Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

NBA үнэнч фенүүддээ бэлэг барьж, Зул сарын баярын өдөр шинэ улирлын эхний тоглолтуудаа хийлээ. Ажил хаялтын улмаас таван сарын хугацаанд завсарласан NBA-ын улирлын нээлтийн тоглолтууд дэндүү гэмээр сюрприз дүүрэн байв.

Кармэло Энтони 37 оноо авч, багаа тэргүүлснээр “Нью-Йорк Никс” 106:104 харьцаатай ганцхан бөмбөгийн зөрүүтэй “Бостон Селтикс”-ийг буулган авсан бол өнгөрсөн улирлын аваргын төлөөх цувралын дүр зургийг дахин сануулж, “Майами Хит”, “Даллас Маверикс” багууд тоглосон. Энэ удаад “Хит” 105:94 харьцаатай аваргуудыг сөхрүүлэв. Түүнчлэн Деррик Роуз тэргүүтэй “Чикаго Буллз” ердөө ганцхан онооны зөрүүгээр “ЛА Лейкерс”-ийг хожиж, улирлын анхны хожлоо авсан бол "Оклахома Сити" 97:89 харьцаатай "Орландо Мэжик"-ийг хожжээ.

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны богиносгосон улирал ийнхүү эхэлж, сагсан бөмбөгийн үнэнч фенүүдийг баярлууллаа. Ерөнхий хуваарийн дагуу улирлын тоглолтууд 2012 оны дөрөвдүгээр сарын 26-нд өндөрлөнө. Харин плей-ффын шатны тоглолтууд зургадугаар сарын 26 хүртэл үргэлжлэх боломжтой. Улирлын тоглолтын тоо багассан тул багууд бүсийнхээ өрсөлдөгч нартай нийт 48 тоглолт хийнэ. Ингэхдээ бүсийн зургаан багтай тус тус дөрвөн тоглолт хийх бол өөр дөрвөн багтай тус бүр гурван тоглолт хийх юм. Үүний хоёрыг нь талбайдаа, нэгийг нь айлын талбайд зочлон тоглоно. Мөн өөр бусад дөрвөн багтай гурван удаа тоглох бөгөөд ингэхдээ талбайдаа нэг, зочилж хоёр удаа тоглох юм.

Багууд улирлын туршид нөгөө бүсийн багууд харьцангуй цөөн буюу 18 тоглолт хийх аж. Баг тус бүр эсрэг бүсийнхээ гурван багтай хоёр удаа тоглох бөгөөд талбайдаа нэг, зочилж нэг удаа тоглоно. Мөн эсрэг бүсийнхээ зургаан багийг талбайдаа хүлээн авч, тоглохоос гадна өөр зургаан багийн талбайд зочлох ажээ. Үүнээс гадна багууд улиралд наанадаж, нэг удаа гурван өдөр дараалан тоглоно. Харин плей-оффын хоёр дахь шатанд энэ байдал дахин давтагдах боломжтой гэнэ.

Дэлхийн хамгийн хүчирхэг лиг NBA-ын тоглолтуудыг спортын төрөлжсөн суваг “Sport Box”-оор шууд хүлээн авч үзээрэй.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж