В.Путиныг ерөнхийлөгч болгохгүй байхыг уриалав

Хуучирсан мэдээ: 2011.12.25-нд нийтлэгдсэн

В.Путиныг ерөнхийлөгч болгохгүй байхыг уриалав

Төрийн Думын сонгуулийн үр дүнг Оросууд одоо ч хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байна. Өчигдөр Москва хотод В.Путины тэргүүлдэг Нэгдмэл Орос намын ялалтыг луйвар болсон гэх сонгогчид эсэргүүцлээ илэрхийлэн дахин жагсав. Шударга сонгууль явуулахыг шаардсан олонд өвлийн хүйтэн жавар саад болсонгүй. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев саяхан мэдэгдэл гаргаж энэ сарын эхээр болсон парламентын бүх нийтийн сонгуулийг шударга болсон гээд улс төрийн шинэчлэл явуулна гэж амласан нь дайран дээр давс нэмсэн хэрэг болсон билээ. Энэ сарын эхээр болсон сонгуулийн дараа дахин сонгууль явуулахыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний зэрэгцээ В.Путиныг дэмжигчдийн хөдөлгөөнүүд ч өрнөсөн юм. ОХУ-ын нийслэл Москва хотод өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнд 25,000 орчим хүн оролцсон гэж цагдаа нар тооцоолсон бол жагсаал зохион байгуулагчид үүнээс хоёр дахин олон хүн нэгдсэн гэж үзэж байгаа юм. Улс төрийн ажиглагч, шинжээч нар сүүлийн хорин жилд  ОХУ-д үүн шиг асар олон хүн нэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн гараагүй гэж бичиж байна. Өчигдөр болсон эсэргүүцлийн жагсаалд өмнөхөөс ч олон хүн оролцсон гэнэ. Жагсаал цуглаан ийм далайцтай болоход олон нийтийн сүлжээ гол үүрэг гүйцэтгэжээ. Интернэтээр эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн жагсагчид шударга сонгууль явуулахыг шаардахын зэрэгцээ ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхий сайд В.Путиныг дахин сонгохгүй байхыг уриалж байгаа гэнэ. Хэдэн арван мянган хүн жагссан өчигдрийн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр цагдаа нар Санкт-Петрбург хотод 10, Нижний Новогород хотод 22, Барнаул хотод 20 орчим хүнийг баривчлан саатуулсан тухай Оросын “Риа Новости” агентлаг мэдээлжээ. Москва хотод ойролцоогоор 29,000 хүн жагсаалд оролцсон гэж цагдаа нар мэдээлсэн бол зохион байгуулагчид жагсагчдын тоо үүнээс хэд дахин олон байсан гэж тооцоолжээ. Хэл амтай сонгогдсон шинэ парламентын гишүүдийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев орон нутгийн шууд сонгууль явуулж, улс төрийн нам, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлийг хялбарчилж, үндэсний, бие даасан, олон нийтийн шинэ телевиз бий болгохоо амласан юм. Түүнээс гадна Д.Медведев бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө В.Путин ерөнхийлөгч байхдаа гаргасан улс төрийн хатуу хоригуудыг цуцална гэж мэдэгдсэн байна. Сонгууль луйвар болсныг эсэргүүцэж, дахин сонгууль явуулахыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн Орос орон даяар өрнөж буйд эрх баригчид ямар арга хэмжээ авах талаар Д.Медведев мэдэгдэлдээ юу ч дурьдаагүй ажээ.  Дахин сонгууль явуулахыг шаардаж буй Оросууд "Орос оронд үймээн самуун биш, ардчилал хэрэгтэй. Бид хувьсгал биш, шударга сонгуулийг шаардаж байна” гэж ярьж байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж