
Холливудын жүжигчин Анжелина Жолигийн найруулагчийн анхны бүтээл Боснийн дайны тухай өгүүлэх “the Land of Blood and Honey” кино Сараево хотод нээлтээ хийлээ. Кинонд иргэний дайны хөлд нэрвэгдсэн Боснийн лалын шашинт бүсгүй, Серб эр хоёрын ээдрээтэй хайр дурлалын түүхийг өгүүлдэг байна. Кино сонирхогчдын зарим нь үйл явдлыг бодитоор харуулсан бүтээл гэж хэлж байхад нөгөө хэсэг нь Боснийн түүхийн аймшигтай үеийг эргэн сануулсан, онцгүй дурсамж сэдрээсэн кино гэж шүүмжилж байгаа гэнэ. Киног найруулсан жүжигчин Анжелина Жоли кинонд хүчингийн хэргийн хохирогч мусульман бүсгүй өөрт нь халдсан Серб эрд дурласан тухай өгүүлдэг гэж ярьсан нь Сербийн хэвлэлээр багагүй шуугиан дэгдээсэн юм. Энэ мэдээллийн дараа “Дайны хохирогч эмэгтэйчүүдийн холбоо” уг киног дэлгэцэнд гаргахыг эсэргүүцэж, Сербийн Засгийн газар Жолиг тус улсад кино зураг авахыг хориглосон билээ. Зана Маряновик, Горан Костик нар гол дүрд нь тоглосон “the Land of Blood and Honey” “Алтан бөмбөрцөг” кино наадамд гадаад хэл дээрх шилдэг кинонд нэр дэвшчээ.