүсгүйн үс “галзууруулж” байгаа бололтой.
Ши Хуньсю, “Хүхрийн галын наадам” (Sulfuric Fire Festival). Тайваньд загасыг гэрлээр өгөөш хийж барьдаг юм байна.
Ануар Патжане. “Их аадар” (Cyber Monsoon). Эрт цагийн аадрын улирал балбын Бактапур хотод дахин зочлохдоо эртний анд нь танигдашгүй өөрчлөгдсөнтэй таарчээ.
Жеймс Вернакотола, “Огторгуй өөд зам заагч” (Waterway to Orbit). “Индевор” сансрын хөлөг Флорида мужийн Понте-Ведра хотын эргийн сувгийн орчимд тойрог замдаа орж байна. Энд waterway буюу усан тээврийн зорчих замын тэмдэглэгээ бүхий хэсэгтэй хөлгийн галт зам давхцаж байгаа нь гайхамшигт содон шийдэл болсон юм.
“Хүмүүс” төрөлд Изабель Нордфьелийн “Фьелманы гэр бүл” зэрэг шалгарчээ. Шүүгч Эми Тенсинг энэ ажилд ямар нэг “далд шидийн” зүйлийг олж харжээ. Энэ бол шведүүд биш харин өнөөг хүртэл уламжлалт ахуйгаараа амьдарч байгаа эртний саам үндэстэн гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.
Эх сурвалж: ngm.nationalgeographic.com