Агаарын бохирдол иргэдийг “хямрааж” байна

Хуучирсан мэдээ: 2011.12.25-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдол иргэдийг “хямрааж” байна

Улаанбаатар хотын утаа хүмүүсийн, ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг Пирли Якоб (Pearly Jacob) http://www.eurasianet.org/ цахим хуудсанд нийтэлжээ. “Mongolia: Ulaanbaatar Air Pollution Linked to Public Health Crisis” гэсэн гарчигтай түүний нийтлэлийг хүргэе.

Хүний хөл тасардаггүй III төрөх эмнэлгийн нярайн уушигны тасгийн эмч Т.Лодон төрөөд ганц хонож байгаа хүүгээс хүчилтөрөгчийн гуурсыг авахдаа тун ч баяртай харагдав. Энэ хүүгийн зүрхний цохилт сайжирчээ. Харин бусад хүүхдийн хувьд цаашид яах нь эргэлзээтэй…

Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын төрөх эмнэлгүүдэд төрөлхийн гажигтай, бие султай хүүхдүүд төрөх явдал нэмэгдсээр байна. Тагнай нь цоорсон, ясны сийрэгжилттэй, эрхтний хөгжил муутай хүүхдийн тоо эрс өсч байгаагийн гол шалтгаан нь агаарын бохирдол байж болохыг 10 гаруй жил ажилласан туршлагатай Лодон эмч хэлэв. Нэгэн судлаач ямар нэг байдлаар гажигтай төрөх хүүхдийн тоо сүүлийн 10 жилд 30 хувиар нэмэгдсэнийг илрүүлжээ. Мөн ганц жилийн дотор л гэхэд зүрхний гажигтай төрсөн хүүхдийн 56 хувь нь нэг ой хүрээгүй байхдаа нас бардаг болохыг Засгийн газрын судалгаанаас харж болно.
Өвлийн урт өдрүүдийн турш нүүрс түлдэг гэр хорооллын оршин суугчдаас болж, нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хот бохирдлын зарим түвшнээрээ дэлхийд “тэргүүлж” буйг Дэлхийн банкныхан ч онцолсон. ЭМШУИС-ийн Эпидемиологи болон биостатистикийн тэнхимийн эрхлэгч Д.Даваалхам гажигтай төрөлт ганц хүчин зүйлээс шалтгаалан нэмэгдэхгүй ч агаарын бохирдлоос ихээхэн нөлөөлж байгааг тэмдэглэсэн юм. Засгийн газрын Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас 1998-2008 оны мэдээлэлд тулгуурлан явуулсан судалгаагаар зүрхний гажигтай төрөх хүүхдийн тоо нэмэгдсэн нь нүүрс шатаахад гардаг азотын болон хүхрийн давхар исэл хэт их байгаатай шууд хамааралтай болохыг тогтоожээ. Мөн насанд хүрэгсдийг үхэлд хүргэж буй таван гол шалтгааны нэг нь амьсгалын замын өвчин бөгөөд сүүлийн таван жилд 45 хувиар өсчээ.

Агаарын бохирдлын түвшин дээд цэгтээ хүрдэг өвлийн улиралд эмнэлгүүд хэт их ачаалалд дарагддаг тухай Баянгол дүүргийн эмнэлгийн уушигны тасгийн эмч Н.Цэндээхүү ярьсан. Жишээ нь тус эмнэлэг  35 өвчтөн хэвтүүлэх нормоо 45 болгож нэмэгдүүлснээс гадна  гадуур эмчлүүлэгчдийн тоо нь хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж агаарын бохирдлыг “сүйрэл” гээд Засгийн газрын агентлагийг үр дүнтэй ажиллахыг уриалсан билээ. 

Дэлхийн банк зэрэг хандивлагч байгууллагууд түлш бага хэрэглэх зуух зохион бүтээх, дулааныг удаан хадгалах материал сайжруулах арга хэмжээ авч, сая сая доллар зарцуулж байгаа нь ямар ч ашиггүй хэмээн зарим эрүүл мэндийн мэргэжилтэн үзэж буй. Судлаач Э.Алтангэрэл “Оршин суугчид сайжруулсан гээд байгаа зуух, түлшийг авах үгүйгээ мэдэхгүй эсвэл худалдан авах бололцоогүй байдаг” гэв.  Шөнийн цагаар 6000 өрхөд цахилгааныг 50 хувь хямдруулж, улмаар цахилгаан халаагуурын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ санаачилга гарсан ч Эрчим хүчний зохицуулах газраас сүлжээний хуваарилалтыг нэмэгдүүлж, сайжруулахад 200 сая ам.доллар шаардлагатай талаар мэргэжлийн хүмүүс ярьж байна.

2010 оны арванхоёрдугаар сард батлагдсан “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хууль”-д шинэ дүрэм журамд захирагдаагүй иргэдийг торгох, харин бохирдлыг бууруулахад оролцож буй хувь хүн болон бизнес эрхлэгчдэд шахмал түлшний үнийг бууруулахаар заасан байна. Хэдийгээр үр дүн хэрэгжилтийн хувьд нэгэнт тогтсон их хэрэглээ болон улсын хязгаарлагдмал нөөцөд том сорилт болох ч Улаанбаатар хотын агаарыг цэвэршүүлэхэд энэхүү хууль үр дүнгээ өгнө гэж ажиглагчид итгэж байгаа. Судлаач Алтангэрэл “Бид нийслэлийн агаарын бохирдлоос үүдэн ямар нэг байдлаар өвчтэй болохоосоо өмнө зарим зохицуулалтын бодлоготой боллоо” гэсэн юм.

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж